Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хөхний хорт хавдраар нас барагсдын тоогоор бид ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ҮҮ?

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Америкийн хорт хавдар судлалын нийгэмлэгийн 2012 оны судалгаагаар эрүүл мэндийн үзлэг оношилгоо тогтмол хийлгэдэг, иргэд нь харьцангуй орлого өндөртэй Дани, АНУ, Өмнөд Солонгос, Нидерланд, Бельги зэрэг улс хорт хавдрын өвчлөл их байжээ. Харин эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж багатай Зимбабве, Малави, Кени, Монгол, Папуа Шинэ Гвинейд нас баралтын хувь өндөр байсан байна.

Харин энэ онд гаргасан судалгаанд 2030 он гэхэд дэлхий даяар хорт хавдраар нас барах эмэгтэйчүүдийн тоо жилд 5.5 сая хүрэх төлөвтэй байгааг дурджээ.

Тэгвэл хөгжингүй орнуудын эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог хөхний хорт хавдраар өвчилсөн хүн бүрэн төгс эмчлэгдэх эсэх нь хавдар аль шатандаа оношлогдохоос ихээхэн хамаардаг аж. Өмнөд Африк, Монгол, Алжир, Энэтхэг зэрэг бага болон дунд орлоготой улс оронд дийлэнх тохиолдолд хөхний хорт хавдар хожуу оношлогддог. Энэ нь цаашид хавдраар нас барах эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх магадлалтайг тайланд онцолжээ.

Тэгвэл хөхний хорт хавдраар нас баралт нэмэгдэх магадлалтай улсуудын нэгт багтсан Монголчуудад энэ өвчин хэр түгээмэл тохиолдож байгаа, ямар нөхцөлд байдалд байгаа талаар бид мэргэжлийн хүмүүс болон хөхний хорт хавдраар өвчилж, эмчилгээ хийлгэсэн иргэний төлөөлөлтэй уулзаж тодруулсан юм.

Хөл гишгих зайгүй бужигналдан байх эмнэлгийн хүлээлгийн танхимд хаана, хэнд хандахаа үл мэдэн самгардах түгшсэн царайтай хүмүүс олон байлаа. Энэ дүр зураг томоохон эмнэлгүүдийн хүлээлгийн танхимд ажиглагдаж байдаг.

Харин ХСҮТ-д өөр нэг анхаарал татсан зураглал харагдах нь үе үе явж өнгөрөх үсээ хусуулсан эмэгтэйчүүд. Хорт хавдрын хагалгааны дараа ямар төрлийн хавдраас шалтгаалаад олон удаагийн давтамжтай химийн эмчилгээ хийлгэдэг. Химийн тариа дуслуудыг хийсний дараа хүний үс, сормуус, хөмсөг гээд бүх хэсгийн үс унаж, арьс нимгэрдэг байна.

Хөхний хавдраар оношлогдож эмчилгээ хийлгэж буй Цэцэгтэй  /нэрийг өөрчлөв/ бид уулзав. Тэрбээр 53 настай. Одоогоос жил гаруй өмнө буюу 2015 оны аравдугаар сард Цэцэгээ хөхний хорт хавдартай гэдгээ мэдсэн бөгөөд тухайн үед "2б" буюу гуравдугаар шат руу тун дөхсөн байжээ.

Цэцэгээ хувийн компанид ажилладаг хоёр хүүхэдтэй, хүүхдүүд нь том болоод тусдаа гарцгаасан болохоор нөхөртэйгөө боломжийн л амьдардаг, нийгмийн дундаж давхаргын төлөөлөл. Түүний хувьд 50 наснаасаа эхлэн жил бүр нарийн шинжилгээ хийлгэдэг байжээ. Тэр 2015 оны нэгдүгээр сард хавдрын шинжилгээ өгөөд эмчээс зүгээр гэсэн хариулт сонсоод гарч байхдаа ямар их баяртай байснаа хэлж байлаа.

Цэцэг “Эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөх тэр дундаа хавдрын эмнэлэгт үзүүлэх гэдэг их дарамттай. Шинжилгээний хариугаа бариад эмчид үзүүлэх гээд дугаарлаж байхад ямар их юм бодогддог гээч. Би зүгээр дээ гэж хүчээр боддог ч айдас байсаар байдаг. Хүсэн хүлээсэн “Та зүгээр, эрүүл байна” гэсэн хариулт үнэхээр сайхан сонсогдоно.

Гэтэл хэдхэн сарын дараа хавдартай болчихсон, хожуу шат руу шилжих гэж байна гэдгийг сонсоод өөртөө итгэдэггүй юм байна лээ. Бараг сар орчим тийм үл итгэсэн байдалтай байсан. Энд тэнд хувийн эмнэлгүүдэд үзүүлнэ, өндөр үнэтэй шинжилгээнүүд өгнө, эцэстээ эвлэрнэ. Ингээд эх хүн, эхнэр хүн, эмээ хүн болохоор гэр бүлийнхэндээ хэдэн жил харагдаж байя. Хагалгаа хийлгэе, эрүүл больё гэж шийдсэн” хэмээсэн юм.

"Хөхний хорт хавдраар өвчлөгчдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог"

2015 оны статистик мэдээллээс харахад хөхний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хавдруудын дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд өнгөрсөн онд 1,802 эмэгтэй хорт хавдрын улмаас нас барсны 64 нь буюу 3.6 хувь нь хөхний хорт хавдраар өвчилсөн байжээ.

ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг “Хөхний хорт хавдар өндөр хөгжилтэй орнуудын эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог, нас баралт өндөртэй хавдарт тооцогддог.

Манай орны хувьд хөхний хорт хавдар нь нийт хортой хавдрын 8 орчим хувийг эзэлдэг бөгөөд 100,000 хүн амд дунджаар 12 хүн өвчилдөг. Жилд 300 орчим хүн шинээр хөхний хорт хавдраар оношлогдож байна" гэлээ. 

Жилд 300 орчим хүн шинээр оношлогдож байна.

Хамгийн харамсалтай нь хөхний хорт хавдраар өвчлөгчдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог. Хожуу буюу 3, 4 дүгээр шатанд оношлогдвол эмчилгээ хийсэн ч төдийлөн үр дүнтэй биш, төгс эмчлэгдэх боломж багатай байдаг.

Хөх ил эрхтэн учраас тэмтэрч, толинд харж хөхөн дотор ямар нэгэн бэрсүү үүссэн эсэхийг шалгах боломжтой. Хөхөнд үүссэн бэрсүү нь хоргүй хавдар, хөхний эмзэгшил өвчнөөс үүссэн буглаа байж болно. Үүнийг үл хайхран тоохгүй явсаар байвал хортой хавдар үүсэх магадлалтай байдаг талаар Б.Ганзориг эмч үргэлжлүүлэн ярьсан юм. 

Нас ахих тусам хорт хавдраар өвчлөх магадлал нэмэгддэг аж. Эмэгтэйчүүдийн хувьд 40-өөс дээш насанд хөхний хорт хавдраар өвчлөх магадлал өндөртэй бөгөөд яг оргил үе нь 65-69 нас юм байна. Гэтэл жирэмсэлж, хүүхэд төрүүлж байгаагүй 20 настай эмэгтэй хорт хавдар туссан тохиолдол байдгийг Б.Ганзориг эмч мөн хэлэв. Энэ нь ховор тохиолдол  хэдий ч залуу бүсгүйчүүд ч хорт хавдар тусч болохыг харуулж байна.

 
Хөхний хорт хавдраар өвчлөхөд нөлөөлөх таван хүчин зүйлст:
  1. Удамшлын хүчин зүйл /Хэдийгээр хортой хавдар удамшлын өвчин биш боловч удамших хандлагатай гэж үздэг. Гэр бүлийнхэн хамаатан садан нь хөхний хавдраар өвчилж байсан бол тухайн хүн хөхний хавдраар өвчлөх магадлалтай/
     
  2. Нөхөн үржихүйн өөрчлөлттэй холбоотой хүчин зүйлүүд /Сарын тэмдэг хэт эрт эсвэл орой ирэх, жирэмснээс хамгаалах эмийг замбараагүй удаан хугацаагаар хэрэглэх, жирэмслэлтийг таслуулах, хожуу төрөх эсвэл огт төрөхгүй байх, хүүхдээ хөхөөрөө хооллохгүй байх гэх мэт нь нөлөөлдөг. Ер нь байгалийн зүй тогтлоос холдоод байх тусам хөхний хавдраар өвдөх магадлал нэмэгдэнэ. Олон хүүхэд төрүүлээд, хүүхдээ хөхөөрөө хоолловол магадлал багасч, үүнээс гажих тусам эрсдэл нэмэгддэг/
     
  3. Хорт зуршилтай холбоотой хүчин зүйл /Нөгөө л архи, тамхи хэрэглэх хорт зуршлууд нь хөхний хорт хавдар үүсэхэд шууд нөлөөтэй хүчин зүйл/
     
  4. Амьдралын хэв маягтай холбоотой хүчин зүйл /Хөдөлгөөн багатай, идэвхгүй, илүүдэл жинтэй хүмүүст илүү нөлөөлдөг. Мөн шөнө байнга нойргүй хонодог, нойрны дэглэм алдагддаг хүмүүс хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй/
     
  5. Хөхөнд үүссэн өөр өвчлөлүүд болон хоргүй хавдар удаан хугацаагаар эмчлэгдэхгүй явбал хортой хавдар үүсэх эрсдэлтэй.

"Эмчилгээ хийлгээд эхэлсэн л бол эрүүл болно гэдэгтээ бат итгэлтэй байх хэрэгтэй"

Энэ өвчнөөр оношлогдсон Цэцэг хэрхэн эмчилгээ хийлгэж, эрүүл болсон талаар ярилцсанаа хүргэе.

- Таны хувьд 2015 оны нэгдүгээр сард хавдрын шинжилгээ өгөхөд эрүүл гэж гарсан хэрнээ аравдугаар сард нь хоёрдугаар шатандаа орчихсон бүр гуравдугаар шат руу шилжих болтлоо хүндэрсэн байсан гэх юм. Ийм богино хугацаанд үүсч, хүндэрсэн гэсэн гэсэн үг үү?

- 2015 оны нэгдүгээр сард ХСҮТ-д шинжилгээ өгч цээжний хөндийн зургаа авхуулаад эмчид үзүүлсэн. Эмчид үзүүлж байхдаа зүүн хөхний дээд талд жижигхэн хатуу зүйл байгааг хэлэхэд тэмтэрч үзээд "Хөхөө ширгээхдээ буруу ширгээснээс болоод ийм бэрсүү үүссэн байх" гэсэн. Тухайн үедээ за тийм байх гээд л тайвширчихсан.

Ингээд зуны саруудад амраад намар аравдугаар сард хувийн эмнэлэгт цээжний зургаа авхуулж, эмчид үзүүлтэл зурган дээр нэг хар юм гараад ирсэн. Эмч нэгдүгээр сард авхуулсан болон сүүлд авхуулсан цээжний хөндийн зургийг харьцуулаад харуулахад нэгдүгээр сард авхуулсан зурган дээр жижигхэн хэмжээтэй цайрч гарсан байсан хэсэгт арай том хар зүйл бий болсон байсан.

Эмч "Та тогтмол шинжилгээ өгөөд явдаг хүн байж яагаад ийм хожуу оношлогдов" гэж гайхаж байлаа. Тухайн үедээ нэгдүгээр сард оношлогдоод эмчилгээгээ эхэлсэн бол хүндрэхгүй байх байсан болов уу гэсэн харамсал төрж байсан ч нэгэнт оношлогдсон юм чинь яаралтай л эмчлүүлье гэж шийдсэн.

Хамт эмчлүүлж байсан хүмүүсийн дунд хувийн эмнэлэгт үзүүлээд онош нь тогтоогдоогүй хэрнээ ХСҮТ-д оношлогдсон хүмүүс ч бас байсан. Тэгэхээр нэг шинжилгээний хариу, нэг эмчийн үзлэгт итгэж бас болохгүй юм байна даа гэсэн бодол төрж байлаа.

- Жилийн өмнө хагалгаанд орсон гэж байсан. Хагалгааны дараа бас химийн, туяа эмчилгээ гээд урт хугацааны туршид эмчилгээтэй байдаг байх аа. Таны эмчилгээ дууссан уу?

- Тийм ээ. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 17-нд хагалгаанд орсон. Эмчилгээний тухайд хагалгаа, химийн эмчилгээ, туяа эмчилгээ гэсэн гурван шатлалтай явдаг юм байна лээ. Өөр сонголтгүй тийм л эмчилгээ хийлгэнэ.

Хагалгаанд орохоор шийдэхийн өмнө хувийн эмнэлгүүдэд бас үзүүлсэн. Тэд ХСҮТ-тэй адилхан л эмчилгээ санал болгодог.

Ингээд яаралтай хагалгаанд ороод, үргэлжлүүлээд химийн эмчилгээг 21 хоногийн зайтай зургаан удаа хийлгэсэн. Дараа нь туяа эмчилгээнд 25 удаа явсан. Ерөнхийдөө туяа эмчилгээ дуусахад эмчилгээ дууслаа гэж үздэг юм байна лээ.

Үүний дараа өөрөө бие дааж хийх физик эмчилгээг зааж өгдөг. Хөх гэдэг эрхтнээ авхуулчихаж байгаа болохоор түүнийг орлох дасгалыг өдөр бүр насан туршдаа хийх хэрэгтэй. Эмч бол өдөрт 30 минут хийхийг зөвлөдөг. Дасгалаа хийхгүй байсан хүмүүсийн гар бүхэлдээ хавдчихдаг юм байна лээ.

- Хувийн эмнэлгүүдэд үзүүлж байсан ч эцэстээ ХСҮТ-д хандсан гэлээ. Манайхан бас их гадагшаа явж эмчлүүлж байна. ХСҮТ-д хандах эцсийн шийдвэрээ хэрхэн гаргасан бэ?

- Гадагшаа явах талаар бас бодсон шүү. Гэхдээ судлаад адилхан өвчтэй хүмүүстэй ярилцаж байхад хамаг хөрөнгөө зараад гадагшаа эмчилгээнд очтол хагалгаа хийгээд амжилтгүй болох, эсвэл эх орондоо бага зардлаар эмчлэгдэх боломжтой байсан гэх мэт олон тохиолдол байсан.

Тийм учраас эх орондоо л эмчлүүлье гэж шийдсэн. Хувийн эмнэлэгт нэг шинжилгээ хийлгээд ганц хоноод гарахад 300,000 төгрөг болчихдог. Олон хоногоор эмнэлэгт хэвтэх, удаан хугацааны туршид эмчилгээ хийлгэх шаардлагатай тэр болгонд маш их зардал гарахаар байсан. Тэгэхээр эцэстээ ерөөсөө л улсын мэргэшсэн эмнэлэгтээ эмчлүүлэх нь хамгийн зөв юм байна гэж шийдсэн.

ХСҮТ-ийн эмч нар маш сайн. Эмч, сувилагч нарын мэдлэг, чадвар хагалгаа, хагалгааны дараах эмчилгээний үнэхээр өндөр түвшинд байгаа нь харагддаг. Тэр химийн эмчилгээний сувилагч нар ямар өндөр чадвартай гээч.

Улсын эмнэлэгт ганц л сул тал бий.

Улсын эмнэлэгт ганц л сул тал бий. Тэр нь эмч хэнтэй ч тухтай уулзаад, тулж ажиллаад, зөвлөгөө өгөөд байх боломжгүй. Та хурдхан үзүүлээд шинжилгээний хариугаа харуулаад, дараагийн эмчилгээгээ бичүүлээд л гарна. Дараагийн хүмүүс корридор дүүрэн дугаарлаад л байж байдаг.

Улсын эмнэлгээр эмчлүүлж байгаа хүмүүс ерөөсөө бие биенээсээ мэдээлэл авдаг. Наад зах нь химийн эмчилгээ хийлгэхээр хүн цагаан эсээ алдаад эхэлдэг. Тэгвэл цагаан эсээ алдахгүй байхын тулд эм тарианаас гадна юу идэх ёстой юм бэ гэдгийг бие биенээсээ л сонсож суралцдаг.

- Химийн эмчилгээ хийлгэх явцад үс их унадаг учраас үсээ хусдаг гэж байсан. Үс гэдэг эмэгтэй хүнд ямар чухал байдаг билээ. Үс тань унах үед сэтгэл санаагаар унах үе байсан л байх даа?

- Тэгэлгүй яахав. Зүгээр ажлаа хийгээл явж байсан хүн шоконд ордог юм байна лээ. Химийн эмчилгээ гээд маш олон тариа дусал хийдэг. Улаан өнгийн дусал залгуулчихаад сууж байхад их эвгүй мэдрэмж төрдөг шүү.

Маш хортой олон химийн бодис хийж байгаа учраас дотор эрхтнүүдийг хамгаалах, хордлого тайлах эмчилгээ бас давхар хийдэг. Нэг удаад 7-8 цаг тасралтгүй дусал, шингэн хийлгэдэг байсан.

 

Химийн эмчилгээ эхлэхээр үс унадаг гэдгийг сонссон ч гайгүй байх аа гэсэн бодолтой байсан. Ер нь бүх хүн тийм бодолтой байдаг юм байна лээ. Гэтэл эхний эмчилгээнд ороод л шууд хүрэх төдийд туг тугаараа бөөнөөрөө унаад эхэлсэн. Хэн ч гэсэн хаа явсан газраа үсээ хөглөрүүлээд явахыг бодохгүй шүү дээ. Тэгээд л үсээ хусаад хиймэл үс зүүж эхэлсэн дээ. Өвөл болж байсан болохоор хиймэл үс дулаандаа ч нэмэртэй байсан /инээв/.

Зургаан удаагийн химийн эмчилгээ дуусаад шууд л үс ургаад эхэлдэг юм байна лээ.

Сэтгэл санааны хувьд анх хавдартай гэдгээ сонсож байсныг бодвол арай тайвширсан. Эмчилгээ хийлгээд эрүүл болно гэсэн итгэлтэй болчихсон байсан. Ерөөсөө хүн сэтгэлийн амьтан учраас эмчилгээ хийлгээд эхэлсэн л бол эрүүл болно гэдэгтээ бат итгэлтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь биеэ нөөж, өөрийгөө олон нийтээс тусгаарлаж  болохгүй. Өвчтэй байх үед гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон л хамгийн их дэм өгдөг. Тэд нар маань намайг дэмжиж байхад би заавал эрүүл болох ёстой гэж бодох хэрэгтэй.

- Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст хамгийн түгээмэл тулгардаг асуудал санхүүгийн бэрхшээл байдаг. Таны хувьд одоо эргээд тооцоход хэчнээн төгрөг эмчилгээндээ зарцуулсан байна вэ?

- Миний хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд эмчилгээндээ 50-60 сая төгрөг зарцуулсан.

Би ойлгохдоо хөхний хавдрыг үүсгэгч хоёр үндсэн хүчин зүйл байна гэж ойлгосон. Нэг нь гормоны хүчин зүйл юм шиг байгаа юм. Миний шинжилгээний хариугаар HER-2 гэдэг зүйл эерэг (positive) гарсан. Энэ нь гормоны хүчин зүйлээ бодвол ховор тохиолддог бөгөөд хавдар дахих магадлалтай учраас Herceptin гэдэг тариаг жилийн турш 17 удаа хийлгэвэл дахихгүй гэж эмч маань зөвлөсөн юм.

Ингээд тэр тариагаа хайж эхэлсэн дээ. Монголд худалдаалдаггүй, гадны орнуудад 1,000-1,500 ам.долларын үнэтэй байдаг тэр тариаг хүү маань удаан хугацаанд судалж хайсны эцэст Энэтхэгээс нэг бүрийг нь дунджаар 1,000 ам.доллараар захиалж авсан. Тэгэхээр Herceptin гэдэг тариа маань л 30 гаруй сая төгрөг болсон. Сүүлийнхээ Herceptin тариаг саяхан арваннэгдүгээр сарын 21-нд хийлгэж дууслаа.

Дээр нь химийн эмчилгээний 50 хувийг өөрөөсөө төлнө. Бусад шаардлагатай эм тариагаа авахад сард дор хаяж 300,000 төгрөг зарцуулж байсан.

Уг нь дэлхий нийтээр минийх шиг хавдартай хүмүүс Herceptin тариаг хийлгэж байгаа ч өндөр үнэтэй учраас улс худалдаж авах боломжгүй байдаг юм байна лээ.

- Та ажлаа хийж байгаа юу, эмчилгээний явцдаа ажлаа хэрхэн зохицуулж байв?

- Ажлаа хийж байгаа. Химийн эмчилгээнд 21 хоногт нэг удаа орно. Нэг удаа эмчилгээнд ороход гурав хоног зарцуулдаг. Эхний өдөр химийн дуслуудаа хийлгээд дараагийн 1-2 өдөр хордлого тайлах дуслууд хийлгэнэ. Ингээд дөрөв дэх өдрөөс зүгээр болчихдог. Тиймээс ажлаа хийж л байх хэрэгтэй.

Миний хувьд олон улсын байгууллагад ажилладаг. Ажлын хамт олон маань ойлгож дэмжиж байсан учраас ажлаа зохицуулаад болоод байсан.

- 20-30 насныхан бас хорт хавдраар өвчилсөн байгаа нь ажиглагдаж байсан?

- Би хавдар гэдэг харьцангуй 50-аас дээш насныханд тохиолддог гэж бодож байсан ч хамт эмчлүүлж байгаа хүмүүсээ харахад залуухан охидууд олон байсан.

40 гаруй настай эмэгтэйчүүд дийлэнх нь. Миний хувьд хоёр охинтой найз болсон тэр хоёр маань 30 гаруй настай. Хамт эмчлүүлж байсан хүмүүсээ манай ангийхан гэж ярьдаг юм. /инээв/ Тэгээд л ангийнхантайгаа байнга холбоотой байгаад нэг нэгэндээ зөвлөгөө мэдээлэл өгөөд явна даа.

- Баярлалаа. Танд танай ангийнханд эрүүл энхийг хүсье.


Хөх бол ил эрхтэн та өглөө бүр нүүрээ толинд хардаг шигээ хөхөө толинд хараад тэмтэрч үзээд, ямар нэгэн өөрчлөлт бэрсүү байгаа эсэхийг шалгаж байхыг эмч зөвлөдөг.

Хүн байгалийн зүй тогтлоос гажих буюу удаан хугацаагаар жирэмслэхгүй байх, хүүхдээ хөхөөрөө хооллохгүй байх нь хөхний хорт хавдраар өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг гэдгийг дахин сануулъя. Гэхдээ хүүхдээ хөхөөр хооллох тохиолдолд хөхний эмзэгшлийг (Монголчуудын ярьдгаар горьдох) хүндрүүлэхгүй байх хэрэгтэй. 

Ахимаг насны эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилт явагдах, сэтгэл санаа тогтворгүй болох тохиолдол гардаг. Тухайн үедээ витамин уугаад хэсэгтээ тайвширдаг. Гэтэл хүн шалгаангүйгээр ядардаггүй. Заавал ямар нэгэн шалтгаан байгаа. Тиймээс хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нь нэмэгдэж байгаа 40-өөс дээш насныхан тогтмол эмчийн үзлэгт хамрагдаж, нарийн шинжилгээ өгч байх шаардлагатай аж. Энд бас л нэг зүйлийг сануулахад хавдар улам бүр залуужиж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. 

Хамгийн сэтгэл эмзэглүүлэм нь жил бүр шинжилгээ өгөөд, эмчид үзүүлээд явсан ч оношлогдохгүй байх эрсдэл байсаар байна. Тэгэхээр хувь хүн л өөрийнхөө эрүүл мэндэд онцгой анхаарч хэд хэдэн эрүүл мэндийн байгууллагад хандан шинжилгээ өгч байх шаардлага тулгарч байна. Түүнээс биш бид эрүүл мэндийн салбарын өндөр хөгжлийг хүлээгээд өөрсдийн эрүүл мэндээ гаргуунд нь гаргаж болохгүй билээ.