Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн ойрын хэдэн жилд болоогүй өрсөлдөөнтэй өрнөж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн спортын хамгийн том үйл явдал нь Нью-Йорк хотод өрнөж байгаа дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Дэлхийн аваргын титмийг Норвегийн Магнус Карлсен, Оросын Сергей Карякин нар булаацалдаж байгаа юм.

Нэг үгээр хэлбэл Өрнө-Дорнын тулаан гэж болох энэ тэмцээнд 2013 оноос хойш дэлхийн аваргын титмийг тасралтгүй зүүж байгаа Норвегийн Карлсен аваргаа хамгаалах зорилготой ирсэн. Харин Оросын Карякин шинэ аварга болох зорилготой.

 

Дүрэм ёсоор 12 тоглолт дараалан хийсний дараа 6.5 оноо авсан нь дэлхийн аварга болох юм. Гэтэл Карлсен-Карякиний эхний 7 тоглолт тэнцээгээр өндөрлөж тус бүр 3.5 оноотой болоод байв. Тэнцэх бүрт 0.5 оноо авдаг.

Ингэснээр сүүлийн 20 гаруй жил дэлхийн аваргад үзэгдээгүй удаан үргэлжилсэн тэнцэл тохиолдол болж байна.

Харин найм дахь тоглолтонд Карякин анхны ялалтаа авсан бол ес дэхь тоглолтод дахин тэнцэж, өчигдөр болсон 10 дахь тоглолтод Карлсен яллаа.

Үүний дараа тэдний онооны харьцаа 5:5 болоод байгаа юм.

 

Маргааш буюу Бямба гарагт тэд 11 дэх тоглолтоо хийж, Даваа гарагт эцсийн 12 дахь тоглолтоо хийнэ. Хэрвээ сүүлийн тоглолтын дараа онооны харьцаа тэнцүү хэвээр байвал нэмэлт тоглолт хийж аваргыг тодруулах юм.

Тэмцээний шагналын сан $1 сая бөгөөд ялагч нь 60 хувийг, ялагдагч нь 40 хувийг авах ажээ.

Тэмцээн маш их өрсөлдөөнтэй болж байгаагийн илрэл нь Карлсен эхний ялагдлаа авсны дараа гаргасан үйлдэл юм. Тоглолт бүрийн дараа өрсөлдөгчид хэвлэлийн бага хуралд орж хэрхэн тоглосон талаараа ярьдаг.

Гэтэл энэ өдрийн хуралд суухад тун хэцүү байсан тул Карлсен эхлэхээс нь өмнө орхин явжээ. Дүрэм ёсоор ингэвэл авах шагналынхаа 10 хувиар торгуулдаг гэнэ.

Энэ жилийн дэлхийн аварга Даваа гарагт эцэслэн тодрох нь гарцаагүй боллоо. Шинэ аварга төрөх үү, хуучин аварга титмээ хадгалж үлдэх үү гэдгийг дэлхий нийтээр чих тавин хүлээсээр байна.

 

Эх сурвалж: Independent