Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Улс тунхагласны баярыг тохиолдуулан шилдэг гурван залуу эрдэмтэнд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олголоо

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 24
iKon.MN
 

Гэрэл зургийг mpa.mn

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт:

“Хүрээлэн буй байгаль орчинд удаан хугацаанд хуримтлагдан, улмаар хүн, амьтны бие организмд нөлөөлж янз бүрийн өвчин эмгэгийн шалтгаан болдог элементүүдийн байрлал, агууламжийг тодорхойлох, тэдгээрийн тархалтыг бууруулах технологийн арга шийдлийг олоход үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол орны хээрийн бүс нутаг, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөн дэх хлорт органик пестицид, полихлорт бифенил болон хүнд металлын тархалтын онцлог шинж” сэдэвт суурь судалгаа гүйцэтгэсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Отгонбаярын Хүрэлдаваа,

Хүний хэвлийн гол судасны цүлхэн өвчин үүсэх молекулын механизмыг тодорхойлсон судалгаа хийж остеопротегерин хэмээх уураг нь хэвлийн гол судасны цүлхэн өвчин үүсэхээс сэргийлдэг болох талаар анагаах ухааны салбарт шинэ нээлт хийсэн Япон улсын Хирошима их сургуулийн Биоанагаах ба Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн туслах профессор, доктор Батмөнхийн Бумдэлгэр,

Хэлний дотоод зүй тогтлын үүднээс буруу үүссэн үг, нэр томьёог илрүүлж, түүнийг хэрхэн засаж залруулах талаар оновчтой санал дэвшүүлэн, монгол хэлний үг бүтэх нийтлэг загварыг боловсруулсан “Орчин цагийн монгол хэлний үг бүтээх дагаврын байрлалын судалгаа” сэдэвт шилдэг бүтээл туурвисан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Жавзандуламын Ганбаатар нарт шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.

 
 
 
 
 
 

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ “Шилдэг залуу эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагналыг залуу эрдэмтдийн онцгой ажлыг үнэлэн сая гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал бол үлгэрлэм жишгийг тодорхойлох шагнал юм. Эдгээр залуу эрдэмтдийн гаргасан амжилт одоо Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын салбарт жишиг болж тогтох ёстой.

Шагналаар дамжуулан бүх залуу эрдэмтэн, судлаачдыг ийм амжилтад уриалан дуудаж байгаа хэрэг юм.

 

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бол хүн бүхний хийж чаддаг амар ажил биш. Улс орны хөгжил, дэвшлийн суурь нь эрдэм шинжилгээ, судалгаа байдаг. Мөн өнөөдөр Шинжлэх ухааны ажилтны өдөр болж байна. Тийм учраас Монголынхоо нийт судлаачид, эрдэмтдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэлээ.

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар оролцлоо.

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгох журамд:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг жил тутам шинжлэх ухааны салбарын 3 хүртэлх ажиптанд олгоно.
  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээл нь онол - арга зүйн түвшин, хэрэглээний өгөөжөөрөө тэргүүлж шинжлэх ухааны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан 35 хүртэлх насны Монгол Улсын иргэнийг шагнана.
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал нь Ерөнхийлөгчийн өргөмжлөл, 2,000,000 (хоёр сая) төгрөгийн дагалдах мөнгөн урамшуулал байх бөгөөд жил бүр Бүгд Найрамдах Улс тунхагласны баярыг тохиолдуулан Төрийн ордонд гардуулна гэж заасан байдаг.