Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д. Зургаанжин: “Бүрэн Цутгамал” ХХК-ийн хариуцлагагүй үйлдлээс болж “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг бүтэн 3 жилийн дараа ашиглалтад орууллаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

-“Сант” сургуулийн өргөтгөлийн барилга энэ жил ашиглалтад оржээ. Гэхдээ барилга ашиглалтад орохгүй гурван жил болсон нь ямар шалтгаантай вэ?

-Манай сургууль 2013 онд “Дельта констракшн” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбатад барилгаа бариулахаар хандахад тус компаний охин компани гэх “Бүрэн цутгамал” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвлөж, харин “Дельта констракшн” ХХК инженерийн хяналт, барилгын тоног төхөөрөмжөөр хангахаар тохиролцсон. Гэтэл “Бүрэн цутгамал” ХХК барилгын гэрээгээ цуцалж, ажлаа хийж дуусгалгүй орхиж явсан. 

Мөн “Бүрэн цутгамал” ХХК дотор цахилгааны ажлыг зургийн дагуу хийгээгүйн улмаас шинжээчийн дүгнэлт гарах шаардлагатай болсон.

Түүгээр ч зогсохгүй манай сургуулиас 2013 оны 10 дугаар сард тодорхой баримтгүйгээр 490 гаруй сая төгрөгийг нэхэмжилж 2 жилийн турш 5 удаагийн шүүх хурлыг хойшлуулж, 2015 оны 10 дугаар сард болсон шүүх хурал дээр нэхэмжлэлээ өөрсдөө татаад авчихсан.

-Тэд яагаад гэнэт барилгын ажлаа орхисон юм бэ. Танай сургууль төлөх ёстой төлбөрөө бүрэн төлж байсан уу?

-“Бүрэн Цутгамал” ХХК-ийн төлбөр тооцоог гэрээний дагуу бүрэн төлсөн. Харин ч бид гэрээний нөхцөлөө хөнгөвчилж төлбөрийг тухайн ажлыг гүйцэтгэж дуусахаас өмнө өгдөг байсан. 

Тухайн үед 1 тонн арматурын үнэ дунджаар 1 сая 250 мянган төгрөг байхад “Бүрэн Цутгамал” ХХК-ийн гаргасан төсвийн дагуу 1 тонн арматурын үнийг 3 сая орчим төгрөгөөр тооцож төлсөн.

-“Бүрэн цутгамал” ХХК дотор цахилгааны ажлыг зургийн дагуу хийгээгүй гэсэн. Тэр ажлыг яасан бэ?

-Энэ жил “Монхорус Электрик” ХХК-тай гэрээ хийж, дотор цахилгааны ажлыг дахин хийлгэж, зургийн дагуу болгон шинээр гүйцэтгүүлж хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө өргөтгөлийн барилгаа ашиглалтанд оруулсан.

“Бүрэн Цутгамал” ХХК-ийн хариуцлагагүй үйлдлээс болж “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг бүтэн 3 жилийн дараа ашиглалтад орууллаа. 

-Та хохирлоо барагдуулахаар шүүхэд хандсан уу?

-Шүүхэд хандсан. Манай сургуулийн зүгээс бүх асуудал Монгол Улсын хуулийн дагуу, шударга шийдэгдэнэ гэж найдаж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.


Дүгнээд хэлэхэд барилгын ажлаа бүрэн гүйцэд хийлгэж чадаагүй хохирсон жишээ үүгээр зогсохгүй. Олон газрууд энэ мэтээр хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа алдсан байдаг юм билээ. 

Хууль, шүүхийн байгууллагын асуудал шийдвэрлэх хугацаа, барилгын ажил захиалагч талын хэрэгцээ шаардлагаар далимдуулан энэ мэтээр ажил цалгардуулж, хэвлэл мэдээллийн байгууллага ашиглан бусдын нэр хүндэд халддаг, эд хөрөнгө, сэтгэл санаанд нь хохирол учруулдаг барилгын компаниудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал барилгын салбарт тулгарчээ. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.