Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цогтбаяр: Багшийгаа бодож, үгүйлсэн сэтгэлээр л “Харанхуй хад” зохиолыг барьж авсан

Б.Даваахүү
2016 оны 11 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан “Харанхуй хад” кино өнөөдөр IMAX кино театрт нээлтээ хийх гэж байна. Тиймээс уг киноны найруулагч Монголын Үндэсний кино академийн тэргүүн, урлаг судлалын доктор профессор Б.Цогтбаярыг урьж ярилцлаа.

-Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд “Харанхуй хад” кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Киног хийх болсон талаараа яриач?

-Орчин цагийн Монголын уран зохиолыг үндэслэсэн хүн бол яах аргагүй Д.Нацагдорж агсан гэж би боддог. Өнөөдөр түүний мэндэлсний 110 жилийн ойн өдөр тохиож байна. Их зохиолчийн тухай миний багш Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжиннямын бүтээсэн “Саруул талын ерөөл"-өөс өөр дэлгэцийн бүтээл байдаггүй.

Тиймээс “Харанхуй хад” киногоо багшийнхаа гэгээн дурсгалд зориулан бүтээсэн хэрэг л дээ. Б.Балжинням багш маань өнгөрсөн оны есдүгээр сард таалал төгсч, Монголын кино урлагийн салбарт маш хүнд гарз тохиосон. “Мандухай сэцэн хатан”, “Чингис хаан” зэрэг олон сайхан киногоор нь монголчууд багшийг минь андахгүй мэднэ.

Заримдаа ажлын өрөөнийхөө цонхоор харах үед, багшийн амьдарч байсан байрных нь цонх их л тод харагддаг юм. Тэгээд яагаад ч юм багшийнхаа гэгээн дурсгалд зориулан кино бүтээхээр шийдэж билээ. 1985, 86 оны үед намайг Москвад сурч байхад Б.Балжинням багш Р.Доржпалам гуайтай хамтран “Саруул талын ерөөл” киног хийсэн байдаг. Гэхдээ тухайн үед нэг намын үзэл суртал, дарангуйлал ноёрхож байсан учир олон сайхан үзэгдэл, санаануудыг нь хүчээр хасуулсан байсан юм.

Хүнээр бол дөрвөн мөчийг нь авчихсан гэсэн үг шүү дээ. Багш маань хааяа надтай хууч хөөрөхдөө тэр талаар ярьдаг байж билээ. Багшийгаа бодож, үгүйлсэн сэтгэлээр л их зохиолч Д.Нацагдоржийн бүтээлийг барьж авахаар шийдсэн. Түүнээс хойш судалгаа хийж, зохиолууд, судлаач эрдэмтдийн судалгааны бүтээлүүдийг уншиж, бүтэн жил дуншсаны эцэст киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.

-Зохиолч Д.Нацагдоржийн бүтээлийг монголчууд андахгүй мэднэ. Олон ч сайхан зохиол бий. Гэхдээ тэдгээрээс та яагаад заавал “Харанхуй хад”-ыг сонгосон юм бэ?

-Д.Нацагдорж агсан яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжгийн зохиол гэх мэтээр маш олон төрлөөр уран бүтээлээ туурвиж байсан. Тэр дундаа түүний “Харанхуй хад” зохиолыг унших тусам өөр өөр санаа харагддаг. Бухимдах, баярлах, уйтгарлах, уйлах гэх мэт сэтгэлийн ямарваа нэг хөдлөлтэйгөөр унших болгонд л өөр өөр сэтгэгдэл төрдөг сонин зохиол.

Нэг талаар зүүд ч юм шиг, эсвэл Д.Нацагдоржийн мөрөөдөл, зөн совин ч юм шиг өвөрмөц, сонгодог хэлбэрээр бичигдсэн бавдаг юм. Дэлхийн алдартай Эдгар Погийн “Алтан цонх” зэрэг зохиолуудыг Д.Нацагдорж орчуулсан байдаг. Тэр утгаараа ч юм уу, бичлэгийн арга барил нь зохиолч Эдгар Погийнхтой төстэй юм шиг санагддаг. Миний бодлоор “Харанхуй хад”-ыг хайгаад байгаа хүн нь зохиолч өөрөө байх. Цаашлаад Балжинням багш, уран бүтээлч хүнийг дүрсэлсэн юм шиг санагдсан.

Харин тэрхүү хайгаад байгаа зүйл нь уран бүтээл юм байна гэж ойлгож, энэ зохиолыг барьж авлаа. Өөрөөр хэлбэл, урлагт хүрэх цэг гэж байдаг бол түүн рүү тэмүүлж буй уран бүтээлч хүний дүр төрх энэ зохиолоос ханхалдаг юм. “Харанхуй хад”-ыг эхлэлээс нь төгсгөл хүртэл бүтэн зургийг нь авсан.

Хамгийн сүүлийн Инатайгаа уулзаж буй хэсэг хүртэл дунд нь шигтгээ хийж, Д.Нацагдоржийн ганцаардал, цөхрөлийг харуулсан. Хорвоод энэ хүн 31 насалсан гэхэд ямар их өвийг хойч үедээ үлдээж, ямар их эрмэлзэлтэй, нугаршгүй хүн байсныг өгүүлэх юм. Германаас татагдаж ирснийхээ дараа Пагмадуламаасаа салснаас хойш ерөнхийдөө амьдрал нь уруудан, доройтож байсан. Гэхдээ яг тэр үед нь түүний сор болсон бүтээлүүд нь бичигдсэн байдаг.

Миний ажигласнаар Д. Нацагдорж судлаачид нэгдсэн нэг ойлголтод хүрч чадаагүй юм билээ. Одоо болтол түүнийг хаана, хэзээ, хэн нутаглуулсан нь ч тодорхойгүй. Тэр байтугай Цэрэндулам гэдэг охин нь үнэхээр байсан эсэх нь ч эргэлзээтэй.Төрсөн газар нь гэхэд л хэд хэдэн газар байх жишээтэй. Би кинондоо түүнийг уран бүтээлч гэж үзүүлээгүй.

Миний кино гарсан, гараагүй алдартай зохиолуудыг нь Монголын ард түмэн бүгд л мэднэ. Гэхдээ энэ хүн чухам ямар хүн байсан юм бэ гэдгийг хүн чанарыг нь л би барьсан. Хувь хүн ямар зам туулсан, юунд зөрчилдөж, ээдэрч байсныг харуулахыг зорилоо. Гэхдээ энд зориуд хэлэхэд, тэр их зовлонг туулахдаа Д.Нацагдорж хэзээ ч гутраагүй юм шүү. Энэ бүгдийг киногоороо дамжуулан хүргэхийг зорилоо. Харин үзэгчид дор бүрнээ дүнгээ тавих байх.  

-Ta киноныхоо зарим содон шигтгээнээс манай уншигчдад сонирхуулаач?

-Их зохиолчийн эцэг Дашдорж гэдэг хүнийг анх удаагаа дэлгэцэд дүрслэх гэж оролдсон байгаа. Нацагдорж агсныг таван настай байхад нь Алтангэрэл гэх тэр үеийн өндөр бичгийн соёлтой хүнд шавь оруулж байснаар нь дүрсэлсэн.

-Багаа хэрхэн бүрдүүлэв. Мөн дүрийн сонголтын хувьд?

-Кино урлаг өөрөө дүрслэлийн болоод нийлмэл урлаг шүү дээ. Тиймээс баг бүрдүүлэлт чухал байр суурь эзэлдэг. Би нэлээд удаан бодож, харсны эцэст шинэ залуу үеэ дэмжиж, урам өгөх үүднээс “Зохиомж” дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн Г.Баярхүү, Н.Ариунжаргал нарын залуу жүжигчдийг гол дүрд сонгосон. Хөгжмийн зохиол дээр Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн ерөнхийлөгч Х.Алтангэрэл, зураглаачаар “Зохиомж” дээд сургуулийн ур чадварын багш Б.Лхагвадорж нар ажиллалаа.

Б.Лхагвадорж бол Монголын кино урлагт хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хүн шүү дээ. С.Энхмөрөн мөн оператороор ажилласан. Залуу хүний нүдээр сонин сонин шийдлүүд гарч ирдэг юм билээ. Ерөнхий зураачаар О.Нямдаваа ажиллалаа. Түүнийг би Монголын хамгийн чадварлаг зураач гэж бардам хэлнэ. 40-50 уран бүтээл хийчихсэн, тэр дундаа түүхэн кинонд гаршчихсан хүн байгаа юм.

-Кино аль кино театрт нээлтээ хийх вэ?
    
-Шангри-Ла зочид буудлын дөрвөн давхарт байрлах IMAX-р нээлтээ хийнэ.

-Монголын кино урлаг эрчимтэй хөгжиж, кино зах зээл дэх өрсөлдөөн ширүүсч байгаа гэдэгтэй та уран бүтээлч хүнийхээ хувьд санал нийлж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Би өөрөө Монголын Үндэсний кино академийн тэргүүнээр ажилладаг. Академи байгуулагдаад ес дэх жилтэйгээ золгож байна. Манай академид хөгшин, залуу бүхий л үеийн төлөөлөл багтдаг. Кино гарах тусам чанаржина гэдэг үнэн. Надаас олон хүн “Бараг өдөр бүр л шинэ кино нээлтээ хийх юм” гэж асуудаг. Хийг л дээ.

Аяндаа шигшигдэнэ. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр аль ч урлаг хоёр янзаар хөгжиж байна. Нийтийн соёлыг дагасан нэг хэсэг байхад, нийгмийн тодорхой хэсэг бүлэгт зориулсан урлагийн бүтээл хийж буй уран бүтээлчид ч бий. Чадвартай найруулагч, оператор, хөгжмийн зохиолч, зураачид шинэ шинэ жүжигчид олноор төрж байна. Энэ бол том дэвшил. Сүүлийн үед манай кино урлаг эрчимтэй хөгжиж байгаа. Яах вэ, эцэстээ өрсөлдөөний зарчмаараа шигшигдэнэ шүү дээ.

-Шуудхан асуучихъя. Монголын Үндэсний кино академи жил бүр салбарын шилдгүүдээ тодруулдаг. Гэхдээ энэ жилийн наадмын үеэр “Хувьсал” продакшныхан сэтгэл дундуур үлдсэн. Түүнийгээ ч илэрхийлж байсан удаатай. Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна?

-Ер нь аливаа уралдаан тэмцээн хүн бүрд таалагдах албагүй. Шагналгүй хоцорсон нь гоншигнодог нь угаасаа монголчуудын зан. Хамгийн гол нь уран бүтээлчид салбартаа манлайлж, эсвэл сүүл мушгиж явна уу гэдгээ олж мэдэж байгаа нь л энэ наадмын гол утга учир нь шүү дээ. Бид ирсэн бүтээл бүрийг хүлээж аваад байдаггүй.

Кино ч гэсэн урлаг. Нэг зүйлийг энд онцолмоор байна. Хийх гэсэн зүйлээ олигтой хий. Хэн ч түүн дээр чинь юм ярихгүй. Ялангуяа манай шүүгчдийн бүрэлдэхүүнтэй өнөөдрийг хүртэл хэн ч маргалдаж байгаагүй. Үүнийг би баттай хэлнэ. Учир нь шүүгчдийн бүрэлдэхүүнд хийсэн юмтай, хэлэх үгтэй, туршлагатай, хүн чанартай хүмүүс багтдаг юм.

Монгол киночдынхоо бүтээлийг дэлхийд гаргахын тулд бид академиа анх байгуулсан. Монголчууд олимп, тив дэлхийн аваргатай боллоо. Бидний уран бүтээл Канн, Венец, Оскарт өрсөлдөх хэрэгтэй шүү дээ. Гэвч бидэнд гагцхүү мөнгө л дутагдаж байна.

Зураг