Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

"АН-ын дарга нэгдүгээр сарын 20-н хавьцаа сонгогдох байх"

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 11 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордны Их танхимд болж буй АН-ын ҮЗХ-ны хурал 70 хувийн ирцтэйгээр эхэлсэн билээ. ҮЗХ-ны хуралд оролцож байгаа гишүүдийн байр суурийг товчлон хүргэж байна. 


Д.Ганхуяг: Намын даргыг сунгаагаар сонгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн

 
Гэрэл зургийг mpa.mn

-Та энэ удаагийн хуралд ямар саналтай ирэв?

-ҮЗХ-ны хурал өмнө нь хуралдчихсан байсан. Бид бүхэн нэгдүгээрт, намын дүрмээ шинэчлэх, хоёрдугаарт, арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлын тэргүүлэгчдээ сонгох асуудлыг хэлэлцэнэ. 

Үүний дараа арванхоёрдугаар сарын 6-наас дүрмээ шинэчилсний дараа намын даргаа сонгох ажил эхэлнэ. Ер нь бүгд ярилцаад намын дарга болох хүн олон түмэн, намын гишүүд дээрээ очиж, сунгаагаар сонгогдох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байгаа. 

Тэгэхээр намын дүрмийн шинэчлэх төсөл бэлтгэх ажлын хэсэг байгуулна. Мөн намын Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулна. 

-Танай намын зарим гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? 

-Хэн ч гэсэн нэр дэвшихээ чөлөөтэй зарлаж болно. Гол нь төрийн сонгууль Сонгуулийн тухай хуулийнхаа дагуу явагдах ёстой.  Хувь хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаж болно. Намаас бол шийдвэр гараагүй. 

-Танай нам шинэчлэлийн хүрээнд хариуцлагын асуудал ярих уу. Засгийн газраа унагаасан гишүүддээ хариуцлага тооцох шийдвэрийг Хяналттын зөвлөлөөс гаргаж байсан. Тэр шийдвэр яах вэ? 

-Тэр асуудал яригдах байх. Тухайн үед Засгийн газрыг огцруулах эсэхээр ҮЗХ ямар нэгэн шийдвэр гаргаагүй. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж Үндсэн хуульд заасан асуудал байдаг. 

-Намын дүрэм, дарга шинэчлэгдсэнээр АН шинэчлэгдэж чадах уу?

-Хүн ч,  байгууллага ч байнга шинэчлэгдэж л байвал сайн шүү дээ. Улс орны хөгжилд ч хэрэгтэй.

П.Цагаан: АН эхлээд дүрмээ дагадаг байх хэрэгтэй

 
Гэрэл зургийг mpa.mn

-Таны үзэж буйгаар АН шинэчлэлээ юунаас эхлүүлэх хэрэгтэй вэ? 

-АН шинэчлэл хийхдээ хамгийн эхлээд дүрмээ дагадаг болох хэрэгтэй. Даргаасаа өгсүүлээд намынхаа дүрмийг дагадаг болох хэрэгтэй байна. Асуудлаа дүрмийн дагуу энгийн гишүүдийн оролцоотойгоор шийддэг болох шаардлагатай. Ер нь бол зодоон хүртэл дүрэмтэй байдаг. Гэтэл одоо дүрэмтэй нам дүрэмгүй болчихоод байна.

-Та намын даргад нэрээ дэвшүүлж байгаа юу?

-Сайн мэдэхгүй байна. Намын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг гишүүд шийднэ.

-АН эв нэгдлээ хэрхэн хангах ёстой юм бол? 

-Эв нэгдэл бол нэгдүгээрт, хувь хүний асуудал. Асуудлыг гишүүдийн саналаар шийдчих юм бол маргаан үүсэхгүй. Гэхдээ шинэчлэлийг хуйвалдаан, хуучин аргаар хийхгүй. Дүрмэндээ салхи оруулах гээд байгаагийн гол шалтгаан энэ. Энэ бол тийм ч хэцүү асуудал биш.

Р.Амаржаргал: Хоёр ажлын хэсэг байгуулчихвал энэ ҮЗХ-ны хурал түүхэн үүргээ гүйцэтгэж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

-Өнөөдрийн ҮЗХ-ны хуралдаанаас ямар дүн гараасай гэж хүсч байгаа вэ? 

-Үндэсний зөвлөлдөх хороог шинэчлэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Шинэчилдэг механизм нь бүх хүнийг хамардаг бол зүгээр байгаа юм. 
Тухайлбал, УИХ, орон нутгийн сонгуулиар ҮЗХ нь автоматаар шинэчлэгддэг байх хэрэгтэй. Манай намын өнөөгийн дүрэмд ийм зүйлийг оруулж өгөөгүй. Тийм болохоор аль нэгэн хүнийг ҮЗХ-нд бүх насаар нь дархалчихдаг юм шиг зөрчил бий. 

Сүүлийн үед би нэг л зүйлийг ярьж байгаа. Өнөөдөр АН-д хамгийн тулгамдсан асуудал бол намын дотоод ардчилал. Магадгүй жил, таван жилийн дараа тэс өөр зүйлийг ярьж болно. Таван жилийн өмнө ч бид өөр асуудалтай л тулгарч байсан. Өнөөдрийн хувьд хамгийн чухал зүйл бол намын дотоод ардчилал. Намын дотоод ардчилалыг бэхжүүлэх асуудал юу байна. Өнөөдөр үг хэлэх болон намын дүрэмд өөрчлөлт оруулах хүмүүс эсвэл ямар нэгэн фракц, хөдөлгөөнийнхөн энэ өнцгөөс асуудлыг хараасай. 

Миний ярьж буй үг, үйл хөдлөл намын дотоод ардчилалыг бэхжүүлж байна уу эсвэл ямар нэгэн байдлаар саад тотгор болж байна уу гэдгийг харах хэрэгтэй. Эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн дархлагдсан байдлыг баталгаажуулаад байна уу, салхи оруулах бололцоог хангаж өгөх үү гэдэг өнцгөөс асуудлыг харах ёстой. Энэ бүхэн намын дүрэмд тусгагдах ёстой. 

Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар намын дүрмийг шинэчлэх ёстой юм. Энэ талаар хувилбар гаргаж ирээд түүнийгээ нийт гишүүнээр хэлэлцүүлээд явуулъя гэсэн шийдвэр гаргачихвал болж байна. Мөн Их хурлаар намын дүрмийг батлана. Энэ утгаараа намын Их хурлыг хуралдуулах түүнд бэлтгэх ажлын хэсгийг байгуулна. Ингээд хоёр ажлын хэсэг байгуулчихвал энэ ҮЗХ-ны хурал түүхэн үүргээ гүйцэтгэж байна аа л гэсэн үг.

-Намын даргыг ямар шалгуураар сонгох ёстой гэж бодож байна вэ?

-Миний хувьд хамгийн чухал асуудал бол намын дотоод ардчилал. Намын даргыг сонгох асуудал нь дотоод ардчилалаар явагдах уу, үгүй юу. Мөн дотоод ардчилалыг бэхжүүлж өгөх нь үү, үгүй юу гэдгийг харуулж өгөх байх. Энэ утгаараа хамгийн найдвартай арга бол нийт гишүүдийн дунд сунгаа зохион байгуулаад бусад гишүүдээр нь даргыг сонгуулах нь зүйтэй байх.

-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-Надаас ондоо сонирхолтой түмэн хүн байна.

Я.Санжмятав: Намын дарга нэгдүгээр сарын 20-н хавьцаа сонгогдох байх 

 
Гэрэл зургийг mpa.mn

Намын дүрмийн хар зураг гарсан. ҮЗХ-ны хурлаар намын даргыг томилох нь буруу юм. Тиймээс Их хурлаас сонгоно, арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурал хугацаа тулсан учраас орон нутагт ажиллаж, намын гишүүддээ мэдээллээ хүргэж чадахгүй байна.

Ардчилсан намын шинэчлэгдсэн дүрмийн хүрээнд намын даргад нэр дэвшиж байгаа хүн Их хурал дээр нэр дэвшээд хөтөлбөрөө танилцуулаад гардаг биш, орон нутгаар явж намын гишүүдээсээ санал аваад сунгаа зохион байгуулаад өндөр санал авсан хүнийг Их хурлаар оруулж баталгаажуулья гэсэн бодлоготой байна. 

Сунгаанд нэр дэвших нээлттэй. Намын даргаар сонгогдсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдэг зүйл байхгүй.

Ардчилсан намын даргаар сонгогдож байгаа хүн дараагийн Ерөнхийлөгчийг АН-аас гаргана гэж очихоос биш би дараагийн Ерөнхийлөгч болно гэсэн зүйл байхгүй байх.

Намын даргын сунгаа болоод нэгдүгээр сарын 20 хавьцаа сонгогдох байх” гэлээ.