Уншиж байна ...

Г.Дамдинням: Англи хэлийг бага ангиас нь зааснаар хүүхдүүдэд гарааны тэгш боломж бүрдэнэ

ikon.mn
2024 оны 5 сарын 9
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Төв аймгийн Цээл, Угтаалцайдам суманд хууль сурталчлан таниулахаар ажиллаж байгаа аж. Уулзалтын үеэр багш нар англи хэлийг бага ангиас заах хуулийн шинэчлэлийг цаг үеэ олсон чухал заалт хэмээн үнэлж байна гэв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням англи хэлийг бага ангиас нь зааснаар хүүхдүүдэд гарааны тэгш боломж бүрдэнэ хэмээн уулзалтын үеэр онцоллоо. 

Хөдөөгийн хүүхдүүд цахим орчинд цаг өнгөрүүлэх нь нэмэгдсэнээр бага ангид элсэхдээ л англиар ганц хоёр үг хэлдэг, зарим нь бүтэн өгүүлбэр хэлэх дайны чадвартай болсон байна. Иймээс яг энэ үеэс нь эхлэн сурагчдад англи хэл зааснаар тэднийг чанартай, цэгцтэй гадаад хэлний чадварт суралцах суурийг бүрдүүлж, 12 дугаар ангиа төгсөхөд хотын болон хувийн сургуулийн сурагчидтай ижил түвшний ур чадвартай болох боломжтой гэж уулзалтын үеэр орон нутгийн багш нар хэлж байлаа.

Энэ талаар Төв аймгийн Цээл сумын цэцэрлэгийн багш Б.Гүнтэвтуяа “Би бол англи хэлийг бага ангиас нь үзэхэд асуудалгүй гэж бодож байгаа. Англи хэл бол дэлхийн хэл.” гэсэн юм.

зураг
 

Мөн Угтаалцайдам сумын ЕБС-ийн бага ангийн багш Д.Ариунжаргал “Хүүхдүүд англи хэлийг багаасаа зөнгөөрөө сурч байна. Заримдаа сумдын багш бид чинь хүүхдүүдийнхээ өмнө гологдох шинжтэй. Нэгэнт англи хэл дэлхий нийтийн хэрэглээ болсон тул Г.Дамдинням гишүүн хуульд бага ангиас нь заахаар оруулж өгсөн нь зөв шийдвэр байсан. Харин багшлах боловсон хүчнийг л сайн шийдэж өгөөрэй гэж хүсье.

Боловсролын багц хуулиар багшийн нийгмийн асуудлыг шийдэж, хөдөөд багшийг урин дуудаж байгаа. Үүгээр англи хэлний олон багш хөдөөг зорих байх. Гэхдээ англи хэлний багшийн хангамжийг зөвхөн энэ зохицуулалтад найдахгүйгээр бусад арга хэрэгслээр одоогоос анхаарч байх нь зөв” гэлээ.

зураг
 

“Хөдөөгийн иргэдийн хувьд хүүхэд нь суманд сурснаар хотын, тэр дундаа хувийн сургуулийн хүүхдүүдээс мэдлэг чадварын хувьд хоцрох вий хэмээх айдастай байдаг. Тэгвэл англи хэлийг хөдөө, хот ялгалгүй зааснаар боловсролын энэ зааг ялгаа бага ч болов арилж, ижил тэгш гарааны нөхцөл бүрдэх боломж нээгдэнэ” хэмээн итгэж байгаагаа иргэд илэрхийлсэн байна.