Уншиж байна ...

Аймгуудын 10 хүртэлх голыг сонгож татмынх нь 10 га талбайг ойжуулахаар болжээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 5 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойн Газраас жижиг гол, горхины эх татмыг ойжуулах аяныг орон даяар зарлаж байгаатай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг ажлын хүрээнд Говьсүмбэр, Дархан-Уул аймагт тав хүртэлх гол бусад аймагт 10 хүртэлх голыг сонгож тухайн голын татамдаа 10 га талбайг ойжуулах аж.

Ямар голын аль хэсгийг ойжуулах зэрэгт нарийн мэргэжлийн зөвлөмж гарсан бөгөөд ойжуулах ажлыг болон арчилгаа хамгаалалтыг тухайн голын татмын ойр орчимд амьдарч буй малчидтай хамтарч хийнэ гэв. 

Одоогийн байдлаар Ойн Газраас Булганы Орхон, Төв аймгийн Батсүмбэр, Ховдын Чандмань, Говь-Алтайн Чандмань, Архангайн Эрдэнэмандал сумын тодорхой голуудыг сонгож татмыг нь ойжуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг эхлүүлээд байгаа аж. 

Голын урсац эхэлж байгаагаас голын хамгийн эхний эрэг хүртэлх зайг голын татам гэдэг бөгөөд бургасан ойг сэргээж авч үлдэхийн тулд мөн усны бохирдлыг бууруулах, голын урсцыг нэмэгдүүлэх үүднээс татмын ойжуулалтыг нэн тэргүүнд хийж хэрэгжүүлж байгаа гэдгийг Ойн Газраас онцолж байв. 

Бүх нийтээр мод тарих өдөр тавдугаар сарын 11-ний өдөр болно 

Энэ жилийн бүх нийтээр мод тарих өдөр тавдугаар сарын 11-ний өдөр болох бөгөөд төвлөрсөн найман байршилд Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг 310 орчим байгууллагын иргэд мод тарих аж.

Мөн Тэнгэр плазагийн задгай талбай, Хан-Уул дүүргийн IC park, Ялалтын талбай болон Барилгачдын талбай дээр тарьц суулгацын үзэсгэлэн гараад байгаа юм байна. 

Ойн мод ямар ач тустай талаар хүүхэд залуучуудад зориулсан арга хэмжээ Сүхбаатар дүүргийн 16-р хороонд байрлах "Нөхөрлөлийн ой" цэцэрлэгт хүрээлэнд тавдугаар сарын 11,12-ны өдрүүдэд болох аж.