Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Халиун: Монголд анх удаа ХАГАС НҮЦГЭН шоу хийнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

-Хүчирхийллээс эмээж, эмэгтэй хүн хамаг биеэ баглаад байх ёсгүй-

Өнөө цаг үед амжилттай яваа залуусын төлөөлөл болсон “Super Rubin” компанийн захирал Э.Халиунтай ярилцлаа. Тус компани нь Данийн алдарт “DYRBERG/KERN” брэндийн гоёл чимэглэлийг Монголд албан ёсоор оруулж ирдэг билээ.

-“DYRBERG/KERN”-тэй  анх танилцаж байсан түүхээс тань яриагаа эхэлье?

-Би график дизайнер мэргэжилтэй. Мэргэжлээ дээшлүүлж, юм сурч мэдэхээр Дани улсыг зорьсон. Дани бол Скандинавын орон учир загвар дизайнаараа алдартай бөгөөд тэдний юу нь, яагаад алдартай болов, юугаараа онцлогтой юм бэ гэдгийг мэдэхийг хүссэн. Тэнд очоод сурахын хажуугаар ажил хийдэг байсан юм.

Ажилдаа явахын тулд тансаг зэрэглэлийн их дэлгүүрээр нэвт гарч, метроны буудал руу явна. Энэ дэлгүүрээр явахад маш тансаг, чамин гоёл чимэглэлүүд их. Би өөрөө гоёл чимэглэлд дуртай учраас хажуугаар нь гарах бүрдээ “DYRBERG/KERN”- ийн бүтээгдэхүүнийг харж, ихэд шохоорхдог байсан. Ингэж л брэнддээ дурлаж байлаа. Гэвч үнэтэй учраас авч чаддаггүй байсан юм. Энэ брэндийн хэрэглэгчид нь хүчирхэг, ажил хэрэгч эмэгтэйчүүд байдаг.

-Томоохон брэндийг Монголд оруулж ирэхэд хэрэглэгчийн судалгаанаас эхлээд маш их зүйлийг өөрөөс тань шаардаж байв уу?

-Энэхүү брэндийг Монголд борлуулах хүсэлтэй байна гэхэд анх Монгол гэдэг улсыг мэдэхгүй шахуу байсан. Монголын тухай гаднын телевизээр гарахад хурга тэвэрсэн хүүхэд, морь унасан залуус ч юм уу ихэвчлэн хөдөөгийн ахуй амьдралыг харуулдаг. Тиймээс Даничууд Монголыг тэр чигтээ хөдөө тал гэж боддог байсан шиг байгаа юм.

Хотын амьдралын талаар төдий л сайн мэддэггүй байсан. Монголын зах зээлийг голж байсан учир намайг хоёр жилийн турш шалгасан. Би ч уйгагүй зүтгэсэн дээ. Учир нь би нэг ажил эхлүүлээд түүнд зорьсон бол дуусгаж байж санаа амардаг хүн. Нэгэнт эхлүүлчихсэн учраас орхиж чадахгүй байсан.

Надаас шаардаж буй бүхий л судалгаа, төлөвлөгөө гээд бүхнийг өөрийнхөө хүчээ дайчлан хийж өгч байсан. Тэд Монголыг судлахаас гадна хамгийн гол нь намайг их судалж байлаа. Тухайн үед надад хүнд байсан ч гэсэн Монголоо таниулъя гээд чадах бүхнээ хийж байсан юм.

Тэр үед би бол жирийн л нэг оюутан охин байсан шүү дээ. Яаж өөрийгөө бусдаас онцлог, юм хийж чаддаг гэдгээ харуулахын тулд олон алхам хийсний нэг уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан явдал. Энэ нь надад маш том нөлөө үзүүлсэн юм. Данид олон улсын соёлын төв гэж байдаг. Тэнд олон орны зураачид өрсөлдөж байж, тэнцвэл үзэсгэлэнгээ гаргах эрхтэй байдаг. Би хоёр жил зургаа зурж байгаад тэнцэн үзэсгэлэнгээ гаргасан. Үүний дараагаар манай улсыг хүмүүс ихэд сонирхох болсон шүү.

-Анхлан “DYRBERG/KERN”-ий гоёл чимэглэлүүдээ Монголд оруулж ирэхэд  Монголчууд хэрхэн хүлээж авсан бэ. Төдийлөн сайн мэддэггүй байсан шүү дээ?

-Анх брэндээ Монголд оруулж ирэхэд хүмүүс хүлээж авахгүй бол яана гэсэн бага зэрэг айдастай байсан. Монголчууд ихэвчлэн алт, мөнгөн эдлэл хэрэглэж сурсан хүмүүс. Харин “DYRBERG/KERN” бол тэс өөр зүйл шүү дээ. Анх Улсын их дэлгүүртэй 2012 онд гэрээ хийж, дэлгүүрээ нээж байлаа.

Хүмүүс их сайхан хүлээж авсан. Гэвч манайханд өвөрмөц бүтээгдэхүүн хэрэглэх зориг дутаж байсан л даа. Ямар гоё юм бэ гэсэн хэр нь хүмүүс юу гэж бодох бол гээд авч чаддаггүй. Ер нь манай брэндийн утга учрыг сайн ойлгохгүй байсан гэхэд болно. Тиймээс хүмүүст хэрхэн сайн таниулах вэ гэж олон арга зам эрж хайсны нэг нь УИД-т загварын шоу хийсэн явдал.

 

Харин 2014 онд зорилтот хэрэглэгч, хэнийг нүүр царайгаараа сонговол хүмүүст хүрэх вэ гэж их бодсон. Манай брэндийн нүүр царай гэж олон улсад байнга гарч байдаг. Би тэндээс ашиглах боломжтой. Гэхдээ Монгол хүнд яаж хүргэх вэ гэдэг нь л чухал шүү дээ. Гадаадын моделийг сэтгүүл дээр тавихад хэн ч анзаарч харахгүй.

Тийм учраас хэн бүхэн гайхаж харахаар бүтээл яаж хийх вэ гэж бодож байгаад С.Чимгээ эгчийг сонгосон. Манай брэнд бол өөртөө итгэлтэй, хөдөлмөрч, дайчин эмэгтэйчүүдэд зориулсан. Яг эдгээр шинжид С.Чимгээ эгч тохирдог. Ингээд С.Чимгээ эгчид санал тавихад сайхнаар хүлээж авсан. 

-Дараагаар нь сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг эрс өөрчилсөн нь нэлээд шуугиан тарьсан шүү?

-Л.Мөнхбаясгалан эгчийг хүмүүс хурц, дайчин, ухаантай эмэгтэй гэдгээр нь мэддэг. Гэвч эмэгтэй хүн талаас нь хардаггүй гэж өөрөө ярьж байсан. Анх би уулзахдаа та манай брэндэд тохирохоор хүчтэй эмэгтэй. Тиймээс та л байх ёстой гэхэд маш их эргэлзэж байсан. Зөвшөөрүүлэх гэж нэлээд цаг хугацаа орсон ч надад итгээд, зөвшөөрсөн ч пост оруулах хүртэл сандарсаар л байсан /инээв/.

Тэгэхэд нь та бид хоёр угаасаа том шуурган дундуур гарах учраас сайн, муу алинаар нь хэлсэн ч байсан амжилттай даваад гарах нь чухал гэж хэлсэн. Тэгээд л постоо оруулахад ёстой “шуурга” болсон доо. 

 

-Удахгүй танай брэндийн ээлжит тэсрэлт болно. Энэ бол “Semi Nude Art Fashion Show” буюу хагас нүцгэн шоу байгаа шүү дээ. Энэ талаараа яривал?

-Монголд анх удаа хагас нүцгэн шоу хийх гэж байна. Яагаад хагас нүцгэн бэ гэдэг нь хүмүүсийн анхаарлыг татаж байгаа байх. Нэгдүгээрт, энэ шоугаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн төлөө уриан дор зохион байгуулж байгаа. Саяхан нэг сэтгэгдэл уншихад “Танай уриа чинь зурагтайгаа авцалдахгүй байна” гэсэн байсан.

Үүнд хариулт өгөхөд эмэгтэй хүн яагаад гоё сайхан байсныхаа төлөө хүчирхийлэлд өртөх ёстой гэж, эмэгтэй хүн яагаад хүчирхэг сайхан байж болохгүй гэж гэсэн санааг илэрхийлж байна. Хүчирхийллээс эмээж, эмэгтэй хүн хамаг биеэ баглаад байх ёсгүй. Бид өөрсдийнхөөрөө байж, гоо сайхнаа тодотгох ёстой.

 Тэр хэмжээгээрээ бид хүчтэй байж, хүчирхийллийн эсрэг зогсъё гэж байгаа. Хоёрдугаарт, гоёл чимэглэлийг хувцастай байнга хамт хэрэглэдэг. Энэ бол мэдээжийн зүйл. Гэхдээ манай брэндийн онцлогийг харуулах нэг санаа нь бид хувцасгүй ч байж чадна гэдгийг харуулж байгаа. Тун өвөрмөц санаа л даа.

Гэхдээ шоу маань нийтэд зориулсан биш, хаалттай шоу болно гэдгийг онцолж хэлмээр байна. Мөн бид хагас нүцгэн яв гэдэг ч юм уу, садар самууныг сурталчилж байгаа хэрэг огт биш гэдгийг олон нийт ойлгоосой гэж хүсч байна. 

 

Шоундаа зориулж, “DYRBERG/KERN” брэндийн он оны коллекцийн онцлох гоёл чимэглэлийг Даниас авчруулж байгаа.  
Мөн шоугаараа зөвхөн гоёл чимэглэлээ харуулах биш миний дотор нуугдаж буй урлагийн мэдрэмжүүдээ гаргахыг зорьсон. Энд “DYRBERG/KERN”  брэндээс гадна би өөрийнхөө “KHALIUN” нэрийн брэндийг гаргаж байгаа.

Энэ нь бээлий, зангиа зэрэг нэмэлт гоёл чимэглэлийн шинэ загварууд юм. Үүнийгээ танилцуулна. Мөн би Монголдоо уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж байгаагүй учраас уран зургийн бүтээлүүдээ толилуулна. Тэгэхээр гурван хэсгээс бүрдэх томоохон шоу болно.

-Цаашдын зорилго юу байгаа вэ?

-Манай компани Японы зах зээлийг хариуцан авсан. Тиймээс Японы зах зээлд түлхүү анхаарах бодолтой байна. Би саяхан Маркетингийн холбооноос зохион байгуулагдсан хурал дээр 100 дэлгүүртэй болно гээд зарлачихсан /инээв/. Тэгэхээр энэ зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэнэ. Яагаад Монгол компани өөр орны зах зээлийг хариуцаж болохгүй гэж. Зөвхөн Монголдоо оруулж ирээд зогсох биш бусад орны зах зээлийг удирдан, амжилттай авч явах боломжтой гэдгээ харуулахыг хүсч байна.

-Оюутан охинд итгэл хүлээлгээд Монголд дэлгүүр нээх боломжийг өгч байсан Даничууд одоо таныг хэрхэн үнэлдэг вэ?

-Манайх нийт 40 оронд салбартай. Салбар бүрийн захирлууд олон улсын хуралд оролцдог юм. Хоёр өдөр хуралдаж шилдэг улсыг тодруулдаг уламжлалтай. Би энэхүү хуралд анх 2013 онд оролцсон. Тэр үед би ганцаараа Ази хүн байв. Бас ганцхан дэлгүүртэй. Тэр үедээ их ичсэн.

Хүмүүстэй уулзахад бүгд л хорин дэлгүүртэй, гучин дэлгүүртэй гэж байгаа юм. Тэгээд л би чинь ямар ч өрөвдмөөр юм бэ дээ гээд санаа зовж байлаа. Тэгээд бусад орны хүмүүс надад энэ юу л болдоо гэсэн хандлагатай байсан. Тэр хурлын хоёр дахь өдөр нь шилдэг улсуудыг шалгаруулж, бусад нь баяр хүргэж байхыг хараад нэг л өдөр шилдгээр шалгаран ингээд зогсч байх юм шүү гэсэн зорилго тавьсан.

Үүнээс хойш 2014, 2015, 2016 онд дараалаад манайх шилдэг улс болсон. Одоо бол намайг их хүндэлж, надаас суралцах зүйл их байна гэцгээдэг. Мөн өөрсдийнхөө оронд урьж, лекц тавиач гэдэг юм. Би ийм зүйлийг өмнө нь төсөөлж байгаагүйгээс гадна өөрийн амбицын төлөө хэзээ ч яваагүй. Зөвхөн Монгол гэдэг нэр хүндийг гаргах ёстой гэж боддог.

Бид чинь үндсэрхэг хүмүүс шүү дээ. Ялангуяа гадаадад сурч, амьдарч байсан монголчууд их үндсэрхэг үзэлтэй болсон байдаг. Хэдийгээр дэлхий нийтээрээ нэг нэгдмэл, бид нэг гэдэг ч цаагуураа гаднын хүмүүсийг их гадуурхаж байдаг учраас тэр. Үүнийг би их мэдэрсэн. Тиймээс  ядаж л хичээлээ сайн хийж, онц сурах юмсан.

Тэгвэл Монголыг минь мэднэ гэж боддог байлаа. Мөн найз нөхдөдөө Монгол хүн гэж ийм байдаг гэдгийг ч харуулахын тулд өөрийнхөө хэмжээнд их зүтгэсэн. Хүн туг ч барина, тугал ч хариулна,  гэдэг шүү дээ. Миний хувьд тугал ч хариулсан /инээв/, тодорхой хэмжээнд тугаа ч бариад явж байгаа.

Гэхдээ энэ бүхэндээ ханаагүй. Илүү ихийг хийх юмсан гэж бодож байна. Ялангуяа Монгол эмэгтэй бизнес эрхлэгчид юу ч хийж чадна гэдгийг олон улсад харуулахыг зорьдог. 

-Танай бизнес ийм амжилттай яваа нь таны дизайнер мэргэжил болон урлагийн мэдрэмжтэй тань холбоотой байх?

-Хүмүүс намайг яаж ийм сонин юм бодож олдог юм бэ гэж гайхдаг. Бусад бизнес эрхлэгчид борлуултандаа ихээхэн анхаарлаа хандуулдаг бол миний хувьд аливаа ажлыг бүтээл гэж хардаг. Бүтээл хийж, түүнээсээ сэтгэл ханамж авдаг. Мөнгөний төлөө хөөцөлдөж байгаагүй.

Мэдээж хэрэг мөнгөтэй байж амьдарна. Гэхдээ бүтээл хийгээд, түүнээсээ сэтгэл ханамж авах илүү сайхан. Энэ нь намайг зөв зүйл рүү хөтөлдөг гэдгийг мэдэрсэн. Тийм учраас миний дотоод сэтгэлийн гүнд би бүтээл хийх ёстой, түүнийгээ хүнд харуулах ёстой. Тэр нь хүмүүст мөн сэтгэл ханамж, баяр баясгалан өгч байвал надад 100 хувь сэтгэл ханамж өгдөг. 

-Түрүүн Японы зах зээлийг хариуцаж авсан талаараа цухас дурдаад өнгөрсөн. Энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу?

-“DYRBERG/KERN” -ий захирлууд чамаас маш их зүйл гарна, тиймээс зөвхөн Монголоор хязгаарлаад зогсоохыг хүсэхгүй байна гэж хэлж байсан. Учир нь Монголын зах зээл бол тийм том биш. Нийслэл хотдоо 1.5 сая хүн амьдарч байгаа. Үүнээс хэд нь тансаг хэрэглээтэй билээ гээд бодохоор тун бага зах зээл болж байгаа юм. Харин Япон бол асар том зах зээл. Ийнхүү манай компанид энэ том ажлыг хариуцуулж байгаа нь асар их үүрэг, хариуцлага, нэр хүндийн хэрэг. 

-Японд дэлгүүрээ нээж амжсан уу?

-Одоогоор судалгаагаа хийж байгаа. Бид ирэх сарын сүүлээр онлайн дэлгүүрээ нээхээр төлөвлөж байна.

-Ярилцлагын сүүлийн асуултыг нээлттэй үлдээе.

-Удахгүй болох шоугаараа загварын шоугаар зогсохгүй урлагийн тоглолт үзүүлэхийг, ирсэн зочдоо өвөрмөц мэдрэмж өгөхийг хүсч байна. Өнөөгийн нийгэмд хар бараан зүйл их байна. Тэгэхээр нэг өдрийг тархиа амрааж, өөр орчинд, яагаад ийм байж болохгүй гэж хэмээн уулга алдам тийм орчинг бүрдүүлэхийг их хичээж байгаа.

Өөрөөр хэлбэл, энгийн байдал л  зүйл биш бүх талаараа онцгой шоу хийх зорилготой. Шоундаа зориулж тусгайлан бүжиг дэглүүлж, дуу бичүүлж байгаа. Хагас нүцгэн гэхээр  буруу талаар ойлгох биш, гоо үзэсгэлэнгээ тодотгож байна гэж бодоосой. Эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй, хүчтэй байж, хүчирхийллийн эсрэг зогсох ёстой.

Мөн би хүчирхийллээс эмэгтэйчүүдээ хэрхэн хамгаалах  вэ, хүчирхийлэлд өртсөн охид бүсгүйчүүдээ яаж сэтгэл санаагаар дэмжих вэ гэдэг талаар анхаарч ажиллаж байна.