Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа ИДЭВХТЭЙ явуулах шаардлагатай байна"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Олон нийтийн зам тээврийн осол зөрчил, түүний эргэн тойрон дахь зарим зохицуулалттай холбоотой асуудлаар Замын Цагдаагийн Газар болон Албан Журмын Даатгагчдын холбооноос мэдээлэл хийлээ.

Сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн осолд 5,611 хүүхэд өртсөнөөс 222 хүүхдийн амь нас хохирч, 5,389 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна.

Харин 2015 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс шинэчлэгдэн батлагдсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш зам тээврийн осол тодорхой хэмжээгээр буурсан байна.

Энэ талаар Замын Цагдаагийн Газрын Урьдчилан сэргийлэх, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Замын цагдаагийн байгууллага заавал статистик судалгаа, дүн шинжилгээн дээр үндэслэж үйл ажиллагаагаа явуулдаг.

Шинэчлэгдэн батлагдсан хууль хэрэгжиж эхэлснээс хойш бага ч гэсэн буурсан үзүүлэлттэй байна.  

Гэвч 2015 оны эхний арван сарын байдлыг 2016 оны эхний арван сарын байдалтай харьцуулахад 16.6 хувиар буурсан гэх үзүүлэлттэй байгаа боловч энэ хоёр жилийн туршид 1,000 орчим хүн зам тээврийн ослоор амь насаа алдсан байна.

 

Тэгвэл зам тээврийн ослоос болж гэмтэж, бэртсэн иргэдийн тоо мөн тодорхой хэмжээнд буурсан боловч хоёр жилийн байдлаар 2,000 гаруй иргэн насаараа тахир дутуу болж, эрүүл мэндээрээ хохироод байна.

Ийм харамсалтай дүн мэдээ гараад байгаа учраас зам тээврийн ослоос зөвхөн цагдаагийн байгууллага бус эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ тал дээр анхаарч, мэдээлэл зөвлөгөөг хангалттай хүргэж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа идэвхтэй явуулах шаардлагатай байна” хэмээн тайлбарлалаа.

Шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд,

  • Эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгуй байх;
  • “Хуулийн заалтыг зөрчиж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг байна.

2016 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 48 /нийслэлд 5/ хүүхэд нас барсан нь нийт нас барсан хүний 14.2 хувийг /нийслэлд 6.7 хувь/, 199 хүүхэд гэмтсэн нь нийт гэмтсэн хүний 18.4 хувийг /нийслэлд 127 буюу 20.8 хувь/ эзэлж байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд нас баралт 2.0 хувь /нийслэлд 44.4 хувь/ буурсан, гэмтсэн хүүхдийн тоо 1.0 хувь буурсан /нийслэлд 5.8 хувиар өссөн/ үзүүлэлттэй байгаа ажээ.