Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд бид хэдий болтол БУРУУ ярих юм бэ?

Монгол хэл соёлын хүрээлэн
2016 оны 11 сарын 8
Монгол хэл соёлын хүрээлэн

Хэл бол тухайн үндэстний оршин тогтнохуйн баталгаа, аюулгүй байдлын үндэс юм. Тиймээс ч үе үеийн мэргэдүүд хэрхэвч хэлээ үгүй хийж, эвдэж болохгүйг захин сургамжилсаар ирсэн билээ. Сүүлийн хэдэн арван жилд монгол хэлний үгийн санд гадаад үг, цахим орчны үг хэллэг хүч түрэн орж ирсэн. Үүнийг зарим эрдэмтэн судлаач, нийгмийн нэгээхэн хэсэг даяаршиж байгаа энэ цаг үед өөр яалтай, хэл хувьсах хэрэгтэй хэмээн мэдэмхийрч суух юм. Гэтэл даяаршиж болдоггүй ганц зүйл бол хэл, соёл юм шүү дээ. Монгол хүн монгол хэл, соёлгүйгээр хэн болох вэ? Эрлийз монгол хэлээр бид яах юм бэ? Аугаа Ринчен, Дамдинсүрэн, Лувсанвандан нарын залгамж халаа болсон өвгөн буурал эрдэмтэн мэргэд залуу судлаач бидэнд үлгэрлэх ёстой атал чухам юу хийгээд байна аа? 

Монголчууд бид монгол хэлний маань үгийн сан яндашгүй их, агуу бөгөөд сонсголонтой хэмээн  омогших дуртай. Бидний эх хэл үнэхээр яруу, тансаг ч гэж чамирхах нэгэн бий. Гэхдээ бид энэ их омогшил, аархал доороо эх хэлээ эвдээд байгаа юм биш биз?

Өмнө нь бид зурагт, fm, цахим орчин, сонин, сэтгүүл эх хэлийг минь үгүй хийж байна гэх утга бүхий нийтлэл өчнөөн л харсан. Тэгвэл уран зохиол энэ жагсаалтад нэгджээ. Шилдэг борлуулалттай номын тавиураас ер буудаггүй зохиолуудаас хүртэл харь сэтгэхүй үнэртэх аж. Чухам иймийн учир энэ удаа зөв бичихзүй гэхээсээ илүүтэй үг хэллэгийн буруу хэрэглээний талаар хөндөхийг зорилоо. 

Жишээ болгон өмнөх нийтлэлдээ дурдаж байсан Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” роман дахь эндүү ташаа зүйлсийг авч үзье.  

 

 

Уг романд: 

-    ... үдшийн наран ... /13ху/ - Өглөөний нар, өдрийн нар, үдийн нар, оройн нар л гэж ярьдаг болохоос бус үдшийн нар гэдэггүй. Үдэш гэдэг нь нар жаргаж бүрэнхий болох үе. Нэг үгээр хэлбэл зохиолч маань шөнийн нар гэсэнтэй ялгаагүй үг хэрэглэжээ.  

-    Тэгснээ тэр гэнэт гэдэс нь өвдөх шиг болж бие нь арзайгаад ирэв. /33ху, 324ху гэх мэт/ - Сандарч тэвдэх, цочирдох гэсэн санааг гэдэс нь өвдөх гэсэн хэллэгээр илэрхийлсэн бололтой. Монгол хэлэнд энэхүү утга санааг илтгэх царай нь цонхийх, дотор давчдах, дотор пал хийх, зүрх нь түргэн цохилох гэх мэт үгийн арвин сан бий л юм сан. 

-    Эрхэм зочид тавтай морилж ирэв үү? /48ху/ - Монгол хүмүүс аян замдаа сайн явж ирэв үү? хэмээдгийг энд умартсан ажээ. 

-    Голын урсгалын шуугианыг нэвт хашгирч ... /50ху/ - Үгүй ээ мөн сонин дүрслэл байгаа биз. Усны чимээг даван хашгирч гэсэн бол илүү онох байсан болов уу. 

-    Битгий шуугиад бай л даа гэж арай ахмад настай охин хэлээд нудрав. /92ху/ - Ахмад настай охин гэж монголчууд бид ярилцдаг бил үү. Эгчмэд, насаар илүү гэж л хэлдэг шүү дээ. 

-    ... сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр товч хариулаад ... , Сумъяа бэр гуйсан багийхныг мориноос буухад нь угтан мэндчилэв. /96ху, 369 гэх мэт/ - Сэтгэл хөдөлгөөнгүй хариулах гэдгийг юу гэж ойлгох вэ? Баяр баясгалантай биш бол аядуу тайвнаар, эрс шийдэмгий, төв царайлан эсвэл бүр ердийнхөөрөө л баймаар. Түүнчлэн монголчууд хэзээ бэр гуйх багийнхан гэдэг байлаа даа. 

-    Чи ийм яриаг хаанаас дуулаа вэ хө гэж чихээ соотойлгов. /404ху/ - Амьтныг л чихээ соотойлгох гэдэг биш бил үү. Хүнийг бол чихээ дэлдийлгэх, чих тавих гэх мэтээр л дүрсэлдэг шүү дээ. 

-    ... түүний нойтон нүүр Баасан, Сэндмаа нарынхтай сүлэлдэв. /523ху/ - Бие биенийгээ тэвэрч уйлаад л, сүлэлдээд л байгаа юм даа. 

Энэ мэтээр цааш яваад байвал романаас нь ч илүү зузаан ном болчих бололтой. Иймд үүгээр хязгаарлая. Түүнчлэн Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” романд мөн л ялгаагүй харь сэтгэхүй шингэж, монгол гэх зүйл ер харагдсангүй. Жишээ нь: 
-    Сүйн бөгжтэй хайрцгаа хармайндаа эргүүлэн дүрж ... /21ху/ - Сүйн бөгжтэй хайрцгаа халаасандаа эргүүлэн хийж гэдгийг тун бүдүүн тоймоор бичжээ. 
-    Эндрю хөлдүү устай торх шиг авгайд маш муу байв. /60ху/ - Маш бядуу зүйрлэл. 
-    Эндрю нэлээдгүй хичээл зүтгэлээр дотоод доргилтын хүчийг дарсхийгээд ... /84ху/ - Нэлээд гэдэг үг нь ихээхэн, багагүй гэсэн утгыг илтгэнэ. Гэвч нэлээдгүй болчихоор их биш, багахан гэсэн утгатай болж байна. Зөвхөн энэ үгээс л өгүүлбэрийн санаа өөр тийш чиглэчхэж байгаа биз. Түүнчлэн дотоод доргилтын хүч гэж юуг хэлээд байгаа юм бүү мэд. Арга ядахдаа сэтгэлийн дэнсэлгээ буюу догдлолыг л хэлсэн хэрэг байх хэмээн таамаглал дэвшүүлээд өнгөрлөө. 

-    Эндрю толгойгоо өндийлгөн хув хуурай хэрнээ хэлшгүй их гунигаар гэгээнтнийг харжээ. /87ху/ - Хув хуурай гуниг гэж юу болохыг зохиолчоор нэг тайлбарлуулах сан. 

-    Том ах “Жинхэнээсээ солиорчээ” гэх ганц үгийг чулуу шиг үмхжээ. /102ху/ - Бас л нэг болхи зүйрлэл. 

-    Түүний хөл рүү мөс шил шиг л хүйтэн гялтгар харцаар харсан юм. /457ху/ - Мөс шиг хүйтэн харц байж болох юм. Харин шил шиг хүйтэн харц, гялтгар харц гэж би л хувьдаа мэдэхгүй юм.

Мөн л нэг зузаан боть болмоор дэндүү их алдаа. Үүнээс гадна орчуулгын номон дээр ч анхаармаар санагдана. Хэдийгээр гадны зохиол ч гэлээ түүнийг нэгэнтээ монгол руу буулгаж байгаагаас л хойш буулгасан шиг буулгах хэрэгтэй. Түүнээс биш дөхүүлмээр аядаад орхивол ямар хэрэг байх вэ? Уншигч олон уншихад ч түг таг хийгээд яндан нь бөглөрсөн машин шиг явж өгөхгүй, үгүй ээ мөн хэцүү еэ дээ. 

Гэхдээ үүнд зохиолчийг буруутгах хэрэггүй юм. Учир юу гэвээс, энэ мэтээр ном хэвлэлд үг хэллэгийн буруу хэрэглээ нэвтрээд байгаа нь эцсийн дүндээ бидний хэл яриатай холбоотой.  Тухайлбал, “Том хямдрал, том баярлалаа, өндөр үнэ” гэхчилэн ярих болж.  Үүнийг эсрэгээр нь бодохоор “Жижиг баярлалаа, жижиг хямдрал, намхан үнэ” гэсэн ойлголт байдаг болж таарах нь ээ дээ. Мөн “Эмэгтэй эгч, эрэгтэй ах, эмэгтэйлэг бүсгүй, эрэгтэйлэг залуу, Цэрэн гуайн ууцыг чаналаа, үхрийн гараар татсан мах, хөлдүү хонины гуя” гэх мэтчилэн утгын алдаатай үг хэллэгийг тоочоод байвал дуусашгүй нь. Зохиолч бидний энэ мэт яриаг л буулгасан төдий. Дан ганц тэдний алдаа гэвэл монгол хэл, соёлоо сайн судлаагүй буюу мэдэхгүйн дээр мэргэжлийн редактороор хянуулаагүйд л байгаа юм. 

Харамсалтай нь бид буруу яриад байгаагаа мэддэг хэрнээ “За яах вэ дээ, монголчууд бид чинь угаасаа буруу ярьж зөв ойлгодог биз дээ” гэсэн үгээр өөрсдийгөө зөвтгөх гэнэ. Эсвэл “Энэ чинь монгол сэтгэлгээ, ардчилал” гэж биеэ өмөөрөхөөр яарна. 

 

Гэхдээ бид яагаад заавал буруу ярьж зөв ойлгох ёстой юм бэ? Зөв ярьж, зөв ойлгож болдоггүй юм уу? Нэг мэдэхнээ буруу яриад буруу ойлголцдог болчихсон байх вий. Нэмж хэлэхэд, ардчилсан орон байлаа гээд дураараа дурги гэсэн үг биш шүү дээ. Бидний энэ ташаа бодлоос л болж хэлний зүй эвдэгдээд байгааг ухаараасай билээ.  

Гээндээ ч бий, гоондоо ч би гэдэгчлэн монголчууд бидний буруу ярих явдал хэн хэнд маань бий. Учир нь эцэг эхчүүд, багш, үе тэнгийнхэн ялангуяа зохиолч, сэтгүүлч, цахим орчинд байгаа хүн бүхэн бидний хэлний зүйг агуулж, бүрдүүлж байдаг. Зарим нэг хүмүүс “буруу яриад ойлголцоод болоод байгаагаас хойш юу нь болохгүй гэж” гэсэн мөчидхөн бодол тээж байж болох юм. Гэвч даяаршсан, олон улсын харилцаа, нийгмийн сүлжээ идэвхжсэн өнөө үед буруу яриад байж боломгүй гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. 
Эцэст нь монгол хэлний асуудал бол хэсэг эрдэмтэн, судлаач, төрд хамааралтай зүйл огт биш. Монгол хэл бол монгол хүн бүрт хамаатай гэдгийг сайтар ойлгож ухаарах хэрэгтэй. Иймд хувь хүн бүр буруугаа засаад зөв болгочихвол тэр чинь монгол хэлнийхээ төлөө санаа чилээн буйг гэрчлэх эхний бөгөөд чухал алхам юм шүү. 

Өөрөөр хэлбэл зохиолч хүн зохиолоо шууд л монгол гэж танигдах хэмжээнд бичиж, сэтгүүлч хүн монгол ахуй үнэртсэн нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж, хүн бүр эрлийз монгол хэлээр бус эх сайхан монгол хэлээрээ чөлөөтэй ярьж сэтгэдэг байх нь хамгаас чухал байна. 

Эх хэлээ аваръя, эх хэл маань сүйрлээ гэж ам уралдан шогшрохоосоо илүүтэй өөрсдийн чадах чинээгээрээ дорвитой алхмыг хийцгээе, нөхөд өө!


Утга зохиол судлаач Б.Батцэцэг