Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хариулт нэхсэн 18 жил буюу үл тайлагдах хэргийн учиг хаашаа явна вэ

Р.Саруул
2016 оны 10 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-“Хүн нь олдвол хэрэг нь олддог” жишээг энэ хэрэг харуулж байна уу?- 

Тэртээ 18 жилийн өмнө болсон С.Зориг агсны хэрэг хуулийнхны хурд хүч, чадвар гээд олон зүйлийг өнгөрсөн хугацаанд сорьж байгаа. Тиймдээ ч уг хэрэгт холбоотой гэсэн толгойтой болгоныг ээлж дараалан баривчилсан ч амжилтад хүрч чадаагүй.

Харин өнгөрсөн оноос эхэлж тус хэрэгт Дорнод аймгийн харьяат Т.Чимгээ, Булганы харьяат Б.Содномдаржаа гэх хүмүүсийг сэжиглэж цагдан хорих болсон юм. Дээрх нэр бүхий хоёр иргэн яагаад С.Зориг агсны хэрэгт холбогдох болчихов оо гэдэг нь анхаарал татах асуудлын нэг.

Тэгвэл тэднийг өдгөө гэмт хэрэгтэн болгож торны цаана суулгахаар сэтгэл нь шулуудсан нэгэн ялтнаас болж хоёр айлын амьдрал орвонгоороо эргэх болжээ. Энэхүү ялтан нь Ц.Амгаланбаяр гэдэг бөгөөд тэрбээр 2007 онд Эрдэнэт хотод таксины жолоочийг мөчлөн амь насыг нь хөнөөсөн гэх хэргээр тус хотын шүүхээс цаазын ял сонсож байсан боловч Ерөнхийлөгчийн өршөөлөөр дээрх ялаас мултарч ялын дээд хэмжээ болох 25 жилийн хорих ял эдэлж байгаа ялтан юм.

Тэрбээр энэ хэргийн жинхэнэ хэрэгтэн мөн үү гэсэн асуулт урган гарч ирж буй юм. Ийн хэлэхийн учир нь хууль хяналтынхан цаазын ялтай Ц.Амгаланбаярт С.Зоригийн хэргийг үүрүүлж ямар нэгэн тохироо хийсний үндсэн дээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар өнөөдөр ийнхүү гэмт хэрэгтэн болчихоод байна уу гэсэн хардлага нийгэмд давалгаалж байна.

Тухайлбал, Ц.Амгаланбаяр нь мөрдөн байцаалтын явцад “Би С.Зориг агсныг хөнөөсөн. Надтай хамт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар явсан. Б.Содномдаржаа үүдэнд хүн харж байсан. Т.Чимгээ С.Зориг агсныг хөнөөсөн хутгыг муу усны нүх рүү хийсэн” хэмээн мэдүүлсний үндсэн дээр ийнхүү тэд онц ноцтой хүн амины гэмт хэрэгтэн болчихоод буй аж. Ямартай ч уг хэрэгт шалгагдаж буй Т.Чимгээ Б.Содномдаржаа нарын ар гэрийн хүмүүс болох Т.Хүрэлбаатар, Р.Жавзмаа, Г.Энхбаяр нарын хүмүүс өчигдөр мэдээлэл хийлээ.

Р.Жавзмаа: Би хүүгийнхээ гэрч, өмгөөлөгч нь болно

Сэжигтэн Б.Содномдаржаагийн ээж Р.ЖавзмааХүүгийн маань утсанд 2014 оноос эхлэн гэр бүлийг чинь үгүй хийнэ, С.Зоригийн хэрэгт холбогдсоныг чинь илчилнэ гэх үгстэй дарамталсан мессеж ирэх болсон. Судалж үзэхэд манай хажуу хашаанд амьдардаг байсан Ц..Амгаланбаатар гэдэг залуу бичсэн болж таарсан.

Улмаар бид хуулийн байгууллагад хандсан ч хүлээж аваагүй. 2015 оны наймдугаар сарын 31-нд хүүг маань тагнуулын хүмүүс баривчлаад Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Хорьсон шалтгаан нь таксины жолоочийг мөчлөн амь насыг нь хөнөөн шоронд хоригдсон Ц.Амгаланбаатарын өгсөн мэдүүлгээс болж С.Зоригийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн. Миний хүү хэзээ ч тийм зүйл хийгээгүй.

Хилс хэрэг хүлээлгэх гээд байна. Улстөрийн захиалгатай ийм аймшигтай хэрэгт хөдөөний жирийн нэг ногоочин хүнийг холбогдуулан дарамталж байгаад харамсаж байна. Хүү маань ногооны фермер эрхэлдэг байсан. Хэрэг болсон гэх 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр хүү маань аавтайгаа трактор бариад өвс ачаад явж байсан. Тиймээс би хүүгийнхээ гэрч, өмгөөлөгч болно. Нэмж хэлэхэд хүү маань тухайн үед 22-хон настай жаахан хүүхэд байсан шүү дээ.

Энэ бүхнийг яагаад хуултйнхан судлахгүйгээр хилсээр хүүд маань хэрэг хүлээлгэх гээд байна вэ. Хүүг маань хориод нэг жил хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд тагнуулын байгууллага маш сайн жүжиг тоглосон гэж бид боддог. Миний хүүг шоронд ял эдэлж байгаа Ц.Амгаланбаатартай холбож түүний худал үгээр С.Зоригийн хэрэгт холбогдолтой гэж шалгаж байгаад үнэхээр харамсч байна.

Яг үнэндээ талийгаач Ш.Отгонбилэг гэдэг хүнийг миний хүү болон бид таних ч үгүй. Тэр хүн Завханых биз дээ, бид чинь Булганы хүмүүс. Харж байгаа ч үгүй, гар барьж ч үзээгүй.”. хэмээсэн юм.

Т.Хүрэлбаатар: С.Зоригийн аллагыг жирийн нэг эмэгтэй үйлдэнэ гэж үү

“Миний дүү Т.Чимгээ Дорноговь аймгийн театрт бүжигчин хийж байгаад Эрдэнэтийн Бямбасүрэн гэж залуутай суугаад Эрдэнэт рүү шилжсэн. Дүүг маань өнгөрсөн оны наймдугаар сард ажилдаа явж байхад нь автобусны буудал дээрээс тагнуулынхан баривчилсан байдаг. Баригдсан үндэслэл нь юу байдаг юм бэ гэхээр Ц.Амгаланбаатар гэж нөхөр манай дүүгийн нөхрийн талын хоёр хөгшин өргөж авсан хүүхэд байдаг гэсэн. 

Тэр нь хүн амины хэргээр шоронд орсон. Хоёр жилийн өмнөөс миний дүү рүү элдэв мессэж бичиж эхэлсэн. Дандаа дарамталж “Чамайг шоронд оруулна” гэдэг. Энэ хүний гүтгэлгээр баривчилсан. Барьснаас нь хойш бид нарыг тоотой уулзуулдаг болсон. Хэрэг гардаг өдөр буюу 1998 онд манай дүү гурван хүүхэдтэй байсан.

Эх хүн ийм том хэргийг үйлдэхээр хот руу явна гэдэг ямар ч эрүүл хүний ухаанд багтахгүй шүү дээ. Энэ бүх жүжгийг зохиосон хүн нь шоронд ял эдэлж байгаа Ц.Амгаланбаатар түүний гүтгэлгээр болж хоёр айлын амьдрал орвонгоороо эргэчихээд байна. 

Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд бид хуулийнхныг хүндэтгэж чимээгүй байсан. Тагнуулаас нууц задруулж мэдээлэл өгөхгүй байхыг үүрэгдсэн. Бид нар хийгээгүй хэрэг юм чинь үнэн мөнийг олоод суллачих байх гэж өдий хүртэл хүлээсэн. Гэтэл одоо бүр шүүхэд шилжүүлж тасална гэж байна.

Үнэндээ энэ хэргийг илрүүлсэн нэртэй хоёр хүнд ялыг нь үүрүүлээд хавтаст хэргийг хаах гээд байна. Хэдэн жилийн өмнө хаа байсан гадаадаас нэг хүнийг сэжиглэж авчраад үүрүүлэхийг оролдсон ч амиа алдсан. Одоо болохоор ядарсан иргэдэд энэ хэргийг үүрүүлэх гэсэн сонирхол хэн нэгэн эрх мэдэлтэй хүнд байна гэж харж байна. Угтаа бол энэ хэргийг хааж, үүний ард албан тушаалаа дээшлүүлэх гэсэн оролдлого байхыг ч үгүйсгэхгүй.

Дүүгийн ар гэрийнхнийг байнга тагнана чагнана. Хаа байсан Дорноговьд байгаа өндөр настай ээжийн минь гэрийг хүртэл тагнуулынхан очиж шалгаж нэгжиж айлгаж ичээсэн. Энэ бол зүгээр дарамт болж хувирлаа. 

Хөшигний цаана найруулсан жүжиг гэж хардаж байна. Ямартай ч гэмгүй жирийн нэгэн эмэгтэйг хилс хэрэгт гүтгэж байгаа асуудлыг бүр хурцаар тавьж шат шатны байгууллагад хандана” гэлээ.

Энэ бүхнээс харахад хууль хяналтынхан маань үнэхээр С.Зоригийн аллагатай холбоотой жинхэнэ эздийг нь ил болголгүй жирийн нэг ядарсан тогооч, ногоочин хоёрт бүх хэргийг үүрүүлж 18 жилийн турш олны анхааралд ороод байсан энэхүү хэргийг энэ мэтээр дуусгахаар болсон бололтой. Эцэст нь хэлэхэд “Маш нууц”-ын зэрэглэлд шалгагдаж байгаа уг хэргийн юу нь чухам үнэн юм бол гэсэн эргэлзээ дахин бий боллоо.

Зураг