Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна

Р.Саруул
2016 оны 10 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ энэ долоо хоногтоо багтаан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэхээр болсон. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ахалж ажиллахаар болсон юм. Яг үнэндээ авлига бол Монголын нийгмийн чөдөр тушаа болж ирсэн.

Тухайлбал, манай улсад улс төр, эдийн засгийн элитүүдийн нөлөө, эрх мэдлийн төвлөрөл үүссэн, эд баялаг болон эрх мэдлийн статусыг богино хугацаанд олж авах гэсэн эрмэлзэл, төрийн албанд хувийн ашиг сонирхлыг хамгаалах үзэл нь ардчилал, хууль ёс, олон нийтэд хандсан бодлогоос урьтаж нийгэмд хэв маягаа тогтоож байгаа. 

Тийм учраас авлигатай тэмцэхдээ бодлогоо илүү тодорхой, илүү өндөр түвшинд гаргаж ирэх шаардлага тулгарч буй учраас ийм бодлого зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж ярьсаар байна. 

Ерөнхийлөгч энэхүү хөтөлбөрийг яаралтай батлуулах хэрэгтэй 

Хамгийн гол нь энэхүү үндэсний хөтөлбөр нь дан ганц авлигатай тэмцэх асуудлыг тусгаагүй юм билээ. Өөрөөр хэлбэл, хариуцлага, шударга ёсыг үндэсний хэмжээнд бэхжүүлэх зорилт агуулснаараа хөтөлбөр нь ихээхэн онцлогтой юм.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт авлига хээл хахууль, төрийн хүнд суртал, албан тушаалтнуудын хууль бус ажиллагаатай тэмцэнэ, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шалгах шаардлагатай өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болгоно гэх зэргээр тусгагдсан заалт олон бий.

Энэхүү зүйл заалтаа бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгч энэхүү хөтөлбөрийг яаралтай батлуулж мөрдлөг болгох нь чухал байна. Хэрвээ уншигчид санаж буй бол аль Засгийн газрын мөрийн хөтөлбөрт авлига, хүнд суртлыг үгүй хийнэ гэсэн үг үсэг байдаг.

Түүнчлэн УИХ-д нэр дэвшиж буй хүмүүс сонгогчдоо авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой зүйл амладаг ч энэ нь амьдрал дээр хэрэгжиж чаддаггүй. Тиймээс л УИХ, Засгийн газрын түвшинд амласнаа биелүүлэх зайлшгүй шаардлага энэ удаад тулгараад байна.

Ийн хэлэхийн учир нь авлигыг таслан зогсоох үүрэг нь УИХ-ын гишүүдэд бий учраас хөтөлбөрийг ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй гэсэн үг. Ямартай ч үндэсний хөтөлбөрийн төслийг улсын хэмжээнд хэлэлцүүлж, хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн саналыг төсөлд тусгаад зогсохгүй боловсруулахад нь 50 гаруй улсын авлигын эсрэг хууль, 48 улсын авлигын эсрэг стратеги, хөтөлбөрийг судалж үзсэн байна.

Тухайлбал, хөтөлбөрийн төсөл найман бүлэгтэй бөгөөд дараах 12 чиглэлийг тусгаж өгснөөрөө ихээхэн онцлогтой байгаа юм. 

Үүнд: 

  • Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх
  • Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх
  • Төсөв, санхүү, аудитын ил тод байдлыг хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх
  • Худалдан авах ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх
  • Шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, хууль сахиулах болон хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах
  • Хувийн хэвшил дэх авлигын эрсдэлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх
  • Иргэний нийгмийн байгууллагуудын идэвх санаачилга, оролцоог дэмжих
  • Чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах
  • Улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх
  • Авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх
  • Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх
  • Эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх гэсэн ийм бүлэгтэй. 

Хууль биш, хөтөлбөр нь луужин болно 

Хууль байхад хөтөлбөр яагаад заавал шаардлагатай гэж хэмээн зарим хүн гайхаж магад. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх монгол төрийн бодлого байна уу, улстөрчдөд нь хүсэл зориг байна уу гэдгийг бас давхар ярих ёстой. Энэ утгаараа Монгол Улс авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ч гэнэ үү, үндэсний стратеги ч гэнэ үү, ямар нэгэн бодлогын баримт бичигтэй байх ёстой гэдгийг хэлж буй хэрэг.

Өнөөдөр авлигатай тэмцэх хуулиуд нь гараад байгаа. Гэхдээ хууль гэдэг нь тэрэнтэй тэмцэх гээд байгаа механизм, арга хэрэгсэл нь болохоос биш бодлого биш гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна билээ. Яг үнэндээ өнөөдөр авлигатай тэмцэх бодлого байхгүй, цаасан дээр гараагүй байгаа, үүнийг хийх ёстой. 

Энэ цаасан дээр юу гарах вэ гэхээр сэтгүүлч миний харж байгаагаар, авлигатай тэмцэхийн тулд УИХ нь яах ёстой вэ, Засгийн газар нь хэрхэх хэрэгтэй юм бэ, яам, агентлаг нь яах юм, орон нутгийн удирдлага, шүүх, цагдаа, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага нь ямар байх ёстой юм бэ гэдгийг бодлогоор тодорхойлох ёстой гэсэн үг. Энэ бодлогын дагуу ажиллаж байж үр дүн гарна гэж олон хүн үзэж буй юм. 

Түүнээс биш боловсролтой нэг дарга гарч ирээд гоё юм яриад л, дараа нь боловсрол нимгэнтэй нэг нь гарч ирээд л өөр тийш нь авч давхиад байвал энэ бодлого явахгүй. Ийм байдалд орохгүйн тулд заавал тогтсон бодлогыг гаргах ёстой. Угтаа бол авлигын эсрэг бодлогоо гаргаад хэрэгжих хугацааг нь зааж өгөөд, эргээд үнэлж болохуйц байх ёстой.

Дарга хэн байх нь хамаагүй, сонгуулиар хэн нэг нь гарч ирлээ ч цаасан дээр буусан бодлогын баримт бичгийг л дагаж мөрдөх ёстой. Өөрөөр хэлбэл, татварын асуудал ийм байх ёстой, улс төрийн хүрээн дэх авлигын асуудлыг ингэж зохицуулах юм байна, тендер худалдан авалт дээр ийм байх ёстой хэмээн зохицуулж байж энэ бүхэн тодорхой болох ёстой.

Ийм зүйл дутагдаад байгаа учраас бодлого зайлшгүй хэрэгтэй гэдгийг л хэлэх гээд байгаа санаа юм. Хамгийн гол нь энэ чиглэлээр ганцхан Авлигатай тэмцэх газар бус төрийн байгууллагууд, улстөрчдийн хийх зүйл их байгаа гэдгийг бас анхаарах ёстой. 

Тэгэхээр авлигатай тэмцэх хууль нь бус хөтөлбөр нь луужин гэсэн үг. Тухайлбал, 2006 онд Авлигын эсрэг хууль шинэчлэгдэн батлагдсанаар АТГ байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэдийгээр Авлигын эсрэг хууль нь шинэлэг, зарим хяналтын механизмыг бүрдүүлсэн, авлигын хэргийг мөрдөн шалгах боломжийг нээж өгсөн зэрэг ач холбогдолтой боловч авлигатай тэмцэх улсын хэмжээний бодлогыг тодорхойлоогүй, зөвхөн АТГ-ын хараат бус байдал, бүрэн эрх, чиг үүрэг, албан хаагчдын эрх зүй, эдийн засаг, нийгмийн баталгааг зохицуулснаар хязгаарлагдсан байдаг.

Энэ мэт асуудлаас болж тус газар олон ч шүүмжлэлийг өнгөрсөн хугацаанд сонсч байсан. цэст нь хэлэхэд манай улс өнгөрсөн хугацаанд НҮБ болон бусад олон улсын байгууллагуудад авлигатай тэмцэх хөтөлбөртэй байна гэсэн амлалт өгч байсан. Тэгвэл одоо энэ амлалтаа биелүүлэх цаг нь нэгэнт иржээ.

Зураг