Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг мэдэгдлийг албан тушаалтнууд гурав дахиа давтлаа

С.Эрдэнэ, Өглөөний сонин
2016 оны 10 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

-Тэгэхээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг шийдэгдэж, мөрдөн байцаалтын шат дуусаж одоо хэргийг шүүх явц эхлэх нь гэж ойлгож болох нь- 

Ардчиллын алтан хараацай С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдэд прокуророос ял оноож шүүхэд шилжүүлэх цаг тун удахгүй бололтой. Өчигдөр Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, нийслэлийн Прокурорын хяналтын прокурор Б.Бясман нарын сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд энэ тухай дурдсан юм.

“С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэсэн юм.

Өмнө нь Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт сэжигтнээр ч бус яллагдагчаар татан оролцуулж байгаа тухай мэдээлэл нийгэмд шуугиан дэгдээж Үүл баатрын зүгээс хэвлэлийнхэнд хандаж байлаа. 

Хариуд нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа

“Э.Бат-Үүлийн хувьд 2000 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр, 2000 оны наймдугаар сарын 29-ний өдөр тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан. Энэ сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны аравдугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм. Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй ажлын хэсэг түүнийг дахин сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм. Хэрэгт ганцхан Э.Бат-Үүлийг биш хэд хэдэн хүнийг холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас татаж шалгаж байна.

Түүнээс биш сонгуультай холбоотойгоор улс төрийн зорилгоор шалгаагүй” хэмээн тодорхой ярьсан байдаг. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын эхээр сэтгүүлчидтэй уулзалт хийхдээ “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан.

Нэг зүйлийг хэлье, энэ дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй шүү. Хянаж байгаа улсууд ч сайн харж байгаа. Энэ хэргийн эзнийг олоход бид туслах ёстой л гэж бодож байна. Хэрэг шүүхийн шатанд очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэсэн ойлголт байгаа.

Монгол Улсын Ерөнхий прокурор бол төрийн хууль цаазны жинхэнэ зөвлөх гэж явдаг. Би бол Ерөнхий прокуророос л хяналт тавьж байгаа хүний хувьд асууж тодруулдаг” хэмээсэн.

Ер нь ямар ч хэргийн талаар улсын Ерөнхийлөгчөөсөө эхлүүлээд прокурорын байгууллагаас эрх мэдэлтнүүд байн байн зарлаад мэдээлэл хийгээд байдаггүй. Ерөнхийлөгчийн зүгээс ч хэлж байна, прокурорууд удаа дараа албан ёсны мэдээллийг олон нийтэд өглөө, тэгэхээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг шийдэгдэж, мөрдөн байцаалтын шат дуусаж одоо хэргийг шүүх явц эхлэх нь гэж ойлгож болох нь.

Гол нь прокуроруудын удаа дараа мэдэгдсэнчлэн төрийн нууцын зэрэглэлтэй баримт, материалууд хавсаргагдсан хэрэг учир шүүх хурал хаалттай болох магадлал өндөр байна.

Зураг