Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Туул голын бохирдлыг бууруулах Ажлын хэсгийг А.Сүхбат ахлахаар боллоо

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх Бусад асуудлын хүрээнд Ажлын хэсэг байгуулах тухай байсан ба Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өчигдөр зохион байгуулагдсан нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Туул голын бохирдлыг бууруулах Ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцсэн болохыг танилцуулсан юм.

Тэрээр тус Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Сүхбатыг томилох горимын санал гаргав. УИХ-ын гишүүд Ажлын хэсгийн ахлагчийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу Туул голын бохирдлыг бууруулах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэйг дурдаж байсан юм.

Ингээд Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн А.Сүхбатаар ахлуулахыг олонхийн саналаар батлав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.