Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгос сериалын МОНГОЛ ЗОХИОЛ

Монгол хэл соёлын хүрээлэн
2016 оны 10 сарын 18
Монгол хэл соёлын хүрээлэн
Зураг зураг

/Шүүмж/

Байж боломгүй өвчин зовлон, үхэл хагацал, өш хонзон үнэртүүлсэн солонгос сериалыг солиортлоо үзэгсэд ихэслээ. Энэ олон солонгос сериалуудыг зогсоохгүй бол хэцүүдлээ гэж нэг хэсэгтээ л хэн хүнгүй шуурсан. Гэвч үүнтэй зэрэгцээд массын эрэлт хэрэгцээг анзаарсан уу, яасан солонгос сериалын монгол зохиолууд олширсоор байна. 

Үүний томоохон төлөөллөөр “Тавилан” романаар овоглосон Л.Сарантуяагийн зохиолуудыг дурдаж болохоор байгаа юм. Түүний “Амарлин”, “Тэр өдөр... Тэр шөнө” гэх мэт зохиолуудынх нь хавтсыг харвал хүүхдэд зориулсан комик зохиол юм уу гэж бодмоор. Харин эхний хэдэн хуудсыг сөхөөд үзвэл юун хүүхдэд зориулах хүүхдээс холын хол тавимаар, хараал зүхэл, үзэн ядалт, өшөө авалт нь багтаж ядсан бас ч үгүй +18 явдлыг бүдүүн тоймоор гулсуулчихсан учир нь олдохгүй үйл явдлууд ар араасаа хөврөх аж. Үүнийг уншаад уншигч танд юу үлдэнэ гээч. Шоронгийн хэллэг, гудамжны хар яриа, хараал зүхлийн үгийн сан тань л илт дээшилнэ. Жишээ нь:

ЗУРАГ 1

 

ЗУРАГ 2

 

 

Эдгээр зохиолуудад солонгос сериалын элемент, улиг болсон утга агуулгууд гүн шингэжээ. 

Тухайлбал, “Амирлан” зохиолд Гэгээлэн, Энхрийлэн, Эгшиглэн хэмээх 3 охин түүний эцэг Норов, хойд эх Нарансолонго болон эцэг нэгтэй дүү Төвшинтөр гэсэн гол дүрүүд гарна. Зохиол эцэг Норов нь нас барснаар эхэлж, отгон дүү Эгшиглэн нь хойд эх Нарансолонготой ач тач үзэлцэж байгаа тухай өгүүлнэ.

Эгшиглэнг зохиолч маань хэрсүү, бие даасан охины дүр гэж бодож бичсэн бололтой. Гэвч үнэндээ юу болохыг, юу болсныг нэгд нэггүй мэдээд байгаагаас нь үзвэл үзмэрч, зөн билигтэн юм уу гэмээр. Харин Нарансолонго бол солонгос киноны сувдаг шунахай бэр, хадам ээжийн дүрийн төлөөлөл юм шиг байгаа юм. Бас болоогүй ээ, Норов нэг компанитай байж. Норовыг нас барсны дараа Нарансолонго төрсөн хүүгээ, бүр болохгүй болохоор нь өөрийгөө захирлаар томилох гэж үзнэ. Энэ хэсгийн дүрслэл ямар агуу гэж санана. Солонгос сериалын эмэгтэй дүр компанийн захирал болохоор ирэхдээ цав цагаан хослол, өнгөлөг хувцас хунар, машинтай ирдэг хэсгийг зохиолч маань маш сайн монголжуулжээ. Шинэхэн лексус 570 машин дүнхийн зогсож байлаа /18ху/, үнэтэй гоё хувцас өмсөж, цүнхээ савчуулсан /70ху/ гээд бичих шиг л болж. За тэгээд солонгос сериал болгон дээр шахуу гардаг хөлсний алуурчинг мартаагүй нь мэдээж, тэр дүр нь Хишигт.

Энд хамгийн сонирхолтой нь юу гээч. Солонгос сериалын дүр болгон хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой, аалзны тор шиг л юм байдаг шүү дээ. Түүнийг маш сайн баримталжээ. Норовын компанийн дэд захирал Хүрэлтэй Нарансолонгыг холбочихож байгаа юм. Дээрээс нь хөлсний алуурчин Хишигтийг бас л Нарансолонготой зүгээргүй байдлаар гаргажээ. Тэгээд Хишигтийн эхнэр Долгор гэгчийг гаргаж, түүний охин, Хүрэл захирлын хүүхдүүд гээд эсэн бусын болсон болоогүй дүрүүд толгой эргүүлж орхихыг яана. Тэр дүрүүдүүр юуг харуулахыг зорьсон нь тодорхойгүй. Зохиолд байх шаардлагатай эсэх нь ч эргэлзээтэй. 
Эндээс зохиолын зангилаа, туйл хэсгүүдийг хайгаад ч хэрэггүй биз ээ. Чингэвээс, хуурай цөлөөс ус хайхтай л ижил зүйл болно. Мөн сэтгэлзүйн болоод нийгмийн онолын үүднээс дүрүүдийг тайлбарлах, зохиолыг задлан шинжлэх ямар ч атугай сэжүүр олдсонгүй. 

Тэрчлэн “Тэр өдөр... Тэр шөнө” зохиолд Норов, Бадам, Данди гэгч давтан гэмт хэрэгтэн нар болон Норовын эхнэр Цэнд гэсэн гол дүрүүд гарна. Зохиол эхнээсээ л утга агуулга, логикийн алдаа мадгаар үргэлжилнэ. Цэнд Норовтой 4 жил ханилсан гэх атлаа түүнийг шоронд байсан гэдгийг, муу зан авиртайг тэр ч бүү хэл өмнө нь хүнтэй сууж байсныг мэдэхгүй байх юм. Гэнэт л хөдөө явж байгаад чи өмнө нь эхнэртэй байсан юм уу гэж Цэнд Норовоос асуухад Норов учир зүггүй уурсан элдэв бусаар доромжлон зодож, хаанаас ч юм буу гаргаж ирээд нүүрэнд нь тулган сүрдүүлэх юм. Анх удаа иймэрхүү авир гаргаж байгаа юм байх. Хамт хоригдож байсан Бадам Данди хоёр гэр бүл болсон байх агаад ийн тал дундуур явсаар тэднийд ирж, Цэндийг тэнд үлдээгээд өөрөө шөнө нь ганцаараа явж Бадамын амьдарч байгаа сум болоод зэргэлдээх сумынх нь “Хаанбанк”-аас мөнгө хулгайлчхав.

Харамсалтай нь зохиолч маань хэдэн төгрөг хулгайлуулснаа мартав бололтой. 44-р хуудсанд 200 гаруй сая төгрөг гэсэн атлаа 50-р хуудсанд 200 мянган төгрөг гэжээ. Ингээд маргааш нь Норов, Цэнд хоёр хот руугаа буцаж, банкнаас хулгай хийсэн хэргээр олон хүн байцаагдан шалгагдана. Гэтэл гэнэт хажуугаар нь С.Зоригийн хэрэг ороод ирэх юм. Бадамын эхнэр Данди Зоригийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдсаар цагаатгагдаад гарахын даваан дээр нэг хоригдлын гуйлтаар эхнэрт нь захиа өгөхөөр очоод эхнэрийг нь төрүүлж сувилсаар 7 хононо. Тэгж байгаад өнөөх хоригдлын эхнэрийн архичин ахынх нь 2 найзтай үзэлцээд гарыг нь хутгалснаар дахиад л шоронд орно. Дэндүү үлгэрийн, дэндүү хийсвэр зохиомжууд. С.Зоригийн хэргийг энд яах гэж ч оруулсан юм бүү мэд. Мэдээж уламжлал ёсоороо эсэн бусын дүрүүд их гарна. Цэндийн хүүхдүүд, хүргэн болон хэсгийн байцаагч, бүр болоогүй түүний найз бүсгүй, эцэг эх гэх мэт.  Солонгос сериалуудад л ийм учир нь олдохгүй, агаарын үйл явдлууд хөвөрдөг санагдах юм. Гэв гэнэт л хорт хавдар тусаж, машины осолд орж, дампуурч нүд ирмэхийн зуурт  орвонгоороо эргэчихдэг шиг л. Хатуухан хэлэхэд, дэндүү үнэмшилгүй солиотой солонгос киноны дуураймал зохиол ажээ. 

Үнэндээ энэ зохиолуудыг уншиж байхад толгой өвдөж, дотор муухайрч байлаа /худал хэтрүүлэг ерөөс биш/. Арга ч үгүй биз дээ. Тэр их хүчирхийлэл, балмад үг, үйлдэлд тархи, сэтгэл минь цочирдоо биз. Хатагтай Л.Сарантуяагийн эл бүтээлийг хүүхдүүд, жирэмсэн эхчүүд болон зүрхний өвчтэй, хэт мэдрэг хүмүүс уншихыг хориглох нь зүй ёсны хэрэг болох буй за. 

Угтаа эдгээрийг детектив зохиол гэж ойлгодог уншигч байж болох юм. Зохиолч маань ч тэгж бодож бичсэн байж болох талтай. Гэвч эрхэм зохиолч детектив зохиолыг гэмт хэрэг, алаан хядааны бөөгнөрөл гээд бодчихсон юм биш байгаа. Хэрэв тийм бол тун том эндүүрч. Детектив зохиолын эцэг Японы зохиолч Эдогава Рампогийн зохиолуудаас ядаж ганцыг уншаад үзээсэй гэж зөвлөх байна. Түүний зохиолд мэдээж гэмт хэрэг, ер бусын түрэмгийллүүд гардаг. Гэвч тэр бүхний цаана сэтгэлзүйн асар нарийн уялдаа холбоо, дотоод зөрчил агуулагдсан байдаг юм шүү дээ. 

Эцэст нь хэлэхэд энд үг үсэг, найруулгын алдааг ер дурдсангүй. Дурдах аваас хэчнээн жил, сар болох юм бүү мэд. Гагцхүү хэвлэлийн эсвэл редакторын алдаа л байх гэсэн нэрийдлээр нүдээ аниад өнгөрье дөө. “Сайн зохиол бидэнд баатрынхаа талаар чин үнэнийг өгүүлж байдаг бол муу зохиол зохиогчийнхоо тухай жинхэнэ үнэнийг өгүүлж байдаг” /Зохиолч Ж.К.Честертон/ гэдэг шүү дээ. Аа-яа-яа, энэ хүн ийм хэв загвар, дүрслэлтэй ямар ч олон ном гаргасан юм бэ дээ. Юутай их эмгэнэл вэ. Өмнөөс нь харамсаад баршгүй нь. 

Утга зохиол судлаач Б.Батцэцэг