Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан батлахтай Б.Ханбаатар есөн жилийг чанга дэглэмтэй хориход өнгөрүүлэх нь

Б.Даваахүү
2016 оны 10 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Б.Ханбаатарын ялыг хэвээр үлдээлээ

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогчийн албан тушаалыг хашдаг, бүр тодруулж хэлбэл, МАН-ын улаан батлахтай Б.Ханбаатар гэгч этгээд малын эмч бүсгүйг зэрлэг балмадаар эрэмдэглэн хүчирхийлсэн гэх жигшүүрт хэргийг өчигдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэлэлцлээ.

Улмаар Б.Ханбаатарт ногдуулсан есөн жилийн хорих ялыг хэвээр үлдээж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дэмжив. Гэмт этгээдэд анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1,126.2.5 дахь хэсэг дэх ялуудыг нэмж нэгтгэн, нийт есөн жилийн хорих ял ногдуулж, чанга дэглэмтэй хорих ангид ялыг биеэр эдлүүлэх шийдвэрийг 2016 оны зургаадугаар сард гаргасан байдаг билээ. Ийнхүү жигшүүрт хэрэг үйлдсэн балмад этгээд есөн жилийг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэхээр боллоо.

Хэрэг ингэж эхлэв

Өнгөрсөн жил Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газарт малын эмчээр ажилладаг Б гэх 26 настай бүсгүйг хуралд сууж байх үед нь Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар дуудсан байдаг. Тухайн үед малын гоц халдварт өвчин гарсан гэх нэрийдлээр бүсгүйг хуурч, айлын унага тамгалах найранд аваачсан хэмээн эх сурвалжууд мэдээлсэн.

Улмаар архидан согтуурч, Засаг даргын орлогч Б.Ханбаатар бүсгүйг машинаар авч явснаар энэ хэрэг эхэлжээ. Тэрбээр бүсгүйг машиндаа суулгаад 200 хүрэхгүй метр явсныхаа дараа замаасаа салж, улмаар ичгүүр сонжуургүй зан гаргаж эхлэх үед нь хохирогч бүсгүй эсэргүүцэл үзүүлснээр зэрлэг балмад эрийн гарын шүүс болоход хүрсэн гэдэг.

Б.Ханбаатар нь 2006 онд БХИС-ийг төгссөн бөгөөд 2012 оны орон нутгийн сонгуульд МАН ялах үед Засаг даргын орлогч болтлоо суга дэвшсэн нэгэн байж. Гэвч эрх мэдэл албан тушаалдаа дулдуйдан гурван настай охинтойгоо хоёулхнаа сумын нийтийн байранд амьдардаг байсан Борнуур сумын гаралтай 26 настай залуу бүсгүйг зэрлэг балмадаар хүчирхийлж, сэхээнд ортол нь зодсон жигшүүрт хэргийг үйлдсэн аж.

Сум орон нутгийн удирдах албан тушаал хашдаг тэрхүү хэрцгий эрд хүчирхийлүүлсэн бүсгүй бяцхан охинтойгоо эсэн мэнд уулзахын тулд цусаа урсган амь тэмцэн айл рүү мөлхөж явсныг ээж нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан удаатай. Түүнчлэн, Б.Ханбаатарыг биеэ барих чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглээгүй гэдгийг гэрчүүд мэдээлсэн байдаг.

Баянчандмань сумын МАН-ын дэд дарга Б.Ханбаатар гэгч хэн бэ

Б.Ханбаатар 1984 онд Баянчандмань суманд төрсөн ажээ. Сумынхаа МСҮТ-д олон жил ажилласан, нутаг усандаа нэр хүнд сайтай мастер багшийн хүүхэд юм байна. Тэрбээр Баянчандмань сумын дунд сургуулийг төгсч, БХИС-ийг Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр амжилттай суралдан төгсчээ. Сургуулиа төгссөн даруйдаа цэргийн ангиас ажлын гараагаа эхэлсэн боловч, хүн зодож танхайрсны улмаас ажлаасаа халагдсан гэнэ.

Ингээд дээд сургууль төгсч, төрийн байгууллагад хэдэн жил ажилласан Б.Ханбаатар төрж өссөн сумандаа ажиллаж, амьдрахаар иржээ. Сумандаа ирээд O гэх эмэгтэйг эхнэрээ болгосон байна. Тухайн үед Б.Ханбаатар эрхэлсэн тодорхой ажилгүй байсан аж. Харин O нь сумын төвд үсчний газар ажиллуулж амьдралаа залгуулдаг байжээ.

Б.Ханбаатар эхнэр О-гоо байнга зоддог байсан төдийгүй өвлийн хүйтэнд ч хүүхэдтэйгээ нүцгэн гэрээсээ хөөж, гаргаж байсан удаатай яхир нэгэн гэх. Улмаар нөхөртөө хөөгдсөн бусгүй нийслэл хотыг зорьсноор Б.Ханбаатар хоёр дахь амьдралаа эхлүүлсэн байна.

Түүний одоогийн эхнэр нь дээд боловсролтой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нягтлан бодогчоор ажилладаг байжээ. Тэд гэр бүл болсоор хоёр охинтой болж, одоо охид нь цэцэрлэгт явдаг аж.

Анхны ажлаасаа гутамшигтайгаар халагдсан эр тодорхой эрхэлсэн ажилгүй байсан ч, 2012 оны орон нутгийн сонгуулиар Баянчандмань суманд МАН ялалт байгуулснаар албан тушаалын “бялуу хүртсэн” хэрэг.

Тухайн үед МАН-ынхан орон нутагтаа нэр хүнд сайтай багшийн хүү, мэргэжилтэй залуу боловсон хүчин гэдэг утгаар нь түүнд итгэл хүлээлгэж, сумын намын хорооны дэд дарга, Сумын засаг даргын орлогчоор тус тус томилсон байна. Тэр үед түүнийг сайн эцгийн нэрээ шороотой хутгана чинээ хэн ч төсөөлөөгүй нь мэдээж.

Гэвч өөрт нь итгэл хүлээлгэсэн иргэдийн өр рүү өшиглөж, сумын удирдах албан тушаалд томилогдсон даруйдаа бусадтайгаа дээрэнгүй өнгө аясаар харилцдаг болсон төдийгүй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зэрлэг балмад аашилж, бусдын биед гэмтэл учруулж байсныг нутгийнхан нь гэрчилдэг байна.

Зураг