Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Өнөрбаян: Зөв бичгийн дүрмийг үндсээр нь шинэчлэх ажил түр зогссон

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, гавьяат багш доктор, профессор Ц.Өнөрбаянтай ярилцлаа.

-Таван жилийн өмнө эргэлзээтэй бичигддэг 700 үгийг журамласан нь нэгэн томоохон ажил байсан. Үүнээс хойш эх хэлний зөв бичгийн дүрэмд ямар нэг өөрчлөлт орсон уу. Та зөв бичгийн дүрмийг шинэчлэхээр ажиллаж байгаагаа нэгэнтээ дурдсан байдаг?

-1990 оноос хойш зөв бичих дүрмийн алдаатай бичих, нэг үгийг олон янзаар бичдэг нь газар нь авсан. Үүнийг журамлах шаардлага байсан учир МУИС, МУБИС-ийн Монгол судлалын сургууль, БСШУЯ, Хэл зохиолын хүрээлэн, Боловсролын хүрээлэн, Төрийн хэлний зөвлөл харилцан ярилцаад зөв бичгийн дүрмээс гадна олон янзаар бичигддэг үгсийг сургалтын түвшинд журамлахаар санаачилсан.

Ингээд 2011 оны зургаадугаар сарын 10-11-нд дээрх нэр бүхий байгууллагуудын 40 гаруй эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй баг ажиллан 700 үгийг журамласан. Ингэхдээ үгийн хэв шинж, үгийн бүтцийн онцлог, хэлний хэмнэлийн хууль зэрэг олон талаас нь авч үзсэн. 

Ийнхүү эргэлзээтэй бичигддэг үгсийг нэр мөр болгож журамласан нь ЕБС-ийн сургалтын нэр хүндэд хэрэгтэй байсан юм. Жишээлбэл, зарим хүн гавъяа-гавьяа, дээрх-дээрхи гэх мэтчилэн үгсийг янз янзаар биччихдэг байсан.

Алийг нь зөв, алийг нь буруу гэх нь мэдэгдэхгүй. Харин журамласнаар цэгцэд оруулж байгаа хэрэг. Ингэхдээ бид 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь” гэж бий. Түүнийг л үндсэндээ баримталсан. Гэхдээ түүнд уламжлалаар бичдэг зарим үгийг сүүлийн тогтоолоор журамласан. 

-Үүнийг ихэнх хүн таатай хүлээж авсан ч зарим үг дээр тун шүүмжлэлтэй хандах хүмүүс ч их бий?

-Хүмүүс их шүүмжилдэг юм. Цээж гэдэг үгийг чээж гэдэг болсон байна гээд л. Бид бол чээж гэж бичихээр тогтоосон. Иймээс энэ чигээр л бичиж тогтох ёстой. Яаж бичих вэ гэдгийг хэл шинжлэлийн үүднээс нарийн тогтоож болдоггүй үг гэж бас байна. Тэдгээрийг эрдэмтдийн олонхын саналаар тогтоосон. 700 үгэнд цөөн хэдэн үгийг эрдэмтдийн саналаар тогтоосон байгаа. 

Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Сонины мэдээлэл, телевизийн доогуур урсч буй  үгсийг харахад зөв бичгийн дүрмийн хамгийн анхан шатны буюу ЕБС-ийн түвшний дүрмээр бичдэг үгсийг алдаатай л бичээд байдаг. Үүнд хариуцлага хүлээж ч байгаа юм алга.

Хамгийн эхлээд дүрмээр бичдэг үгсээ зөв бичээд сурчих хэрэгтэй. Буруу бичихэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд бичгийн соёл, ялангуяа зөв бичгийн дүрмээ сайн сурах ёстой юм. Өдөр тутам гардаг сонины алдаа харьцангуй гайгүй.

Гэтэл шар сонинуудын хувьд маш их алдаатай байна. Мөн ном дээр ч алдаатай үгнүүд их харагддаг. Үүнд хэлний бодлогын үндэсний зөвлөл, эрх бүхий байгууллага анхаарч үзэх ёстой. 

ЕБС-ийн сурах бичигт хэлнээс өөр төрлийн ном дээр ч алдаа харагддаг байсан. Харин сүүлийн үед хэлний талаас нь уншдаг редактортай болсон учраас харьцангуй сайжирсан. Ер нь зөв бичгийн дүрмийн маргаан хэзээ нь нэг мөр болох вэ гэвэл хуульчилсан толь гарч байж сайжирна. Харин одоогоор манайд тийм толь алга. Бид өнөөг хүртэл 1983 онд гаргасан толийг л мөрдөж байгаа.

-Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон дүрмийг сайжруулж, толь гаргахаар ажиллаж байгаа талаарх ярианд эргэн оръё. Энэ ажил юу болж байгаа вэ?

-Кирил бичгийн дүрмийг журамлах Засгийн газрын тогтоол болон Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон дүрмийг шинэчлэх эрдэмтний санаачилгаар дүрэм шинэчлэх ажил хийгдэж байсан.

Бид кирил бичгийн дүрмийг журамлаж тогтоохоор ажиллан, дүрмээ боловсруулан, толь хийгээд ерөнхийдөө бэлэн болж байсан. Гэвч хүмүүсийн шүүмжлэлтэй их тулгарсан. Мөн зөв бичгийн дүрэмтэй холбогдуулан ном сурах бичгийг өөрчлөх эдийн засгийн боломж ч хомс байсан. Учир нь дүрэм өөрчлөгдлөө гэхэд сурах бичгүүд бүгд өөрчлөгдөх шаардлагатай болно шүү дээ.

-Тэгвэл дүрэм шинэчлэх ажил зогссон байх нь ээ. Ямар дүрэм боловсруулж байсан талаараа тодруулж ярьж болох уу?

-Зөв бичгийн дүрмийг үндсээр нь шинэчлэх, томоохон ажил хийхийг зогсоочихсон байгаа. Одоогийнхоор зөв бичгийн 70, 80-аад дүрэм бий. Харин бидний зохиосон дүрэм бол 20 гаруй дүрэмтэй байсан. Мөн гээгдэх, гээгдэхгүй эгшиггүй, зарим үсгийг хасахаар байсан юм л даа. Энэ ажил түр зогссон учраас оюун өмчөөр хадгалж байгаа.

Монгол Улс хэзээ нэгэн цагт эдийн засаг баян болоод, зөв бичгийн дүрмээ өөрчлөх үе бүрдвэл оюуны соёлыг өөрчлөх боломж бий. Хууль эрхзүйн орчин нь харьцангуй сайн бүрэлдэж байна. 

Кирил бичгийн тухай туйлшрал байдаг л даа. Монгол бичиг бол босоо тэнгэрлэг бичиг, кирил бол хэвтээ, муу бичиг гэж. Бичиг үсэгт буруу өгдөг. Тийм биш юм. Монгол бичиг бол маш олон зуун жилийн турш хэрэглэгдсэн, монголчуудын үндэсний бичиг болтлоо дархлаажсан, Монголын үе үеийн соёлын оюуны охь бүтээлийг өдий хүртэл авчирсан.

Харин кирил бичиг бол 70-аадхан жил хэрэглэгдсэн хэр нь ард түмнийг бүх нийтээр нь бичиг үсэгтэй болгосон, ярианы хэлэндээ ойр. Тиймээс энэ бичиг, муу сайн, гаднаас тулгаж өгсөн гэж ярьдагт би хувьдаа дургүй. 

-Өнгөрсөн онд Монгол хэлний тухай хууль батлагдсан. Та энэ хуульд хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Эх хэл гэдэг тухайн үндэстний дархлааг хадгалж, тээж явдаг хүчирхэг зэвсэг. Хэлнийхээ талаар хамгаалах, сургах, өвлүүлэх талаар Төр засаг тодорхой бодлоготой байх ёстой. Энэ бодлого бол сүүлийн үед анхаарал татаж байгаа. Төр засгаас эрдэмтдийн санал санаачилгыг харгалзан үзэж 2003 онд Эх хэлний тухай хуулийг гаргасан байдаг.

Энэ хуулийн үйлчлэх хүрээ хязгаарлагдмал байсан учраас 2015 онд УИХ-ын тодорхой гишүүдийн санаачилгаар боловсруулан, мэргэжлийн эрдэмтэд бидний оролцоогоор 2015 оны хоёрдугаар сарын 12-нд Монгол хэлний тухай  хуулийг баталсан. Би энэ хуулийг батлагдсанд тун баяртай байгаа.

Яагаад гэвэл би мэргэжлийн хүн, Монгол хэлний тухай хууль гарна гэдэг бол том дэвшил. Гэхдээ хууль төгс гарна гэж байдаггүй. Хэрэгжих явцдаа өөрчлөх, шинэчлэх зүйл их гарах байх. Энэ хуулиар ЕБС-д хэддүгээр ангиас гадаад хэлийг заах вэ, монгол бичгийг VI-XII анги хүртэл нь заах, 2025 онд хос бичигтэн болгох бэлтгэл хангана зэрэг олон чухал заалтууд багтсан. 

Харин энэ хуульд бусад хуулийг бодвол, торгох, арга хэмжээ авах заалтууд бага байгаа. Яагаад гэвэл эх хэлээ хамгаалах, эзэмших, өвлүүлэх нь нийт ард түмний журамт үүрэг.