Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах төсөл экологийн хувьд ихээхэн ач холбогдолтой"

Л.Жаргал, Зууны мэдээ
2016 оны 10 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг

Ерөнхийлөгчийн санаачилсан бух нийтээр мод тарих өдрөөр Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тов хэсгийн 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийг нээж мод тарих, зам, барилга барих зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын явцын талаар Монголын Байгаль орчны консорциумын дэд тэргүүн Б. Очирсүхтэй ярилцав.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Байгаль орчны чиглэлээр сургууль төгссөний дээр ойн менежментийн талаар Солонгосын Корса Их сургуульд мастерын зэрэг хамгаалсан.
Хэдхэн хоногийн өмнөөс бид Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн нээлтээ хийж мод тарих, зам, барилгын ажлыг эхлүүлсэн.

Энэхүү бичил цэцэрлэгийн төслийг Монголын Байгаль орчны консорциум төрийн бус байгууллага, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран боловсруулж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн зорилго нь Улаанбаатар хотын цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг өргөжүүлж, нийслэл хотын иргэдэд амралт,чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тав тухтай орчинг бүрдүүлэхэд оршино. 

Энэхүү ботаникийн бичил цэцэрлэг байгуулагдсанаар ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, хөрсний эвдрэл, цөлжилтөөс сэргийлэх, ойн төрөл зүйлийг хамгаалах зэрэг байгаль хамгаалал, экологийн хувьд ихээхэн ач холбогдолтой болохын зэрэгцээ манай орны иргэд, ялангуяа хүүхэд, залуучуудад ойн нөөц болон ойн төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой ашиглах талаар тодорхой мэдлэг олгоход туслах юм.

-Олон талын ач холбогдол бүхий сайхан төсөл хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна. Энэ төслийг ямар байгууллага санхүүжүүлж байгаа вэ?

-Энэ төслийг “Ази Номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ” олон улсын төрийн бус байгууллага санхүүжүүлж байгаа бөгөөд төслийн бүтээн байгуулалтад зориулж 1,5 сая орчим ам.доллар зарцуулна.

-1.5  сая орчим ам.долларын санхүүжилттэй төсөл гэдэг бол бага төсөл биш. Ийм төслийг төрийн бус байгууллага торийн байгууллагын дэмжлэгтэй боловсруулж хандивлагчаар батлуулна гэдэг амаргүй байх. Ийм боломж бусад төрийн бус байгууллагад хэр олддог вэ?

-Боломж байлгүй яахав. Өнөөдөр гадаадад мэргэжил эзэмшсэн уус олон болсон. Тэдэнд төрөөс үзүүлэх дэмжлэг болон өөрсдийнх нь санаачилга чухал.
-Ер нь ихэнх гадаадын том санхүүжилттэй төслийг гадаадын байгууллага, гадаад хүн боловсруулж манай төрийн болон төрийн бус байгууллага, монгол хүмүүсийн оролцоотой хэрэгжүүлж байгаа. Эдгээр төслүүдийн санхүүжилтийн хэдэн хувь нь бүтээн байгуулалтад хэд нь бусад (сургалт, зөвлөмж) зарцуулдаг бол? Тухайлбал, танай төслийн хувьд?

-Бусад төслүүдийн санхүүжилтийн зарцуулалтын талаар надад мэдээлэл алга. Харин энэ төслийн хувьд манай улсад орж ирэх 1,309,380 ам.долларын 79 хувь нь Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд хийх зам барилгын ажлыг гүйцэтгэх барилгын “Харцагат-Уул ” компанид, 13 хувь нь ойжуулалтын ажлыг хариуцах “Амьд газар” компанид үлдсэн найман хувь сургалт. сурталчилгаа, нөхөн сэргээлт болон төслийн менежментийн арга хэмжээнд зарцуулагдах болно.

-Дээрх бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх барилгын болон ойжуулалтын компанийг хэрхэн сонгосон бэ?

-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг шалгаруулж сонгосон болно.

-Төсөл санхүүжүүлж байгаа байгууллагын тухай танилцуулаач. Мөн яагаад энэ төслийг санхүүжүүлж байгаа вэ?

-"Ази Номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ” олон улсын төрийн бус байгууллага бол 2007 онд Австралийн Сидней хотноо болсон АПЕК-ийн 15 дугаар чуулга уулзалтын үеэр Хятад улс санал болгож Австрали, Америкийн нэгдсэн улсууд ивээн тэтгэж бүс нутгийн Эрчим хүчний аюулгүй байдал, цэвэр хөгжлийг дэмжих, ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг сайжруулах, боловсронгуй болгох зорилгоор 2008 онд байгуулагдсан, ашгийн бус олон улсын байгууллага юм.

Энэ байгууллага нь иргэд ойгоос үр шимийг нь хүртэхдээ ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэхийг дэмждэг.
Мөн Ази номхон далайн бүс нутгийн ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, ойн экосистемийн чанарыг сайжруулах, ойн олон талт үйл ажиллагааг дэмжих, бүс нутгийн хүрээлэн бун орчин, нийгэм эдийн засгийн өөрчлөлт, уур амьсгалын өөрчлелтийг бууруулах, дасан зохицоход туслах зорилготой.

Энэ байгууллага зорилгынхоо хүрээнд олон чухал зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаагийн нэг нь 2020 он гэхэд бүс нутгийн ойгоор бүрхэгдсэн талбайг дор хаяж 20 сая га хүргэж нэмэгдүүлэх зорилт юм. Энэ зорилтынхоо хүрээнд манай оронд хэрэгжүүлэх "Ботаникийн бичил цэцэрлэг” төслийг санхүүжүүлж байгаа юм.

-Төслийн хүрээнд 8.4 га газарт ямар бүтээн байгуулалтын болон ойжуулалтын ажил хийгдэх вэ?

-Төслийн хүрээнд 8.4 га газарт зaм талбайн хучилтын ажил, гэрэлтүүлэг, усан сан, асар, хашлага, чулуун баримал, чулуун тохижилт, явган болон дугуйн зам, машины зам, зогсоол гэх мэт тохижилт бүтээн байгуулалт, ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн ажлыг цогцоор нь шийдсэн олон улсын жишигт нийцэхүйц "Ботаникийн бичил цэцэрлэг" байгуулахаар зорьж байна.

Зураг