Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Best seller"-ийн бодит үнэн

ikon.mn
2016 оны 10 сарын 11
Монгол хэл соёлын хүрээлэн
Зураг зураг

Өдгөө бид өнгөлөг мөнгөлөг хавтастай, нимгэн зузаан, том жижиг асар олон номын далайд сэлүүрдэж явна. Энэ мэдээж сайн хэрэг. Гэвч энэ бүгдээс өөрийн хэрэгцээ сонирхолд нийцсэн, уншууртай, шим шүүстэй ном бүтээл олно гэдэг өвснөөс зүү эрэхтэй л ижил зүйл мэт санагдана.

Тэгэхээр ямар ном зохиолыг уншууртай гэж хэлэх вэ?

Нэг жишээ нь  дэлхийн сонгодог гэгддэг зохиолууд. Энэхүү сонгодог зохиолуудын утга агуулгыг зэрвэсхэн харахад л тухайн нийгмийнхээ нөхцөл байдал, үүсээд байгаа асуудал бэрхшээлийг тод томруунаар бас энгийнээр тусгасан байдаг. Түүнчлэн хувь хүний мөн чанар буюу үзэл санаа, бодрол, эргэцүүллийн дотоод зөрчилдөөнийг орхигдуулдаггүй. Тухайлбал, хар арьстнуудыг боолчилж, тэдэнтэй зүй бусаар харьцаж байсан цаг үед Гарреиет Бичер Стоу гэгч эмэгтэй "Том авгын овоохой" хэмээх зохиолыг бичжээ. Тэрээр энэ зохиолоороо боолчлолыг эсэргүүцэх хөдөлгөөнийг эхлүүлж чадсан юм.

Мөн “Гулливерийн аялал” хэмээх зохиолыг дурдаж болно. 1726 онд бичигдсэн уг зохиол хэдийгээр хүүхдийн зохиол боловч тухайн үеийн Европийн ялангуяа Английн нийгмийг далд утгаар егөөдөн элэглэж бичсэн байдаг. Цаашилбал,  Габриель Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал”, Кафкагийн “Хувирал, Толстойн “Иван Ильичийн үхэл”, В.Набоковын “Лолита” зэрэг зохиолууд бүгд гайхамшигтай. Энэ бүхэнд хүний амьдралын үнэ цэн, утга учир, сэтгэлзүйн асар том философи нуугддаг.
Дэлхий нийтэд алдаршсан зохиолуудын гол нууц нь энэ.

Тэгэхээр эдгээрээс үзвэл сургамж авахаар, нэгийг бодогдуулахаар, асуудал дэвшүүлсэн тийм л зохиолыг “уншууртай” гэж тодорхойлж болохоор байгаа биз.

Монголд уншууртай ном зохиол гарч байна уу?

Монголчуудын ихэнх нь “best seller” номыг уншууртай, сайн ном гэж ойлгодог. Энэ бол тун ташаа ойлголт гэдгийг хэлэх байна. “best seller” ном нь хамгийн их борлуулагдсан ном буюу дийлэнх массын эрэлт хэрэгцээ. Масс зүгээр л нэг сайхан хайрын түүх, найзуудын хөгжилтэй явдлыг эрэлхийлсэн байж болох шүү дээ.

Миний хувьд ч бас “best seller” ном бүтээл туурвидаг мундагчуулын номыг олны шуурганд өртөн хэдэнтээ уншсан юм даг. Гэвч үнэнийг хэлэхэд тэнд сургамж авахаар, нэгийг бодогдуулахаар, асуудал дэвшүүлсэн зүйл даанч дулимаг. Хамгийн гол нь энэ зохиол надад юу өгөв өө гэсэн асуултын хариуг хайгаад хайгаад үл олж чадна, мухардана.

Тодруулбал, Шүүдэрцэцэгийн бүтээлийн сор гэгдэх “Шүрэн бугуйвч”, “Гэнэтийн бэлэг” зохиолуудыг энд дурдъя.

“Гэнэтийн бэлэг” зохиолын гол дүр нь Оюун хэмээх эмч бүсгүй. Тэрээр 30 хүрэх гэж яваа боловч хань ижилгүй, ажилд дарагдсан, нэгэн хэвийн уйтгартай амьдралтай нэгэн. Зохиолын бараг тэн хагас хүртэл түүний энэ уйтгартай амьдралын хэв маягийг залхтал өгүүлнэ. Тэгээд л шинэ жилийн үдэшлэгээр гацуурт хүслээ шивнэсэнд Валентины баярын өмнө хэн нь илгээсэн нь мэдэгдэхгүй нэгэн ягаан дугтуйтай урилга хүлээн авна. Урилгын дагуу “Учраагүй хосуудын баяр”-т нь гангалж гангалж очих бөгөөд тэнд эрэгтэй 00 руу нь андуурч ороод ичсэндээ буцаад гэртээ ирчхэж байгаа юм.  Гэтэл маргааш нь 00-д таарсан хоёр залуу ороолтыг нь авчирч өгснөөр хань ижилтэй болох хүсэл нь биелж байгаагаар төгсөнө. Ердөө л энэ. Нөгөө л нэг байдаг л зүйлсийг урсгалаар нь хөврүүлээд биччихсэн. Бас болоогүй уншигч бидэндээ гэнэтийн бэлэг барьж байна уу гэлтэй учир нь үл олдох, утгагүй гэмээр логиктой.

Харин “Шүрэн бугуйвч” зохиолыг хүн бүр мэдэх болов уу. Яг л солонгос киноны жишгээр баян, ядуу гэр бүл гарах бөгөөд нэг охинд хоёр залуу дурласнаар зохиол цааш хөвөрч байгаа юм. Тэгээд өнөө л нэг янзаар бичсээр дуусна. Бүр зарим хэсэгт нь, солонгос савангийн дуурийн зохиол уншиж байгаа бил үү, би гэж будилж сууснаа нуух юун.

Түүнчлэн уншигчдыг байлдан дагуулсан гэгдэх Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч”, Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” зэргийг нэрлэж болох юм. Юун түрүүн эдгээр бүтээлийн зохиогч нарын авьяасыг нь биш хөдөлмөрч, хичээнгүй занг сайшаамаар байна. Юу гэвээс “Очир эрхшээгч”-ийн зохиолч тэр олон цэцэгсийн нэрийг нэг бүрчлэн ялган салгаж, бурхан шашны үг хэллэг, ойлголтыг нухацтай судалжээ.

Харин “Ногоон нүдэн лам”-ын зохиолч хэсэг бусаг үйл явдлуудыг эвтэйхэн холбож өгсөн байна. Хэдийгээр тийм ч зохиолын амин сүнс нь хэл найруулга гэдгийг санах хэрэгтэй. Өнгөцхөн гүйлгээд харахад л хэл найруулга, өгүүлэмж, дүрслэмж тун ядмаг ажээ. Жишээ болгон байж боломгүй алдаануудыг нь тоймлон авч үзье. 

“Ногоон нүдэн лам”-ын тухайд:

  • ... үдшийн наран ... /13ху/ - Өглөөний нар, өдрийн нар, үдийн нар, оройн нар л гэж ярьдаг болохоос бус үдшийн нар гэдэггүй. Үдэш гэдэг нь нар жаргаж бүрэнхий болох үе. Нэг үгээр хэлбэл зохиолч маань шөнийн нар гэсэнтэй ялгаагүй үг хэрэглэжээ. 
  • Тэгснээ тэр гэнэт гэдэс нь өвдөх шиг болж бие нь арзайгаад ирэв. /33ху, 324ху гэх мэт/ - Сандарч тэвдэх, цочирдох гэсэн санааг гэдэс нь өвдөх гэсэн хэллэгээр илэрхийлсэн бололтой. Монгол хэлэнд энэхүү утга санааг илтгэх царай нь цонхийх, дотор давчдах, дотор пал хийх, зүрх нь түргэн цохилох гэх мэт үгийн арвин сан бий л юм сан.
  • Эрхэм зочид тавтай морилж ирэв үү? /48ху/ - Монгол хүмүүс аян замдаа сайн явж ирэв үү? гэдгийг энд умартсан ажээ.
  • Голын урсгалын шуугианыг нэвт хашгирч ... /50ху/ - Үгүй ээ мөн сонин дүрслэл байгаа биз. Усны чимээг даван хашгирч гэсэн бол илүү онох байсан болов уу.
  • Битгий шуугиад бай л даа гэж арай ахмад настай охин хэлээд нудрав. /92ху/ - Ахмад настай охин гэж монголчууд бид ярилцдаг бил үү. Эгчмэд, насаар илүү гэж л хэлдэг шүү дээ.
  • ... сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр товч хариулаад ... , Сумъяа бэр гуйсан багийхныг мориноос буухад нь угтан мэндчилэв. /96ху, 369 гэх мэт/ - Сэтгэл хөдөлгөөнгүй хариулах гэдгийг юу гэж ойлгох вэ? Баяр баясгалантай биш бол аядуу тайвнаар, эрс шийдэмгий, төв царайлан эсвэл бүр ердийнхөөрөө л баймаар.
  • Чи ийм яриаг хаанаас дуулаа вэ хө гэж чихээ соотойлгов. /404ху/ - Амьтныг л чихээ соотойлгох гэдэг биш бил үү. Хүнийг бол чихээ дэлдийлгэх, чих тавих гэх мэтээр л дүрсэлдэг шүү дээ.
  • ... түүний нойтон нүүр Баасан, Сэндмаа нарынхтай сүлэлдэв. /523ху/ - Бие биенийгээ тэвэрч уйлаад л, сүлэлдээд л байгаа юм даа.

 “Очир эрхшээгч”-ийн тухайд:

  • ... гээд биеэ эзэмдэн эмхэлж буйдан дээр баттай суух гэж хичээв. /10ху/ - Биеэ эзэмдэн эмхлэх гэдгийг ойлгох гэж хэрэндээ л зовсон шүү.
  • Сүйн бөгжтэй хайрцгаа хармайндаа эргүүлэн дүрж ... /21ху/ - Сүйн бөгжтэй хайрцгаа халаасандаа эргүүлэн хийж гэдгийг тун бүдүүн тоймоор бичжээ.
  • Эндрю хөлдүү устай торх шиг авгайд маш муу байв. /60ху/ - Маш бядуу зүйрлэл.
  • Эндрю нэлээдгүй хичээл зүтгэлээр дотоод доргилтын хүчийг дарсхийгээд ... /84ху/ - Нэлээд гэдэг үг нь ихээхэн, багагүй гэсэн утгыг илтгэнэ. Гэвч нэлээдгүй болчихоор их биш, багахан гэсэн утгатай болж байна. Зөвхөн энэ үгээс л өгүүлбэрийн санаа өөр тийш чиглэчихэж байгаа биз. Түүнчлэн дотоод доргилтын хүч гэж юуг хэлээд байгаа юм бүү мэд. Арга ядахдаа сэтгэлийн дэнсэлгээ буюу догдлолыг л хэлсэн хэрэг байх хэмээн таамаглал дэвшүүлээд өнгөрлөө.
  •  Эндрю толгойгоо өндийлгөн хув хуурай хэрнээ хэлшгүй их гунигаар гэгээнтнийг харжээ. /87ху/ - Хув хуурай гуниг гэж юу болохыг зохиолчоор нэг тайлбарлуулах сан.
  •  Том ах “Жинхэнээсээ солиорчээ” гэх ганц үгийг чулуу шиг үмхжээ. /102ху/ - Бас л нэг болхи зүйрлэл.
  • Түүний хөл рүү мөс шил шиг л хүйтэн гялтгар харцаар харсан юм. /457ху/ - Мөс шиг хүйтэн харц байж болох юм. Харин шил шиг хүйтэн харц, гялтгар харц гэж би л хувьдаа мэдэхгүй юм.

Олныг байлдан дагуулсан гэх тодотголтой мундаг зохиолууд ийм л маруухан, монгол сэтгэлгээ, ахуйгаас алсарсан, уншихад үнэхээрийн хэцүү түг таг гэсэн хэл найруулгатай байх юм. Өнөө уран цэцэн үг хэллэг, үгсийн арвин сан хөмрөгтэй, яндашгүй баян монгол хэл минь энд үгүйлэгдэнэ.

Сүүлийн үед арилжааны уран зохиол хүчээ авч байгааг нэг хэсэг нь буруушаавч ихэнх нь өөрт хамаагүй мэтээр хүлээн авах хандлага, дүр зураг ажиглагдсаар байна. Гэвч үгүй юм. Монгол уран зохиол монгол хүн бүрт хамаатай. Учир нь уран зохиол бол хүмүүсийг чиглүүлэгч, идэвхжүүлэгч оюун ухааныг нь услан ургуулагч хүчин зүйл юм. Тиймээс ч “Үндэсний утга зохиол унавал тухайн үндэстэнд оюуны хоосрол нүүрлэж, нийгэм нь ялзралд орно” /Ezra Pound-1885-1972/ хэмээсэн байдаг.

Энэ мэтээр цааш явбал үйл явдал хөөх төдий зүйлийг зохиол гэж ойлгосон мянга мянган залуус зохиол бичих амархан гэж санаад, зохиолч сэтэр зүүх гэсэн ахархан бодолд автах нь гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрж байна. Хэчнээн аймшигтай, хэчнээн харуусалтай вэ дээ.

Уншигчид аа! Та бүхэн харж байгаа байх. Монголын уран зохиолд нарийн шүүлтүүр хэрэгтэй байна. Арилжааны биш агуу зохиол хэрэгтэй байна. Дан ганц энэ бүхний бодит хэмжүүр нь уншигч бид бүхэн учраас олныг дагаж шогшролгүй, оюуныхаа мэлмийг нээхүйц зохиолыг сонгож унших мөнхийн эрэл хайгуулалтай байгаарай гэж хүсье.
 
Утга зохиол судлаач Б.Батцэцэг