Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн 28 их, дээд сургуулийн танилцуулга, өдөрлөг Улаанбаатарт болох гэж байна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (БЗМТ ТББ) Улаанбаатар дахь Олон Улсын дунд сургуультай хамтран 2016 оны 10-р сарын 14, 15-ны өдрүүдэд “Америкийн боловсролын өдөрлөг-2016”-г 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өдөрлөг Хан-Уул дүүрэгт байрлах Улаанбаатар дахь Олон Улсын Дунд сургуулийн байранд болно.

Энэхүү үеэр Америкийн 28 их, дээд сургуулиудын танилцуулга үзэсгэлэн, өдөрлөг болон Америкт бакалавр, магистр, докторын зэргээр сурахтай холбоотой танилцуулга лекцийг үнэ төлбөргүй хүргэнэ. 

Энэ удаагийн өдөрлөгт АНУ-ын их дээд сургуулийн элсэлтийн ажилтнууд АНУ-ын боловсролын систем, 2 жилийн сургууль, бакалавр, магистр, доктор болон мэргэжлийн сургалт (бизнес, анагаах, хууль)-ын талаарх ерөнхий мэдээлэл, элсэлтийн үе шат, элсэлтийн ерөнхий шаардлага, эссэ бичих аргачлал, сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зэрэг сэдвүүдээр 2 өдрийн турш зөвлөгөө өгнө. 

Эдгээр лекц болон танилцуулга нь орчуулгатай явагдах тул сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой. 

Өдөрлөгийн үеэр АНУ-ын элсэлтийн шалгалтанд бэлтгэх болон англи хэлний номын хямдралтай худалдаа явагдах юм. 

“Америкийн боловсролын өдөрлөг-2016” арга хэмжээний талаар нэмэлт мэдээлэл авах бол 319016, 89069016 утсаар холбогдох боломжтой.


Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (ТББ) нь Монголын нээлттэй нийгэм хүрээлэнгээс (Соросын сан) Монгол улсад нээлттэй нийгэм хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор 1996 онд хэрэгжүүлж эхэлсэн анхны хөтөлбөрүүдийн нэг юм.

Тус төв нь 2003 оноос бие даасан төрийн бус байгууллага болон үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд гадаадад суралцах тэтгэлэгт хөтөлбөр, багш нар, судлаачдыг дэмжих судалгааны төслүүд хэрэгжүүлэн ажилладаг юм.