Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

А.Оюунчимэг: Бидний идэх хүнс карьеруудын тоосонд даруулчихаад байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Булаг шанд, гол мөрний эхийг хамгаалах сангийнхан, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэдтэй хамтран Туул голын сав газарт экологийн тэнцвэрт байдал алдагдаж, хүн мал амьдрах боломжгүй болж буй талаар мэдээлэл хийлээ.

Туул голын сав газраас гаргасан мэдээллээр Хан-Уул дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэр болон Төв аймгийн Алтанбулаг сумын Гишүүний аманд түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга олборлох 120 гаруй ААН үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
 

Булаг шанд, гол мөрний эхийг хамгаалах сангийн тэргүүн А.Оюунчимэг "Лицензийг гараас гар дамжуулж компаниуд нэг нэгэндээ шилжүүлэн ашиглуулж байна. Нэг линцензийн дор 4-5 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулаад байгаа. Уг нь бол лиценз эзэмшигч нь татвараа төлөх хуулийн заалттай. Бидний зүгээс эдгээр компаниуд татвараа төлж байна уу, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн юм уу, дэнчингийн мөнгөө байршуулсан юм уу гээд холбогдох төрийн албаныханд хандсан хэдий ч бидэнд хариу өгөхгүй л байна.

Бидний идэх хүнс карьеруудын тоосонд даруулчихаад байна.

Мөн ХУД-ийн 12, 13, 14 дүгээр хороо буюу Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт хорооллыг Улаанбаатар хотыг хүнсээр хангах үйлдвэрлэлийн бүс гэж зарласан. Тэнд хүнсний үйлдвэрүүд, газар тариалан, мал аж ахуй гээд бүгд бий. Гэтэл бидний идэх хүнс карьеруудын тоосонд даруулчихаад байна. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийгээд мэдээлэх байгууллага ч өнөөдөр алга" гэв.

Карьерууд 30-40 метр гүн тогоо хэлбэртэй нүх ухаж, олборлолтоо хийдэг. Ухсан нүхэндээ хайргаа угаасан усаа хийдгээс үүдэн томоохон цөөрмүүд бий болж тухайн нүхэнд нь хүн, мал осолдох тохиолдол нэг бус удаа гарсныг ХУД-ийн 13 дугаар хорооны иргэд хэлж байлаа.

 

ХУД-ийн 13 дугаар хорооны иргэн Г.Отгонбаатар "Шувуун фабрикт Туул голыг тэжээдэг Түргэний, Бөхөгийн гэсэн хоёр гол байдаг. Манайх Бөхөгийн голын хөндийд 2000 оны эхээр нүүж ирсэн. Тухайн үед уул, устай сайхан нутаг байсан ч 2006 оноос карьерууд олборлолт хийж эхэлснээс хойш байгаль бүрэн сүйдээд байна.

Хайргаа олборлочихоод огт нөхөн сэргээлт хийдэггүйгээс болж Бөхөгийн гол ширгэсэн, том том цөөрмүүд бий болсон. 2013 онд миний есөн настай хүү хайрга олборлолтоос үлдсэн устай цөөрөмд унаж осолдсон. Тэр үеэс хойш төрийн байгууллагуудад хандаж нөхцөл байдал ямар байгааг танилцуулж, хаагаач ээ, нөхөн сэргээлт хийлгээч ээ гэж хүсэлт гаргасаар ирсэн. Одоог хүртэл дорвитой шийдвэр гараагүй л байна" хэмээн ярилаа.

Түргэн болон Бөхөгийн гол ширгэснээр мал Туул гол руу очиж ундаалдаг. Гэтэл Туул голоос ундаалсан мал хээл хаях тохиолдол гарах болжээ. Үүнийг нутгийн оршин суугчид голын усны бохирдолтой холбоотой гэж үзэж байгаагаа мөн хэлж байсан юм.