Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск 2022 оноос Ангарагийг колоничлож эхлэх төлөвлөгөөгөө танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Хүн төрөлхтнийг аврахын тулд нэг сая хүнийг Ангараг гарагт хүргэж суурьшуулах төлөвлөөгөө технологийн салбарын тэрбумтан Илон Маск зарлалаа.

Мексикийн Гвадалахарад болсон 67 дахь удаагийн Олон Улсын Сансар судлалын Конгрессийн үеэр  Маск энэ төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Түүний хэлснээр 2022 онд эхний хүмүүс Ангарагт суурьшиж хотын суурийг тавих гэнэ.

Маск “Бид хүмүүсийг Ангарагт хүргэж, бие даан орших чадвартай хот байгуулснаар жинхэнэ олон гарагт амьдардаг амьтад болох юм” гэж хэлжээ.

Ингэхдээ олон дахин ашиглагдах аварга том хөлгөөр хүмүүсийг тээвэрлэх ба нэг хүнийг тээвэрлэх зардал одоогоор $10 тэрбум байгаа гэлээ.

Гэхдээ үүнийг дараах аргуудаар бууруулахаар ажиллаж байгаа аж.

  • Пуужин, сансрын хөлөг бүгдийг олон дахин ашиглагддаг болгох
  • Нэг дор олон хүнийг зөөхийн тулд тойрог замд хүмүүсээ сэлгэн хөлөгт суулгадаг болгох
  • Ангараг дээрээс түлшийг үйлдвэрлэж хөөргөвөл зардалд илүү хэмнэлттэй болно

Ингэснээр нэг хүнийг тээвэрлэх зардлыг $100,000 болгохоор ажиллаж байгаа гэнэ.

Ангарагт хүрэх хугацаа 80 хоног байх ба алсдаа энэ хугацаа 30 хоног болох боломжтой гэж үзэж байгаагаа Маск ярьжээ.

Харин Ангарагт амьдрахаар шийдсэн хүмүүсийг “үхэхэд бэлэн байх ёстой” гэж тэр хэлсэн байна. “Ангарагт хийх эхний аялал маш аюултай байх болно. Үнэндээ үхэхэд бэлэн үгүйгээ эхлээд мэдэх хэрэгтэй” гэж Маск хэлсэн бөгөөд харин өөрөө явах бодолгүй байгаа гэжээ.

“Үхэх магадлал маш өндөр тул надад маш сайн залгамжлагч хэрэгтэй. Надаас их ашиг шаардаж байгаа хөрөнгө оруулагчид Ангараг руу явахыг зөвшөөрөхгүй” гэсэн байна.

Ийнхүү төлөвлөгөө ёсоор ойрын 100 жилд хүн төрөлхтөн Ангарагийг колоничлох 10,000 удаагийн аялал хийхдээ аялал тутамд 100 хүнийг зөөснөөр нэг сая хүн амтай хот байгуулах гэнэ.

10,000 аялал хийхэд 1,000 хөлөг үйлдвэрлэх хэрэгтэй ажээ.

Нэгэнт Ангарагт суурьшиж чадвал хүмүүс нарны аймгийн бүх гарагуудад чөлөөтэй зорчдог болох гэнэ.

Илон Маскийн тавьсан илтгэл бүрэн эхээрээ:

Эх сурвалж: Techinsider