Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ аргаар ГУРВАН ХҮНИЙ ЭСЭЭС бий болсон АНХНЫ ХҮҮХЭД мэндэллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Гурван хүний ДНХ-г нийлүүлэх шинэ технологиор бий болсон анхны хүүхэд мэндэлсэн болохыг эрдэмтэд өчигдөр зарлалаа.

Өөрөөр хэлбэл эцэг, эхээс нь гадна өндгөн эсийн донор оролцож байж бүтсэн гэсэн үг юм. Ийм арга хэрэглэх болсон шалтгаан нь хүүхдийн ээж 36 настай эмэгтэй удамшлын өвчний улмаас өмнө нь хоёр хүүхдээ алдаж байсан.

“Fertility & Sterility” сэтгүүлд ийм аргаар мэндэлсэн хүүгийн талаар анх удаа мэдээлсэн байна.

Харин дэлгэрэнгүй тайланг ирэх сард Солт Лэйк хотод болох хурал дээр танилцуулах гэнэ.

Хүү таван сарын өмнө Иордан гэр бүлээс төрж Мексикт доктор Жон Жаний (Нью-Йоркийн New Hope нөхөн үржихүйн төв) ахалсан багийн хяналтанд эмчлүүлсэн байна. Харин яг хаана төрснийг мэдээлээгүй ажээ.

Хүүгийн эхийн ДНХ нь мэдрэлийн хүнд эмгэгийг төрүүлсэн үрдээ дамжуулдагийн улмаас төрөөд хэсэг хугацааны дараа амиа алддаг байсан байна. Өмнөх хүүхдүүд нь найман сар, зургаан настайдаа тус тус энэ эмгэгээр хорвоог орхиж байжээ.

Шинэ аргаар эхийн ДНХ-ээс өвчтэйг нь үлдээгээд эрүүл эсийг нь салган авч донорын өндгөн эсд суулгадаг аж.

Үүний үр дүнд гурван хүний эс оролцсон хүүхэд бүрэлддэг байна.

Уг аргыг “гурван хүний хүүхэд” гэж нэрлэдэг ч донорын өндгөн эсний оролцоо маш бага гэж үздэг.

Шүүмжлэгчид ингэж мэндэлсэн хүүхдийн ирээдүй баталгаагүй, цаашдаа олон жил ажигласны эцэст үр дүнтэй эсэхийг дүгнэх ёстой гэдэг.

АНУ одоогоор ийм аргыг хориглож байгаа тул төрүүлэх болон эмчлэх ажиллагааг өөр улсад хийсэн ажээ.

Өнгөрсөн жил Их Британи дэлхийд анх удаагаа үр хөврөлийг тусгай аргаар бүтээхийг зөвшөөрдөг орон болсон. Харин АНУ тодорхой нарийн туршилтын дараа ийм аргыг зөвшөөрч болно гэсэн чиг баримжаатай байгаа. Гэхдээ Конгресс ийм туршилт явуулахыг одоо болтол зөвшөөрөөгүй байгаа юм.

Ажиллагааг удирдсан доктор Жон Жан “хүний амийг аврахын тулд гүйцэтгэсэн тул энэ бол ёс зүйд нийцнэ” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: ABCnews