Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Утсан чинээ амь буюу ухаарал нэхэх гашуудал

Г.Сайнзаяа, Засгийн газрын мэдээ
2016 оны 9 сарын 28
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

15-24 насныхны нас барж буй гол шалтгаан нь амиа егүүтгэл болжээ. Анхны болзоо, анхны үнсэлт, анхны хайрыг мэдэрч, гэдсэн дотор нь эрвээхий нисэлдэж, ертөнцийн сонин хачныг судалж, сурч боловсрох, ажил хийх насны залуучууд яагаад зүй бусаар хорвоог орхиж байгаа шалтгааныг бид хайлаа.

Ерөнхийдөө багаасаа буруу, хэт их эрхэлсэн, эсвэл хараа хяналт багатай, задгай өссөн, хайр, халамжаар дутсан хүүхдүүд амиа егүүтгэх нь их. Үүнийг сонсоод та “Ойлгомжтой шүү дээ” бодож мэдэх юм.

Гэвч заримдаа онц сурдаг, олон авьяастай, найз нөхдөдөө алдартай, хайрлаж дурлахыг мэдэрсэн, ээж, аавынхаа хайрыг хамгийн их хүлээсэн хүүхэд ч амиа егүүтгэдэг. Ойр дотнынхон нь "Яагаад” гэдэг асуултыг л хэдэн мянган удаа асуухад хүрдэг шүү дээ.

Тэгвэл хүүхдийн сэтгэл тийм л хэврэг байдгийг сэтгэл судлаач Д.Лхамсүрэн онцлов. Эцэг, эх болохдоо хэн ч алдаа гаргадаг. Гэхдээ түүнийгээ давж туулсаар сэтгэлийн хаттай болдог.

Тэдний хувьд өчүүхэн алдаа мэт боловч хүүхдийн хувьд өөрийгөө хамгийн харамсал-тайгаар шийтгэх шалтгаан ч байж мэднэ.
Өсвөр насанд хүрээд хүүхэд хувийн ертөнцтэй болж эхэлдэг. Гэртээ хүртэл өөрийн гэсэн өрөөтэй, боломжгүй бол буланд ч атугай ширээ тавиад “Минийх” гэж тодорхойлдог.

Энэ үед эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ширээний хоёр талд суучихаад, дээрээс доошоо, дарга, цэрэг шиг захирангуй харилцаж болохгүйг Р.Энхтүвшин ярив. Хүн бүр л үерхлийг мэдэрнэ, алдаа гаргана, болж бүтэхгүй найзтай байж үздэг.

15 настай хүүхдэд асуудал тулгарахад нас чацуу найзаасаа зөвлөгөө авахад хүрдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Гэтэл эцэг, эх хүүхдээ шууд л “Чи тэгээд үзээрэй, хохь чинь шүү” гэж буруутгах хандлагатай байдаг. Ингэснээр хүүхэд өөрийгөө шууд хааж, нууцтай болж эхэлдэг.

Уг нь ямар ч эцэг, эх өсвөр насыг үсэрч биш дайраад л гарсан баймаар. Гэвч зандарч, загнадгаас болж хүүхэд “Ээж, аав намайг хэзээ ч ойлгохгүй юм байна” хэмээн боддог ажээ. Улмаар 15 настай хүүхдэд асуудал тулгарахад нас чацуу найзаасаа зөвлөгөө авахад хүрдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Хүүхэд өсвөр насандаа амьдралынхаа анхны томоохон алдааг гаргаад өөрийгөө хамгийн муу хүн түүнийг л хорвоогоос явбал бүгд аз жаргалтай болно гэж төсөөлдөг аж. Харин насанд хүрсэн, амьдралын зах зухаас гадарладаг хүний зөвлөгөөг авснаар хүүхдийн амиа егүүтгэх эрсдэл 60-80 хувиар багасдаг байна.

Харамсалтай нь эцэг, эхчүүдэд хүүхэдтэйгээ ярилцах ур чадвар байдаггүй. Бид сүүлийн үед өсвөр үе, хүүхдүүдийн талаар сэдэв хөндөх бүрт мэргэжилтнүүд үүнийг батлан хэлж байв.

Р.Энхтүвшин эмчийн хэлсэн нэгэн жишээг татъя. 19 настай нэгэн хүү христийн сүмд явдаг байж. Тэр сүмийнхэнтэйгээ ярилцаж, сэтгэлээ хуваалцдаг байв. Гэвч түүний ах нь буддын шашны лам хүн байсан тул дүүгээ сүмд явахыг нь ор тас хоригложээ.

Дүү нь ахынхаа үгэнд орж, сүмд ахиж яваагүй. Ингээд бүр хожим нь амиа хорлохыг завдаад бүтэлгүйтэж, сэтгэл засалч эмчтэй уулзахдаа “Ах минь намайг хориглодог л болохоос надтай ярилцаж, намайг ойлгохыг оролддоггүй.

Миний сэтгэлд юу болж байдгийг мэдээгүй. Харин сүмд намайг ойлгодог хүн олон болохоор би явах дуртай байсан юм. Хэрэв би сүмд явж байсан бол амиа егүүтгэх хэмжээнд тултлаа сэтгэлээр унахгүй байсан байх” хэмээн уйлан байж учирлажээ.

Хүүхэд бүрэлдэх цагаас эхлэн зүрх сэтгэлд нь эцэг, эхийн эзлэх байр суурь давамгай байдаг. Гэвч эцэг, эхчүүд хүүхдэдээ хангалттай цаг гаргахгүй, ярилцахгүй, эсвэл худал хэлэх тусам байр сууриа алдаж эхэлдэг.

Эцэг, эхчүүд гар утас оролдонгоо, зурагт үзэнгээ хүүхэдтэйгээ ярилцахыгаа цаг өнгөрөөж байна гэж боддог нь том алдаа. Чанартай цаг өнгөрүүлнэ гэдэг бол бүх зүйлийг хойш тавьж, тодорхой золиос, зориулалт гаргасан тэр хугацааг л хэлнэ.

Хүүхэдтэй ярилцахдаа эхлээд ямар хоол идсэн, хичээл дээрээ юу сурсан, тухайн өдөр ямар нэг сонирхолтой зүйл болсон, эсэхийг асууна. Дараагаар нь найзуудынх нь талаар, “Хэн нэг охиныг, хөвгүүнийг сонирхож байгаа юу?” зэргээр лавшруулан асуух арга хэрэглэж байхыг сэтгэл судлаачид зөвлөв.

Та хүүхдээ зургаан нас хүртэл нь үзэсгэлэнтэй ваар хийж буй барималч шиг хичээнгүйлэн хүмүүжүүлж чадвал түүнээс хойш тайван суух цаг танд хангалттай гарна. 

Өсвөр насны хүүхэд зориг гарган эцэг, эхдээ сэтгэлээ уудлахад нь сонсож, ойлгохыг хичээлгүй шүүмжлэхэд “Намайг ойлгож, хүлээж авах хүн нэг ч байхгүй” гэж ганцаарддагийг Д.Лхамсүрэн хэлэв. Тэрбээр “Эцэг, эхийнх нь орон зай нэгэнт үгүй болсон хүүхэд өөр зүйлд татагдаж, даган дуурайж эхэлдэг. Энэ нь дуучин, найз, жүжигчин, таньдаг ах гээд хэн ч байж болно.

Улмаар эцэг, эх нь тэр зүйлийг нь шүүмжилж, холдуулахыг оролдож эхлэхэд өөрийн ертөнц нь нурсан мэт болдог” гэлээ. Тухайлбал, хүн энергиэ ажил, гэр бүл, найз нөхөд, боловсрол зэрэг хэд хэдэн зүйлд хувааж, үнэ цэнийн баримжаа тогтоох хэрэгтэй байдаг. Хэрэв нэг зүйлд бүх энергиэ зориулж байтал тэр нь үгүй болчихвол амьдрал нь үнэ цэнэгүй болж, хэн ч биш мэт мэдрэмж төрдөг ажээ.

Би эцэг, эхчүүдэд зориулсан сургалтад суусан юм. Тэгэхэд дөрвөн хүүхэдтэй багш эмэгтэй “Ажлаа тараад бид бүгд л ядарч, буйдан дээрээ тайван суухыг хүсдэг. Гэхдээ та хүүхдээ зургаан нас хүртэл нь үзэсгэлэнтэй ваар хийж буй барималч шиг хичээнгүйлэн хүмүүжүүлж чадвал түүнээс хойш тайван суух цаг танд хангалттай гарна.

Хэрэв тэгж чадахгүй бол хүүхэд тань 15,20,25 хүрсэн ч та зурагт үзээд тайван сууж чадахгүй, чихнээс хонх уясаар л байна” гэж билээ. Энэ ч эрх хүүхэд амиа егүүтгэх нь их гэсэн судлаачийн үгийг гэрчлэв. 

АМИА ЕГҮҮТГЭЛИЙГ АНХААРАХ ЁСТОЙ ШАЛТГААН

Барууны орнуудын амиа бүрэлгэсэн хүмүүсийн 80-90 хувь нь сэтгэцийн эмгэгтэй. Харин Азид нийгэм болон сэтгэл зүйн шалтгаан голлох нөлөөтэйг судалгаа харуулна. Нийгмийн шалтгаанд бодлогогүй гаргасан хууль, дүрэм журам, эдийн засгийн байдал, ажилгүйдэл зэргийг хамруулдаг.

Энэ талаар АШУҮИС-ийн багш, докторант, сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин “Социологид гаж үзэгдлийн шинжлэх ухаан гэх ойлголт бий. Тухайлбал, хүүхдийн мөнгө хасдаг ч юм уу, аливаа хууль, дүрэм гаргахад амиа егүүтгэл тэргүүтэй нийгмийн сөрөг үзэгдэл нэмэгдсэн, эсэхийг судлах хэрэгтэй байдаг. Ингэснээр эрх мэдэлтнүүд буруу шийдвэрээ засах боломж гардаг л даа. Манайд ийм тогтолцоо дутмаг” гэв.

Монголд амиа егүүтгэлийг судалдаг цөөн тооны судлаач байна. Тодруулбал, анагаахын салбарын гурав, социологийн салбарын нэг эрдэмтэн байгаа юм. Тиймээс ч энэ талын судалгаа тун ховор.

Дэлхий дээр жил бүр нэг сая хүн амиа егүүтгэж байгаа нь 40 секунд тутамд нэг хүн зүй бусаар нас бардаг хэрэг. Улс орон болгон хүн амын нас баралтын шалтгааныг тооцоолон гаргадаг. Олон улсын эрэмбээс үзэхэд амиа егүүтгэл нас барах шалтгааны 10-12-ын хооронд хэлбэлздэг аж. Харин амиа хорлолт ихтэй Японд гэхэд л 8-10 болж дэс дараа дээшилнэ.

Гэтэл манай Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гаргасан судалгаагаар Монголд амиа егүүтгэл нас баралтын шалтгааны зургаадугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2012 онд хийсэн судалгаагаар Монголд амиа егүүтгэх тохиолдол 100,000 хүн тутамд 15.5 гарч байгаа нь дэлхийн дундаж болох 11.4-өөс ч өндөр үзүүлэлт.

Амиа егүүтгэсэн тоо нь л энэ болохоос оролдлого 20:1 гардаг. Өөрөөр хэлбэл, амиа егүүтгэсэн нэг хүний цаана 20 хүн ингэхийг завдсан гэсэн үг юм. Тиймээс л Монгол Улсын амиа егүүтгэл салбарынхны хийгээд нийтээрээ анхаарах ёстой сэдэв болоод байна.

НИЙГМЭЭРЭЭ ХАМЖСАН ТУСЛАЛЦАА ХЭРЭГТЭЙ

Амиа егүүтгэх гэдэг бол ухамсарт зан үйл. Нэгдүгээрт, би үхэж болох юм байна гэсэн сэдэл авдаг. Дараа нь ингэх шийдвэр гаргадаг. Эцэст нь үйлдэл хийдэг. Сэдэл авч, шийдвэр гарган, үйлдэл хийх хүртэлх хугацаа хоёр минутаас хоёр жил ч байж болно. Дашрамд дурдахад, мансууруулах бодис эл хугацааг түргэсгэдэг.

Энэ төрлийн бодис хэрэглэхэд хүний төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа саатаж, биеэ хянах чадвар багасдаг. Тэр үед зориг орж, хяналтгүй үйлдэл хийх нь бий аж.

Амиа егүүтгэх явдлыг нийтээр анхаарч багасгахгүй бол нийгэмд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Үүнийг засаж залруулахын тулд бид эхлээд тооцоо, судалгаа хийх хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулав. “Цагдаагийн байгууллага нэг тоо хэлдэг, ГССҮТ, Хордлогын үндэсний төв гээд бүгд л өөр, өөр тооцоотой.

Гэмтлийн эмнэлэгт гэхэд л гараа зүссэн бол “Шууны гэмтэл” гээд тэмдэглэчихнэ. Хордлогын үндэсний төвд “Эм хэтрүүлэн хэрэглэсэн” гэхээс л биш “Амиа егүүтгэхийг оролдсон” гээд тусгай код тавьдаггүй.

Түүнчлэн амиа хорлох оролдлого хийсэн хүн тодорхой төлбөртэй эмчилгээ хийлгэдэг. Тиймээс бүтэлгүй оролдлогоо бэртэл, гэмтэл хэмээн худал мэдүүлэх нь бий” гэж энэ талаар судалгаа хийдэг Р.Энхтүвшин эмч өгүүлэв.

2012 онд хийсэн судалгаагаар Монголд амиа егүүтгэх тохиолдол 100,000 хүн тутамд 15.5 гарч байгаа нь дэлхийн дундаж болох 11.4-өөс ч өндөр үзүүлэлт.

Эмнэлэг, цагдаагийн бүх байгууллагын мэргэжилтнүүд хуралдаж, амиа егүүтгэсэн, завдсан тохиолдол хэд гарч бай-гааг нарийн тоолох талаар нэг шийдвэрт хүрэх хэрэгтэй талаар судлаачид санал нэг байгаа юм.

Амиа егүүтгэл бол нийгмийн асуудал болохоос аль нэгэн гэр бүл, цагдаа, эмч нарын асуудал биш. Тиймээс тоолсны дараа хүн бүр энэ асуудлыг багасгахад гар бие оролцон туслах хэрэгтэй. Хорвоог зүй бусаар орхих шийдвэр хүн хоорондын харилцаанаас л үүдэлтэй.

Хүн бусад зүйлийг мартдаг ч бусдын мэдрүүлсэн мэдрэмжийг мартдаггүйг Д.Лхамсүрэн ярьсан. Тэрбээр “Бид бие биедээ таагүй мэдрэмж төрүүлэхгүй, онцгүй үг хэлэхгүй, амьд харилцаатай байвал амиа егүүтгэлийг багасгах боломжтой” гэлээ.

Анх 1997 онд амиа егүүтгэх асуудлыг АШУҮИС-ийн багш судлан, ихэссэнийг нь тогтоогоод сэтгэл зүйн зөвлөгөө өгөх шууд утсыг санаачилжээ. Одоогоор бол хүүхдийн 108, хүчирхийллийн эсрэг 107. Гэтэл хүмүүс үүнийг мэддэггүй. 102-т өдөр бүр хүмүүс холбогдож гараа зүссэн, эм уусан, амиа егүүтгэх гэж буйгаа хэлдэг. Тэрчлэн 103 руу залгаж, гэрээслэлээ үлдээмээр байна гэдэг аж.

Харамсалтай нь, утасны цаана мэргэжлийн зөвлөгөө өгөх хүн байдаггүй. Цагдаа нар ‘Тэрийн хаягаа хэл. Та одоо болиоч дээ, яах гэж ингэж байдаг юм” гээд л эхэлдэг гэв. “Амиа хорлох гэж байгаа хүн гэрийн хаягаа хэлэхгүй шүү дээ. Түүний оронд “Аан тийм үү, таныг гэрээслэл авдаг утас руу холбож өгье” гэж эвтэйхэн хэлээд 108, 107 руу холбоод өгч болно шүү дээ.

Эсвэл амиа егүүтгэх гэж буй шалтгааныг нь асууж, багахан сэтгэл гаргаад ярилцах хэрэгтэй” хэмээлээ. Амиа егүүтгэх гэж байгаа хүнтэй ярилцаж, зөвлөгөө өгөхөд энэ магадлал нь 60-80 хувиар буурдаг гэсэн судалгаа ч бий.

Сэтгэл судлал өндөр хөгжсөн Баруунд амиа егүүтгэхийг оролдсон хүнийг сэтгэл засалчтай уулзуулж, сэтгэл гутралыг нь бүрэн эмчлээд, ахиж амиа егүүт-гэхгүй гэж гарын үсэг зуруулж байж эмнэлгээс гаргадаг.

Тэнд амиа егүүтгэхийг завдсан нийт хүний 10 хувь нь давтан оролдлого хийдэг гэсэн тооцоо бий. Бидэнд ийм бодлого байхгүй болохоор Хордлогын үндэсний төвд амиа егүүтгэхийг завдаад ирсэн хүмүүсийн 30 хувь нь давтан ирдэг аж. Дүүргийн эмнэлгүүдэд нэг сэтгэлзүйч байдаг ч ихэвчлэн байдал хүнд хүмүүстэй харилцдаг учир хүрэлцээ бага байгаа юм.

“Өсвөр насны хүүхэд амиа хорлохыг завджээ” гэдэг мэдээ үзээд та “Жаргал нь дэндсэн эрхийн балай” гэх вий. Гэвч шүүмжлэхээсээ өмнө “Тэр хүүхэд яагаад иймд хүрэв, түүнд ярилцах хүн байхгүй гэж үү, би хүүхэдтэйгээ ярилцдаг бил үү” гэж асуугаад үзэхийг сэтгэл засалчид зөвлөж байна. Р.Энхтүвшин эмч “Хүн өөрөө хийгээгүй алдаагаа л шүүмжилдэг” гэв.

Үе, үеэр хувьсаж буй энэ нийгэмд хүүхэд таны гаргаагүй алдааг гаргасан байж болно. Дэлхий нийтээр нэмэгдэж буй амиа егүүтгэх үзэгдлийг бууруулах эхний алхам бол өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцаж, итгэлийг нь олж аван, “өдрийн тэмдэглэл” нь болох гэдгийг олон улсын мэргэжилтнүүд ч дуу нэгтэйгээр анхааруулж байна. 

Зураг