Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амгалан: “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Монголын бусад нүүрс экспортлогч компанитай хамтарч ажиллахад үргэлж нээлттэй

Өглөөний сонин
2016 оны 9 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг хариуцсан захирал С.Амгалантай өнөөгийн нүүрсний зах зээлийн талаар ярилцлаа.

-“Эрдэнэс-Таван толгой” ХК ямар үнээр нүүрсээ зарж байгаа вэ. Сүүлийн үед хэвлэлээр нүүрсний үнэ 140 ам.доллар хүрээд байхад “Эрдэнэс-Таван толгой” ХК 25 ам.доллараар зарж байна гэх мэдээлэл гарах боллоо. Үүнд тайлбар хийхгүй юу?

-Өнөөгийн байдлаар БНХАУ-ын нүүрсний гол муж болох Хэбэй хэсгийн Таншан боомт дээр баяжуулсан дээд зэрэглэлийн нүүрсний үнэ тонн тутмын 140 ам.доллар давсан байгаа гэдэг нь үнэн.

Тус боомт болон БНХАУ-д коксжих нүүрсний үнэ өсөх үндсэн шалтгаан нь төрийн бодлогын хүрээнд 2016 оны дөрөвдүгээр сард олборлолтын хэмжээнд хязгаарлалт тогтоож, жилийн 330 хоногт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг байсныг 276 болгож хязгаарласан юм.

Зах зээлийн зарчмын дагуу нүүрсний олборлолт, нийлүүлэлт 17 хувиар буурахад нүүрсний үнэ өсөх нь ойлгомжтой. Таншан боомт дээр байгаа нүүрсний үнэ бол Таншан боомт дахь Ex-Stock хүргэлтийн нөхцөлтэй баяжуулсан коксжих нүүрсний үнэ.

Тонн тутмын 140 ам.доллар гэдэг үнэ дотор БНХАУ-ын холбогдох татварууд, агуулахын талбайн хураамж, тээврийн зардал болон авто зам, төмөр зам болон Австрали улсаас БНХАУ хүрэх далайн тээврийн зардал, түүхий нүүрсийг угааж баяжуулах зардал, баяжуулахад гардаг хорогдол болон бусад холбогдох зардлууд бүгд орсон үнэ.

Таншан боомт хүргэх эдгээр зардлууд нь нийлээд тонн тутмын 115 орчим ам.доллар болж байгаа тул Австралийн уурхайн амны өнөөгийн үнэ 30 орчим ам.доллар байна. 

-Тэгвэл яагаад “Эрдэнэс-Таван толгой” ХК 25 ам.доллараар нүүрсээ зарж байна гэх мэдээлэл гарах болов?

-Таван толгойн бүс нутгаас экспортод гарж буй коксжих нүүрсний дийлэнх хувь нь ӨМӨЗО-ны Бугат хотын гангийн үйлдвэрт нийлүүлэгддэг. 2016 оны III улирлын Зүүн Цанхийн FCA уурхайн ам нөхцөл бүхий коксжих нүүрсний үнэ тонн тутмын 27 ам.доллар байгаа, энэ бол Уурхайн ам нөхцөлийн үнэ гэдгийг хэлмээр байна.

Энэ нь ямар учиртай вэ гэхээр зөвхөн манай зардлууд шингэсэн үнэ бөгөөд үүнд БНХАУ хүртэлх тээврийн зардал, түүхий нүүрсийг угааж баяжуулах зардал болон агуулахын татварууд ороогүй юм.

Нүүрсний зах зээлийн үнийг зарладаг БНХАУ-ын Sxcoal.com үнийн мэдээллийн дагуу Ганц Мод боомт дээр дурдсан Ex-Stock нөхцөл бүхий Монголын баяжуулсан коксжих нүүрсний үнэ тонн тутмын 79 ам.доллар байна. Харин Монголын түүхий коксжих нүүрсний үнэ 72, ам.доллар байгаа.

Таван толгойн уурхайн ам дээр 27 ам.доллараар борлуулсан нүүрсийг Ганц Мод хүртэл тээвэрлэх, угааж баяжуулах зардал мөн угааж баяжуулахад гардаг хорогдол, татвар болон бусад холбогдох зардлууд болох 56 ам.долларын зардлыг нэмэхэд 83 ам.доллар болоод байгаа юм.

Тавантолгойн уурхай ам дээрх үнийг 1500 км цаана байгаа БНХАУ-ын зүүн хэсгийн Таншан боомтын Австралийн дээд зэрэглэлийн угааж баяжуулсан нүүрсний үнэтэй харьцуулахад учир дутагдалтай гэж бодож байна.

-Зах зээлийн үнэ өсөж байгаа энэ үед “Эрдэнэс-Таван толгой” ХК коксжих нүүрсний үнийг илүү ихээр өсгөж болдоггүй юм уу?

-Он гарснаас хойш “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Зүүн Цанхи олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 4.5 сая тонн түүхий коксжих нүүрс экспортод гаргаад байна.

2011 оны долоодугаар сард Чалко компанитай байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу Зүүн Цанхийн нүүрсний үнийг дөрвөн индексийн хувь хэмжээний өөрчлөлтийн дагуу улирал тутам тогтоох гэрээний заалт байдаг юм. Энэхүү гэрээний хүрээнд компанийн үе үеийн удирдлагууд нүүрсний үнийг өсгөх талаар боломжит арга хэмжээнүүд авсан.

Хамгийн сүүлд 2016 оны хоёрдугаар сард нийтлэгдэхээ больсон үнэ тогтооход 20 хувийг эзэлдэг индексийг нэмэлт гэрээгээр өөрчилсний хүчинд тонн тутмын 25 орчим ам.доллар байсан үнэ 27 ам.доллар болж өссөн бөгөөд дараа сараас 30 ам.доллар давж өсөх хандлагатай байна.

Энэ нь он гарснаас хойш тонн тутмын таван ам.доллар буюу 20 хувиар өсгөсөн үзүүлэлт юм. Нүүрсний үнийг илүү ихээр өсгөхийн тулд Чалко компанийн 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 95 орчим сая ам.долларыг төлж барагдуулах шаардлагатай.

Энэ урьдчилгаа үлдэгдлийг гэрээний дагуу барагдуулж дуусгаснаар Зүүн Цанхийн нүүрсний үнийг манай компани тогтоох боломж нь нээгдэх болно.

-“Эрдэнэс-Таван толгой” ХК нь Монголын компаниудын нүүрсний үнийг өсгөхөд сөргөөр нөлөөлж байна гэж үнэн үү?

-Төрийн өмчит компанийн хувьд “Эрдэнэс-Таван толгой” ХК нь төр засгийн бодлогын хүрээнд, компанийн хүчин төгөлдөр гэрээний зүйл заалтын дагуу ажиллах түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжиж хувь нэмрээ оруулан ажиллах үүрэгтэй гэж бодож байна.

2012 оноос эхэлсэн нүүрсний зах зээлийн уналтын мөчлөг дөрвөн жил үргэлжилсэн бөгөөд энэ салбарт үйл ажиллагаа явуулж байсан олон компаниуд санхүүгийн хүндрэлд орж, дэлхийн хэмжээний Пийбоди Энержи, Алфа Ресурс болон Тек Ресурс компаниуд дампуурлын ирмэгт хүрсэн.

Монголын нүүрсний компаниудын хувьд энэ хүнд олон жил үргэлжилсэн мөчлөгийг даван туулахын тулд ихээхэн хүчин зүтгэл гарган чармайн ажилласан юм.

Цаашид Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд нэг цонхны бодлогын хүрээнд энэ зах зээлийн сэргэлтийг ашиглахын тулд хамтран ажиллах, зах зээл дээр давамгай байдлыг үүсгэж Монголын нүүрсний байр суурийг бэхжүүлэх, зах зээлийн экспортын хүрээг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. “Эрдэнэс-Таван толгой” ХК нь Монголын бусад нүүрс экспортлогч компаниудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй.

Зураг