Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвжамц: Саарал усны технологийг хөгжүүлэхэд эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай

ikon.mn
2016 оны 8 сарын 31
Барилга.МН
Зураг зураг

Саарал усны технологийн талаар БОНХАЖЯ-ны мэргэжилтэн Б.Пүрэвжамцтай ярилцлаа.

- Саарал усны технологийн хөгжил манай улсад ямар шатанд байна вэ? Үүнийг нэвтрүүлэх ажлын тухайд...

- Аливаа  улс оронд ямар нэг технологи нэвтрүүлэхэд эхлээд эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлага зайлшгүй тулгардаг. Яагаад гэвэл аль нэг аж ахуйн нэгж нэг технологи оруулж ирээд, тэр нь манай орны уур амьсгал, орчин нөхцөлд тохирох уу, үгүй юу гэдэгт судалгаа шинжилгээтэй дүгнэлт гаргах нь маш чухал.

Иймд манай орон олон улсын мөрдлөг болгодог чиг хандлагыг дагаад бохирдуулагчийн төлбөрийн асуудлыг хөндөж, 2012 оны Байгаль орчны багц хуулинд шинээр оруулсан. Энэ нь ус бохирдуулсны төлбөр төдий зүйл биш юм.

Аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаандаа усыг ашиглан ямар нэг хэмжээгээр орлого олж, бохирдуулсан бол түүндээ тохирохуйц төлбөрийг төлөх, аль эсвэл бохирдуулсан усаа цэвэршүүлж, өөрсдийн технологидоо дахин ашигласан тохиолдолд төлбөрөөс чөлөөлөх гэсэн бодлогыг тус хуульд тусган, БОНХАЖЯ мөрдөн ажиллаж байна. 

- Энэ хуулийн хэрэгжилт хэр байна вэ? 

- Эрх зүйн орчин хараахан бүрэн бүрдчихээгүй байна. Усны нөөц болон бохирын асуудлыг ерөнхийд нь БОНХАЖЯ хянадаг. Улсын хэмжээнд аваад үзвэл усны болон хөрсний хамгийн их бохирдолттой бүс нь Улаанбаатар хот байдаг. Үүнд арга хэмжээ авах эрх мэдэл бүхий байгууллага нь Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар юм.

Манайх бохирдсон усыг дахин цэвэршүүлж, саарал ус болгох технологийг нэвтрүүлэх гэхээр Улаанбаатар хот 1950-иад онд 500 мянган хүнд зориулж баригдсан хот, одоо хүн ам нь албан бус тоогоор 1,5 сая хүрчихээд байна. Гэтэл 500 мянган хүнд зориулж барьсан шугам хоолой, ариутгал татуургын механизмаар ажиллах ёстой байтал ачаалал нь гурав дахин нэмэгдэж байна. Энэ асуудалд төрийн байгууллагуудаас арга хэмжээ авч, зарим парк шинэчлэлтүүдийг хэсэгчилсэн байдлаар хийж байгаа ч хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байна. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуульд “Ахуйгаас гарч байгаа бохир усыг саарал ус гэж нэрлэнэ” гэсэн байдаг. Гэтэл хаягдал ус, бохир ус гээд манайд байгаа янз бүрийн нэр томъёонуудыг олон улсын жишигт нийцүүлэхийн тулд ямар бодлого баримтлах вэ гэдэг нь бас л шийдэх асуудал. 

- Тэгвэл саарал усны талаар тодорхой ойлголтыг иргэдэд хүргэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

- Саарал ус гэхээр дахин хэрэглэгдсэн, ашиглагдсан ус гэж ойлгох нь зөв. Гэхдээ химийн гаралтай төрөл бүрийн бодисууд ахуйн хэрэглээнд нэвтрэх болсноор үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усны хооронд их ялгаа гарахаа больсон. Тэгэхээр ахуйгаас гарч байгаа усны тэдгээр бодис хүний бие организмаас гарч буй энгийн бохир биш. Хүний өдөр тутам ашигладаг элдэв бодисууд нь химийн гаралтай бохирдлыг үүсгэж байна.

Саарал ус гэхээр дахин хэрэглэгдсэн, ашиглагдсан ус гэж ойлгох нь зөв.

Иймд үйлдвэрт ч, ахуйд ч ашигласан усаа дахин цэвэршүүлээд, ямар стандартын дагуу хэдий хэмжээний агууламжтайгаар цэвэрлэж чадаж байгаагаас шалтгаалаад бид аль үйлдвэрт ямар технологийг ашиглаж болох вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай юм. Түүнээс биш цэвэршүүлээд гаргаад ирсэн усыг шууд унданд хэрэглэнэ гэж юу байхав. Дахин цэвэршүүлсэн усыг хүнсний үйлдвэрүүдээс бусад машин угаалгын газар, жижиг, дунд үйлдвэрүүдэд ашиглах боломжтой. Дэлхийн ихэнх буюу хөгжингүй улс орнуудад цэвэр, бохир, саарал ус гэсэн гурван системийг анхнаас нь дэд бүтцийн төлөвлөлтдөө оруулж өгдөг.

Харин манай улсад үүнээс цэвэр, бохир ус гэсэн хоёр систем нь л бий. Саарал усны систем байхгүй. Нэг үеэ бодвол иргэд өөрсдөө усаа хэмнэх тал дээр санаачилгатай, хариуцлагатай алхмуудыг хийх болсон нь сайшаалтай. Иргэдэд усыг хайрлах, гамнах сэтгэхүй сууж эхэлж байна гэсэн үг. 

- Саарал ус гарган авах технологийг ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд хэр олон байна вэ?

- Хамгийн тод жишээгээр “MCS Coca Cola” компанийг дурдаж болно. Үйлдвэртээ цэвэрлэх байгууламж барьж, тэндээс гарах бүх бохир усыг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлсэн. Цэвэршүүлсэн ус нь стандартын шаардлага хангаж байгаа ч, түүнийг буцаагаад технологидоо ашиглахгүй. Энэ усыг хоёр жилийн өмнөөс Нийслэлийн ногоон байгууламжийн усалгаа, өнгөрсөн жилээс гал командын хэрэгцээнд гэрээтэйгээр ашиглаж эхэлсэн. Энэ ажлыг бид нийгэм рүү чиглэсэн зөв хандлага хэмээн үнэлж, нээлтийн ёслолд нь төрийн байгууллагуудын төлөөлөл оролцон дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. 

Мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль гарсантай холбогдуулаад аж ахуйн нэгж байгууллагууд бага оврын цэвэрлэх байгууламж ашиглах шаардлага гарч, төрийн бодлого ч үүнд чиглэж байна. Гэхдээ энэ технологийг нэвтрүүлэхэд аж ахуйн нэгжүүдэд багагүй хүндрэл бэрхшээл тулгарч байгаа. Тохирсон технологи нь Монголд бий эсэх, өөрийн оронд нэвтрүүлэхэд гарах өртөг зардлын тухайд асуудлууд бий. Хэрэв тухайн компани 1000 м/куб ус ашигладаг бол бохир  усны төлбөр нь цэвэрлэх байгууламж барих зардлаас бага байвал мэдээж ашигтай хувилбарыг нь сонгоно. Тэгэхээр цэвэрлэх байгууламж байгуулах нь өндөр өртөгтэй, тухайлбал арьс ширний үйлдвэрүүд химийн бодисуудыг их хэмжээгээр хэрэглэдгээс бохирдол их гардаг зэрэг салбарын онцлогоос шалтгаалсан ялгаатай зүйлс бий. Энэ компаниуд цэвэрлэх байгууламжийн технологийг нэвтрүүлэхэд санхүүгийн томоохон дарамт учирна. Компаниуд бохир усаа өөрсдөө цэвэршүүлэх технологийг гадны орноос нэвтрүүлэх бол татвараас чөлөөлөх дэмжлэгийг БОНХАЖЯ-аас үзүүлж, 2011 онд Ногоон эдийн засаг, ногоон хөрөнгө оруулалт гэх ногоон хөгжлийн бодлогыг дэмжсэн гэрээг Монголын Банкны Холбоотой байгуулсан. Үүний дагуу аж ахуйн нэгж байгууллагууд байгальд ээлтэй технологи нэвтрүүлбэл арилжааны банкууд хөнгөлөлттэй зээл олгох зэргээр дэмжлэг үзүүлэх юм.

- Энэ технологийг нэвтрүүлэхэд тулгамдаж буй бусад асуудлын талаар?

- Манай улсад MNS 4943 буюу байгальд шууд нийлүүлэх бохир усны стандарт бий.

Жишээлбэл, Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж дээрх стандартыг хангасан бохирыг байгальд шууд нийлүүлдэг. Уг цэвэрлэх байгууламж руу хотын бүх шугам сүлжээ нийлж байгаа. Тиймээс үүнд хамаатай аж ахуйн нэгжүүд бас хариуцлага хүлээх ёстой. Өнгөрсөн онд төвлөрсөн шугамд нийлүүлэх бохир усны MNS 6562 стандарт батлагдлаа. Аль нэг байгууллага цэвэрлэх байгууламжийн төвлөрсөн шугам сүлжээнд бохироо нийлүүлэх бол энэ стандартыг мөрдөнө. Энэ нь бохир усны чанарын найрлагад тодорхой шатлалтайгаар хязгаарлалт тавьж байна гэсэн үг.

Хэрэв төвлөрсөн шугам сүлжээ рүү нийлүүлэх бол арай өндөр шаардлага тавигдана. Тэрхүү бохирдолттой усыг шинэ цэвэрлэх байгууламж нь цэвэршүүлээд цааш нь өндөр стандартын шаардлага тавигдах байгууламж руу нийлүүлнэ гэсэн үг. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуультай холбогдуулаад үйлдвэрүүдийн тус тусын онцлогт тааруулан олон төрлийн судалгааг хийж байгаа. Тухайн үйлдвэр нь ямар төрлийн бодис хэрэглэж, хэр хэмжээний бохир ус гаргаж буйгаа тодорхойлж, ямар цэвэрлэх байгууламжаар хэдий хугацаанд түүнийг цэвэршүүлвэл өөрсдөд нь ашигтай байхыг мэдэх боломжтой. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх компаниуд ч байгаа. Тэрхүү технологио аж ахуйн нэгжүүд өөрсдөө сонгон, гэрээ байгуулж, судалгаа хийн гаднаас авчирч болно.

Монгол Улсын Төрийн өмчит үйлдвэрийн газар нь Японы JICS байгууллагын хөрөнгө оруулалтаар арьс ширний үйлдвэрүүдэд зориулагдсан цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг оруулж ирэх хэлэлцээр судалгааны шатанд явж байна. Арьс ширний үйлдвэрүүд их хэмжээний бохир ус гаргадаг учир технологи нь өндөр өртөгтэй. Харин энэхүү технологийг нэвтрүүлснээр арьс ширний үйлдвэрүүдэд хөнгөлөлт үзүүлэх, түрээсээр ашиглуулах боломж нээлттэй болно. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь улирлын чанартай үйлдвэрлэл явуулдаг учраас хэдий хэмжээний  арьс шир боловсруулах гэж байгаагаас нь шалтгаалан тодорхой хугацаатайгаар түрээсээр хэрэглүүлнэ гэсэн үг. 

 

Ярилцсан Б.Бурмаа

Зураг