Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Г.МАНДАХНАРАН: Миний хувьд маш их ШАНАЛСАН өдрүүд үргэлжилж байна

Б.Ану
2016 оны 8 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны удирдлагын хэвлэлийн хурлын дараа шийтгэл хүлээгээд буй хоёр дасгалжуулагч болон Г.Мандахнаран нар хэвлэлийн хурал хийв.

Дасгалжуулагч Б.Баяраа

 
Гэрэл зургийг MPA.mn

 

"Олимп гэдэг хүн төрөлхтний эв нэгдэл, шударга өрсөлдөөн гэсэн уриа лоозонгоор эхэлдэг. Узбек бөхийг та бүхэн мэдэж байгаа. Мандахнарантай таарах хүртлээ бүх барилдаанаа буруу булхайтай шүүлтээр гарч ирсэн.

Бузар булхайтай нь тодорхой байхад бид нарыг уучлал гуй гэлээ. Бид нарыг уучлал гуй гэж байгаа нь булхайтай шүүлтийн өмнө уучлал гуй гэсэн үг. Би энэ бөхөд 26 жил зүтгэсэн. Энэ хөдөлмөр зүтгэлийг хормын төдийд үгүйсгэж хасаж байгаад маш их гомдолтой байна" гэлээ. 

Харин Ц.Цогтбаяр дасгалжуулагч

 
Гэрэл зургийг MPA.mn

 

"2012 оноос хойш эрэгтэйчүүдийн шигшээ багийн амжилт бүх тэмцээнд өссөн байдаг. Чөлөөт бөхийнхний хоорондын атаа жөтөө тэмцэл юунаас болоод байгааг ойлгохгүй байна. Олимпийн эрх олгох тэмцээний өмнө энэ Дагвадорж гэж нөхөр дөрвөн багшийг шүүхэд өгсөн байсан. Бид нар дэлхийн аваргад орж байхдаа хүүхдүүдээ үлдээгээд шүүх хурал руу явж байлаа. 

... Эд нар олимпийн бэлтгэлд гарчихсан байхад сураггүй байсан. Олимпийн тосгонд Дагвадоржтой мэндлэхэд муухай харчихаад яваад өгсөн. Монгол Улс медаль авахгүй юм байна гэдгийг эд нар эрт мэдсэн юм байгаа юм. Олимпоор дөнгөж хоёр барилдаж байхад бүх юм дууслаа гэж твиттертээ жиргэсэн. Зэрэгцээ хоёр өрөөнд амьдарч байж лифтэнд таарахдаа буруу хараад явчихаж байсан. Олимпийн тосгонд бид тэгж л амьдарлаа.

Ийм хариуцлагагүй юманд бид явж байна даа. Баяраа багш бид хоёр буруу юмны төлөө тэмцээгүй. Цаг зогсоогүй байхад торгосон бол хувцасаа тайлахгүй" хэмээн ярив.

Тамирчин Г.Мандахнаран

 
Гэрэл зургийг MPA.mn

 

 "Миний хувьд маш их бухимдалтай, стресстэй, шаналсан өдрүүд үргэлжилж байна.

Гэтэл миний төлөө, Монголын ард түмний медалийн төлөө зүтгэсэн манай хоёр багшид хариуцлага тооцож байна.  Олимпийн бэлтгэлд явах мөчид, ирсний дараа бөхийн холбооноос бэлтгэл ямар байна гэж асуусан хүн байхгүй байсан.

Эд нар олимпоос битгий медаль аваасай гэж хүсч байсан байх. Намайг барилдаж байхад Дагвадорж хаяад яваад өгсөн. Ямар ч сэтгэл гаргаагүй. Бүх ажлыг нураая гэсэн бодолтой байсан.

Багш нарт нь хариуцлага тооцохоор эд нар буруу гээд хүлээн зөвшөөрчихсөн учраас спортын арбитрын шүүхэд хандах эрхгүй болж байна. Хоёрдугаарт би энэ хүмүүсийг миний төлөө явна гэж итгэхгүй байгаа.

Монголын чөлөөт бөхийн ялзарсан асуудлыг шийдэхгүй бол багш нар ч, намайг залгамжилж гарч ирэх залуучууд хохирно. Дахиж амжилт гаргана гэдэгтээ итгэлгүй байна" гэв. 

Ийнхүү багш, тамирчдын хэвлэлийн хурал дуусаагүй байхад заалны тогийг тасалснаар хурлыг "хүчээр" дуусгав.