Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО: Бүх ард түмнээсээ уучлал гуйж байна

ikon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МЧБХ-ноос яг одоо буюу 14:00 цагаас хэвлэлийн хурал зарлаад байна.

"Олимпоос хойш Чөлөөт бөхийн Холбооны удирдах зөвлөл хоёр удаа хуралдаж цааш яах тухайгаа хэлэлцлээ" гэж Д.Дагвадорж хэвлэлийн хурлаа эхлүүллээ. 

Үргэлжлүүлэн А.Сүхбат "Төр засаг ард түмнээрээ спортын хорооны мөнгийг шийдэж өгсөнд баярлалаа. 2016 оны олимпийн наадамд монголын төр засгаас нийтдээ найман тэрбум гаруй төгрөг шийдэж өгсөн. Энэ нь урьд хожид байгаагүй өндөр ач холбогдол, тамирчдыг бэлтгэл хангагчтай нь гаргасан том боломж гаргаж өгсөн байгаа. 

65кг-ын жинд барилдсан Г.Мандахнарангийн хувьд нэг асуудал. Олимпийн хотхонд наймдугаар сарын 13-нд техникийн зөвлөгөөн болсон. Энд барилдааны дүрмийн тухай, тамирчдын хариуцлагын тухай маш тодорхой ярьсан. Манай баг тамирчид үүн дээр орчуулагчтайгаа хамт очиж зөвөлгөө авсан. Энэ удаагийн наадамд манай чөлөөт бөхийн хоёр дасгалжуулагч дэвжээн дээр гарч зохисгүй үйл, танхай хэрэг үйлдсэн явдалд маш их харамсаж байгаа. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар ард түмнээсээ уучлалт гуйж байна. Бид бүхэн ард түмнээсээ уучлал гуйж байна" гэлээ. 

Мөн Д.Сумъяабазар "Мандахнарангийн хувьд маш сайн барилдсан. Медаль аваад алдсаныг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Г.Мандахнарангийн асуудал бол тусдаа. Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбооноос албан тоот ирэхдээ

2016 оны наймдугаар сарын 21-ний өдөр Монгол улсын чөлөөт бөхийн холбооны хоёр дасгалжуулагч барилдааны дараа шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж дэвжээн дээр гарч зохисгүй, зүйд нийцэхгүй үйлдэл гаргаж сахилга батын журмыг зөрчсөн. Тэдний энэхүү бүдүүлэг, үл хүндэтгэсэн үйлдэл нь Дэлхийн Нэгдсэн Бөхийн Холбоо болон спортын нэр хүндийг гутаасан болно. Маш олон тооны хүн энэхүү үйлдлийн гэрч болсон бөгөөд Олон Улсын Олимпийн Хорооноос сөрөг сануулгуудыг өгч байна

Эдгээр үйлдлийн ноцтой байдлыг үндэслэн энэхүү хэргийн эцсийн шийдвэр гартал /энэхүү албан бичгийг хүргүүлсэн өдрөөс хойш/ МЧБХ-г ДНБХ-ны албан ёсны хуваарьт багтсан ОУ-ын ямар ч тэмцээнд, ямар ч төрлөөр, аль ч насны ангилалд оролцуулахыг түтгэлзүүлж байна.

Та бүхэн 2016 оны есдүгээр сарын 1-ний дотор өөрийн байр сууриа бичгээр мэдэгдэн хүргүүлэх эрхтэй болно. Танай холбооны бичгээр ирүүлсэн мэдэгдлийг ДНБХ-ны Спортын шүүхэд хүлээлгэн өгөх ба бүх баримтан дээр тулгуурлан эцсийн шийдвэрийг гаргана. Хэрвээ дээр дурдсан хугацаанд албан ёсны хариу ирүүлээгүй тохиолдолд та бүхний хариуцлагыг хүлээн авсанд тооцно" гэлээ. 

МЧБХ-ноос ажлын хэсэг байгуулж Г.Мандахнарангийн барилдааныг судлахаар болсон. Хэрэв медалиа эргүүлж авах боломжтой бол олон улсын арбитрын шүүхэд хандана. 

Хоёр дасгалжуулагчид холбооны дүрмийн 8.6-д заасан заалтыг зөрчсөн тул хариуцлага тооцож чөлөөт бөхийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хоёр жилээр хассан талаар хэвлэлийн хурлаар мэдээллээ. 

Ийнхүү Монголын Чөлөөт Бөхийн Холбоо бүх ард түмнээсээ уучлалт гуйв. 

ҮҮНИЙ ДАРАА БАГШ, ТАМИРЧИД ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙСНИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ. 

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn

Хурлын төгсгөлд Д.Дагвадорж "Та бүхэндээ удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцууллаа. Дөрвөн жилд нэг болдог энэ тэмцээнийг Чөлөөт Бөхийн Холбоо их хүлээж байсан. Монголын ард түмэн ч мөн хүлээж байсан. Гэвч Монголын Чөлөөт Бөхийн Холбоо амлалт, амжилтандаа хүрсэнгүй ээ. Тийм учраас миний бие МЧБХ-г удирдаж, удирдах зөвлөлийн хүмүүстэй хамтран монголын ард түмнээсээ уучлалт гуйж байна. Та бүхэн уучлаарай" гэлээ.