Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Сүүлийн өдрийн алдалгүй үзэх ТАВАН төрөл

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 21
iKon.MN
ХӨНГӨН АТЛЕТИК
 

 

Олимпийн наадмын сүүлчийн өдөр аваргаа тодруулдаг уламжлалтай эрэгтэйчүүдийн марафон Рио де Жанейро хот дундуур уралдаанаа хийж, хаалтын ёслолын үеэр медалиа гардуулах болно. Энэ жилийн онцлог нь монгол улсыг төлөөлөн нийт 3 тамирчин уг уралдаанд оролцох болсон нь юм. Улаанбаатарын цагаар 21:00-д эхлэх энэ уралдаанд Лондоны олимпийн тугч МУГТ Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Ц.Бямбажав нар өрсөлдөх юм.

Өнөөдрийн гол фаворит нь Кенийн Элиуд Кипчоге байх болно. 2014 оноос хойш хамгийн том таван марафонд дараалан түрүүлсэн тэр 2004, 2008 онуудад 5000 метрийн зайнаас хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ жилийн хамгийн хурдан цагийг эзэмшиж байгаа юм. Өнгөрсөн жилийн аварга Угандагийн Стефен Кипротич болон кенийн Стэнли Бивотт нар медальд хүрэх хамгийн өндөр магадлалтай.

САГСАН БӨМБӨГ
 

 

Арайхийн хүрэл медаль хүртэж байсан Афин 2004 хойшхи АНУ-ын сагсны хамгийн “сул” шигшээ гэгдэж буй мөрөөдлийн баг өнөөдөр алтан медалийн төлөөх тулаанаа хийнэ. Эмэгтэйчүүдийн баг нь итгэл төгс аваргалж байхад эрэгтэйчүүдийн баг нь 4 ч удаа 10-аас доош онооны зөрүүтэй хожил авч байгаа нь тэдний стандартын хувьд хангалтгүй үзүүлэлт. Хэсгийн шатанд ердөө 3 онооны зөрүүтэй буюу 94:91-ээр хожигдсон Сербийн баг финалд тэднээс хариугаа авахаар хүлээж байна. Серби Хорват, Австралитай тун хүнд тоглолтуудыг хийсний эцэст 1996 оноос хойшхи анхны медалиа авах нь тодорхой болсон юм. Хүрлийн төлөө Испани, Австралийн багууд тулна. Финалын тоглолт шөнийн 03:45-д эхэлнэ.

ВОЛЕЙБОЛ
 

 

2000 оны Сиднейн олимпоос хойш медалийн тавцнаас буугаагүй байгаа Бразилын эрэгтэйчүүдийн шигшээ баг сүүлийн 4 олимп дараалан финалд үлдэж байгаа гайхалтай амжилтыг үзүүллээ. Гэхдээ тэд сүүлийн 2-т нь мөнгөн медаль авчихсан байгаа учир энэ удаад нутгийн хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө 3 дахь удаагаа алт авахыг ихэд хүсч буй. Тэдний өрсөлдөгч нь Лондоны олимпийн хүрэл медальт Италийн шигшээ. Италичууд 1996 оны Атлантагийн олимпоос хойш медалийн төлөө үргэлж өрсөлдөж,ердөө ганцхан удаа буюу Бээжинд 4-р байрт орж байсан юм.  2 баг хэсгийн шатанд учраа таарч тоглоход Италийн баг 3:1-ээр илүүрхжээ. Хүрлийн төлөө АНУ болон ОХУ-ын багууд тоглоно. Шигшээ тоглолт 01:15-д эхэлнэ.

ГАНДБОЛ
 

 

Сүүлийн 2 олимпийн наадамд аваргалж, өнгөрсөн жил нутагтаа болсон дэлхийн аваргад түрүүлснээр сүүлийн 4 ДАШТ-ий 3-аас нь алт авч, эрэгтэйчүүдийн төрөлд доминант баг болсон гэж хэлж болохуйц Францын шигшээ Данитай алтын төлөө өрсөлдөх гэж байна. Данийн багийн хувьд Лондонд шөвгийн наймд шалгарсан дээд амжилтаа ахиулж, анх удаа олимпоос медаль хүртэх нь тодорхой болсон. Европын хошой аваргууд хэсгийн шатанд Францтай тоглохдоо 33:30-аар л хожигдож, аваргуудыг нэлээн сандаргасан учир сонирхолтой тулаан финалд өрнөх нь гарцаагүй.  Хүрлийн төлөөх тоглолт Герман болон Польшийн хооронд өрнөх юм. Францын 3 дараалан олимпод аваргалсан анхны эрэгтэй шигшээ болох эсэхийг шийдэх тоглолт 02:00-д эхэлнэ.

УУЛЫН ДУГУЙ
 

 

Уулын дугуйн спортын бүх цаг үеийн хамгийн агуу 2 тамирчны тулаан өнөөдөр Риод өрнөх гэж байна. Францын Жульен Абсалон болон Швейцарийн Нино Шуртер нар 2-уул дэлхийн аваргад тус бүр 5 удаа түрүүлсэн энэ спортын өнгийг тодорхойлж буй тамирчид. Абсалон Бээжин болон Афинд түрүүлж, 2 удаа олимпоос алт хүртчихсэн байгаа ч өнөөдрийн фаворит нь тэр биш Шуртер байх болно. 2012 оны лондоны олимпод барианы зурваст ялагдал хүлээж мөнгөн медаль хүртсэн тэр сүүлийн 5 жилд 4 удаа дэлхийн аварга болчихоод байгаа юм.

Лондоны аварга Ярослав Кулхави өнгөрсөн жил энэ спортын Тур Де Франц гэгддэг Абса Кэйп Эпикт түрүүлж форм сайтай байгаагаа харуулсан. Мөн дугуйн спортын хамгийн алдартай тамирчдын нэг Словакийн Петр Саган энэ тэмцээнд оролцож байгааг мартаж болохгүй. Тур де Францад нийлбэр оноогоор сүүлийн 5 жил тэргүүлж, 7 гараанд нь түрүүлж байсан түүнийг олон хүн энэ жилийн Риогийн дугуйн төрөлд медаль хүртэх боломжтой тамирчинд нэрлэж байлаа. Гэсэн ч 7 жилийн өмнө залуучуудын дэлхийн аварга болж байсан Саган сүүлийн жилүүдэд уулын дугуйгаар огт уралдаагүй ч цуваа болон бөөн гараат дугуйн уралдаанаас татгалзаж энд өрсөлдөхийг илүүд үзсэн юм.