Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: АРВАН ТАВ ДАХЬ ӨДРИЙН АЛДАЛГҮЙ ҮЗЭХ ТАВАН ТӨРӨЛ

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 20
iKon.MN

ХӨЛБӨМБӨГ

 

Эмэгтэйчүүдийн баг нь Шведийг 2:1-ээр хожиж, анх удаа олимпийн аварга болсны дараа Германы эрэгтэй баг талбайн эзэдтэй “мөрөөдлийн тулаан”-ыг хийх гэж байна. Дэлхийн 4 удаагийн аваргууд ч өмнө нь огт олимпийн наадамд түрүүлж байгаагүй учир ихээхэн ач холбогдол өгч, тун хүчтэй бүрэлдэхүүнтэй Риод ирсэн. Харин талбайн эзэн Бразилчууд мөн л олимпийн наадамд түрүүлж байгаагүй учир шигшээ багийн лидер Нэймар тэргүүтэй багаа оролцуулж, финалд үлдээд байна. 2 жилийн өмнө ДАШТ-ий хагас шигшээд 7:1-ээр бут ниргүүлсэн тоглолтынхоо хариуг авах туйлын хүсэлтэй бразилчууд энэ тоглолтыг тэсч ядан хүлээж байгаа нь гарцаагүй. Алдарт Маракана цэнгэлдэхэд энэ тоглолтүүрийн 05:30-д эхэлнэ. Хүрэл медалийн төлөө Гондурас болон Нигерийн багууд тоглох юм.

ГАНДБОЛ

 

Сүүлийн 2 олимпийн наадамд дараалан түрүүлээд байсан Норвегийн гандболын шигшээ 1996-2004 онуудад 3 дараалан түрүүлсэн хөрш Данийн амжилтыг давтах зорилготойгоор Риод ирсэн. Гэсэн ч тэдний мөрөөдлийг Оросын бүсгүйчүүд цаг сунган өрсөлдсний эцэст зогсоож, хагас шигшээд буулгаж аван өөрсдөө финалд үлдээд байна. Нөгөө талд өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Нидерландыг мөн л нэг оноогоор хожсон Францын баг шигшээд шалгарсан. 2003 онд дэлхийн аварга болж байсан ч олимпоос медаль авч үзээгүй францын багаас илүү дэлхийн 4 удаагийн аварга, Бээжингийн олимпийн мөнгөн медальт Орост хүмүүс илүү найдаж байгаа. Финалын тоглолт 07:30-д эхлэх хуваарьтай бөгөөд үүний өмнө хүрлийн төлөөх Норвеги, Нидерландын тоглолт явагдана.

ВОЛЛЕЙБОЛ

 

Эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн медальтнууд өнөөдөр мөн тодорно. Эмэгтэй финалд өнгөрсөн жилийн дэлхийн цомын алт, мөнгөн медальт 2 баг болох БНХАУ, Сербийн багууд шалгарч үлдээд байна. Дэлхийн цомд түрүүлэхдээ Хятадын баг Сербийг 3:1-ээр хожиж байсан удаатай. Харин Риод хэсгийн шатанд Сербийн баг 3:0-ээр илүүрхэж хожжээ. Хятадын бүсгүйчүүд хэсгээсээ 4-р байраар шалгарсан ч хасагдах шатанд талбайн эзэн Бразилын багийг 3:2-оор хожиж, улмаар Нидерландыг  3:1-ээр ялж финалд үлдсэн. Сербийн баг ОХУ, Америкийн хүчтэй багуудыг дараалан хожсоор энд шалгарчээ. Серби өмнө нь олимпоос медаль хүртэж байгаагүй бол БНХАУ 2004, 1984 онуудад аваргалж байсан юм. Хүрэл медалийн төлөөх тоглолт АНУ болон Нидерландын багуудын хооронд өрнөнө.

ХӨНГӨН АТЛЕТИК

 

Лондонд үзүүлсэн 5,000 болон 10,000 метрт 2-ууланд нь түрүүлсэн амжилтаа давтах боломжтой байгаа Мо Фара энэ өдрийн гол од нь байх болно. 10,000 метрт итгэл төгс түрүүлсэн түүнийг өнөөдөр 5,000 метрт ч түрүүлнэ гэдэгт эргэлзэх хүн цөөхөн байгаа нь гарцаагүй. Сонирхуулахад, АНУ-ыг төлөөлөн, улсын аваргад түрүүлсэн 41 настай Б.Лагат энэ уралдаанд оролцоно. Эмэгтэйчүүдийн 800 метрийн зайд ӨАБНУ-ын Кастер Семеньяг түрүүлнэ гэж олон хүн тооцож байгаа. Тэрээр 7-р сард энэ жилийн хамгийн сайн үзүүлэлтийг гаргасан юм. Эрэгтэйчүүдийн жад шидэлтийн төрөлд ялагчийг таамаглах үнэхээр хэцүү. 2012 онд залуучуудын дэлхийн аварга болсон жилээ  олимпод аваргалсан Тринидад ба Тобагогийн К.Уалкотт түүнээс хойш дэлхийн аваргаас медаль ч хүртэж чадаагүй байгаа. 2004, 2008 оны олимпийн аварга норвегийн А.Торкилдсен энэ оны эхээр зодог тайлсан учир шинэ аварга төрөхийг үгүйсгэхгүй.

УРАН САЙХНЫ ГИМНАСТИК

 

Зөвхөн эмэгтэйчүүд оролцдог цорын ганц спортын төрөл уран сайхны гимнастикийн үнэмлэхүй төрлийн аварга өнөөдөр тодорно. Сүүлийн 20 жилд энэ төрөлд зөвхөн Оросын бүсгүйчүүд л аваргалсан уламжлал энэ жил ч үргэлжлэх төлөвтэй байна. Урьдчилсан шатанд ОХУ-ын М.Мамун, үнэмлэхүй төрөлд 3 удаа дэлхийн аварга болсон, энэ жилийн гол фаворит Я.Кудравцева нар хамгийн өндөр оноо авч финалд үлдсэн бөгөөд алтын төлөөх өрсөлдөөн ч энэ 2 тамирчны хооронд өрнөнө. Нийт 26 тамирчин оролцсон уг төрөлд шигшээд нийт 10 тамирчин тунаж үлдээд байна. Тамирчид 4 дасгалын нийлбэр дүнгээр өрсөлдөнө.