Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Ж.ЧУЛУУНБАТ, О.ҮЙТҮМЭН НАРЫН ӨРСӨЛДӨГЧИД ХЭН БЭ?

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 20
iKon.MN

Эрэгтэйчүүдийн 86 кг: О.ҮЙТҮМЭН

Армийн дэлхийн аварга, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт ОУХМ О.Үйтүмэн Б хэсэгт багтан хоёр дахь олимпийн наадмын барилдаанаа эхлүүлнэ. Чансаанд 6-р байрт бичигдэж буй тэрбээр тэгшитгэлийн тойргийн барилдаанаа Болгарын бөх Михайл Ганевтай хийх ажээ. 

Болгарын бөх энэ жил 31 настай 2012 онд Улаанбаатарт болсон Mongolia Open-д ирэн түрүүлж байсан нэгэн. 2010 онд дэлхийн аварга болж, энэ жингийн тэргүүн бөхчүүдийн нэг болсон ч Лондоны олимпийн өмнө гэмтэл аван, улмаар бараг 2 жил барилдаагүй өнжсөний эцэст 2014 онд Алтан гран пригээр эргэн ирсэн юм. Эргэн ирснээсээ хойш төдийлэн тогтвортой амжилт үзүүлээгүй байгаа тэрбээр өнгөрсөн жилийн ДАШТ-д медалийн төлөө өрсөлдөн, 5-р байрт оржээ.

Түүнийг ялбал манай бөхийг Иран болон Тунисын бөхчүүдийн ялсан нь хүлээж байх болно. Ираны бөх Алиреза Каримигийн хувьд өнгөрсөн жилийн ДАШТ-д хүрэл медаль хүртсэн, амжилт нь жилээс жилд өсч яваа 22 настай залуу бөх. Дэлхийн цомын тэмцээнд 2 удаа аваргалж, азийн аваргад мөн түрүүлсэн тэрээр өсвөр болон залуучуудын дэлхийн аварга болж байв. Энэ жил эхэлснээс хойш оролцсон 3 тэмцээндээ ялагдал хүлээлгүй бүгдэд нь түрүүлчихээд байгааг онцолъё. Тунисын бөх Мухамед Саадаоуи энэ жил 20 настай ч аль хэдийн 2 удаа африкийн аварга болчихсон бөх.

Энэ хэсэгт чансааны №2 туркийн бөх, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Селим Яшар-Кортоев, кубын бөх, ДАШТ-ний хошой мөнгөн медальт Рейнерис Перес Салас, БНСУ-ын бөх, азийн спортын наадмын хүрэл медальт Гванюк Ким нарын шилдэг бөхчүүд мөн орсон байна. Харин “А” хэсэгт энэ жингийн гол фаворитууд болох оросын бөх, дэлхийн хошой аварга, европийн спортын наадмын болон тивийн аварга Абдулрашид Садуллаев, олимпийн аварга азербайжаны бөх Магомедгажи Хатиев, гүржийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Сандро Аминишвили, Пуэрто-Рико улсын бөх, олимпийн мөнгөн медальт Жайме Эмпиналь нарын бөхчүүд орсон байна.

Эрэгтэйчүүдийн 125 кг: Ж.ЧУЛУУНБАТ

Лондоны олимпод манай эрэгтэйчүүдийн цорын ганц ялалтыг авчирч байсан ОУХМ Ж.Чулуунбат А хэсэгт багтан тэмцээнээ эхлүүлнэ. ДАШТ-д 2 удаа медалийн төлөө барилдаж байсан манай бөх дэлхийн чансааны 10-р байрт эрэмблэгдэж байгаа.

Манай бөхийн эхний өрсөлдөгч нь энэ жингийн номер нэг, алтан медаль хүртэх гол боломжтой бөхөд тооцогдож буй Туркийн бөх Таха Агкул юм. Сүүлийн 2 дэлхийн аваргад дараалан түрүүлж, Европын наадам, Европын аварга, Универсиад наадам гээд бараг бүх тэмцээнд түрүүлчихсэн ид насандаа яваа бөх. Лондоны олимпод шөвгийн наймд шалгарч мултарч байснаасаа хойш тэрээр  16 тэмцээнд оролцохдоо 13-т нь түрүүлсэн юм. Гэхдээ энэ он гарснаас хойш түүний форм огцом унасныг онцолж байна. Тэрбээр 4 дараалан түрүүлээд байсан Европын аваргадаа гүржийн Петриашвилид ялагдан дөнгөж 10-р байр эзлэсэн. Тэгэхээр манай бөхөд боломж бий гэсэн үг.

Түүнийг давбал дараагий тойрогт буюу шөвгийн наймд Казахстан болон Беларусийн бөхчүүдийн ялсан нь хүлээж байх болно. Казахстаны Даулет Шабанбай Лондонд хүрлийн төлөө барилдаж ялагдаж байсан бөгөөд Азийн наадам болон азийн аваргын мөнгөн медальтай бөх. Беларусийн Ибрахим Сайдау Истанбулд болсон олимпийн эрх олгох тэмцээнд үзүүрлэн Риод иржээ.

Энэ хэсэгт хятадын бөх, армийн дэлхийн аварга, азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Живей Дэнг, унгарын бөх европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальт Даниэль Лигети нар багтсан байна.

Нөгөө талд чамгүй ширүүн өрсөлдөөн өрнөх төлөв харагдаж байна. Өнгөрсөн жил ДАШТ-д хагас шигшээд Туркийн Акгулд ялагдснаасаа хойш ялагдал амсаагүй яваа Гүржийн Петриашвили болон ОХУ-ын бөх, дэлхийн 5 удаагийн аварга, олимпийн хүрэл медальт Б.Махов, Азербайжаны бөх, ДАШТ-ий мөнгө хүрэл медальт Д.Берианизе нарын хооронд гол өрсөлдөөн өрнөнө. Ялангуяа Махов их спортоо орхин,  UFC-тэй гэрээ байгуулчихсан байгаа учир олимпийн алтын төлөөх сүүлчийн дайралтаа хүчтэйхэн хийх нь гарцаагүй.