Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

М.Цэнгүүн: “SPS" -ийн үнэ энэ улирлаас өөрчлөгдөнө

ikon.mn
2016 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн спортын топ контентуудыг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулдаг спортын төрөлжсөн “SPS” телевизийн хуулийн зөвлөх М.Цэнгүүнтэй уулзаж шинэ улирлын зорилго, төлөвлөгөө болон өөрчлөгдсөн үнийн багцынх нь талаар лавлалаа.

2013 оноос үйл ажиллагаа явуулж буй бус телевиз нь өдгөө Премьер лиг, Аваргуудын лиг, NBA, UFC гэсэн дэлхийн түвшний топ тэмцээнүүдийн эрхийг эзэмшдэг юм.


- Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “SPS” телевизийн албан ёсны эрхтэйгээр гаргадаг Английн Премьер лигийн шинэ улирал эхлээд удаагүй байна. Аваргуудын лиг, NBA-гийн шинэ улирлууд ч шил шилээ дагаад эхэлнэ. “Дэлхийн спортыг танай гэрт” уриатай “SPS” телевиз ирж буй улиралд үзэгч, спорт сонирхогчдод ямар шинэ нэвтрүүлэг, шинэлэг зүйлс хүргэхээр ажиллаж байна вэ?

- Манай телевиз дээрхи топ контентуудаас гадна дотоодын контент, нэвтрүүлэгт энэ улирлаас онцгой анхаарч байгаа. Премьер лиг, Аваргуудын лиг, NBA, UFC-г дагалдаж ирдэг нэвтрүүлгүүд долоо хоног бүр орчуулагдаж хийгддэг. Ялангуяа Премьерлиг re-branding хийгдсэн учир илүү олон үзүүштэй, сонирхолтой материал, нэвтрүүлэг ирүүлэхээ амлаж байгаа.

Үүнээс гадна бөх, хурдан морь, сур харваа, шагайн харваа зэрэг үндэсний спорттой холбоотой шинэ нэвтрүүлгүүд хөтөлбөртөө түлхүү тусгахаар бид төлөвлөж байгаа.

Мөн хүүхэд залуучуудыг эрүүл, спортлог амьдралын хэвшилд уриалж, эерэгээр нөлөөлөх зорилго тавьж, тэдний дунд олон төрлийн уралдаан тэмцээн зохиох, хөгжөөн дэмжигчидтэй илүү ойр ажиллахаар төлөвлөж байна.

Ерөнхийдөө манай компаний зорилго нь дэлхий спортыг таны гэрт авчирахаас гадна үүгээрээ түүгээрээ дамжуулан Монголын хүүхэд залуусын спортын боловсролыг тэлж, эерэг эрүүл спортлог амьдрал руу чиглүүлэх юм.

- “SPS” телевизийн багцын үнэ энэ улирлаас эхлэн өөрчлөгдөж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу? Үнэ өөрчлөгдөх болсон нь ямар шалтгаантай вэ?

- Манай телевизийн хоёр, дөрвөн сувагтай багцуудын SKYmedia, Univision, DDish оператор компаниуд дахь үнэ 12,000₮ / 20,000₮ болж нэмэгдсэн.

20,000₮-н багцад SPS Prime, SPS Action, SPS Play, SPS Plus гэсэн манай үндсэн дөрвөн суваг багтаж байгаа бол 12,000₮-н багц нь SPS Prime - SPS Plus (Хөлбөмбөг), SPS Action - SPS Plus (Тулаант спорт), SPS Play - SPS Plus (Сагсанбөмбөг) гэж хоёр хоёроор задарна.

Харин та SKYmedia-гийн сарын суурь хураамж нь 25,000₮-өөс дээш төлдөг хэрэглэгч бол 3000₮ нэмж төлөөд SPS-ийг үзэж болно.

DDish-н хувьд “ҮЛЭМЖ” багцын хэрэглэгч бол SPS-ийн дөрвөн сувгийг үнэгүй үзнэ.

Харин UNIVISION-тэй бид энэ шинэ үнийн талаар одоогоор ярилцаж байгаа. Үнэ нэмэгдсэн тухайд ам.долларын ханшийн өсөлттэй шууд холбоотой. Эдийн засгийн хямралын энэ үед бидний гаднаас худалдаж авдаг контентуудын үнэ ч гэсэн хурдтай өсөж байгаа болохоор байгууллагын цаашдын санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд зайлшгүй ийм арга хэмжээ авах хэрэгтэй болсон юм.

Мэдээж энэ шийдвэрийг шууд гаргаагүй. “Y&R Mongolia” судалгааны компанитай хамтран “Телевиз үйлчилгээний хэрэглээ тодорхойлох үндэсний хэмжээний судалгаа” болон “Спортын төлбөртэй сувгийн үйлчилгээ”-ний талаархи судалгааг хийлгүүлж, хэрэглэгч төлбөрт сувгийн үнийг хэдэн төгрөг байлгахыг илүүд үзэж байгаа талаар тодорхой мэдээлэл боловсруулсан. Үүн дээрээ тулгуурлан бусад хамтран ажиллагч байгууллагууд болон оператор компаниудтай зөвлөж ярилцсаны эцэст ийм шийдэлд хүрсэн юм.

- Саяхнаас “SPS”-н зарим сувгууд “Сансар” кабелиар цацагдахаа больсон. Мөн 9 сарын 12-ноос эхлэн SPS-ийн бүх сувгууд "Сансар”-аар гарахгүй гэсэн мэдэгдэл тавигдсан байсан. “Сансар кабель” ХХК-тэй байгуулсан гэрээгээ цуцалж буй шалтгаанаа тайлбарлана уу. Спорт сонирхогч, үзэгчид үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах үүднээс нарийн тодорхой шалтгааныг хэлж өгч чадахгүй нь. Товчхондоо тус байгууллага бидэнтэй байгуулсан гэрээн дэх өөрсдийн хүлээсэн зохих үүргээ биелүүлээгүйн улмаас цаашид хамтран ажиллах боломжгүй болсон юм.

Тиймээс бид албан бичиг хүргүүлж 9 сарын 12-ноос эхлэн SPS-ийн бүх суваг тус кабелиар цацагдахгүй болж буйг мэдэгдсэн байгаа. Одоогоор манай зарим сувгууд тус кабелиар гарч байгаа ч гэсэн удахгүй зогсоно гэдгийг үзэгчдэдээ сонордуулж байна.

Ер нь манай сувгийн гаралт, дуу дүрсний чанартай холбоотой ихэнхи гомдол, санал Сансар кабелийн хэрэглэгчдээс ирдэг байсан. Тийм болохоор Сансар кабелийн хэрэглэгч, спорт сонирхогч та манай сувгуудыг илүү өндөр чанартайгаар бусад кабелиудаар үзэхийг зөвлөж байна.

- “SPS” телевиз дэлхийн спортын томоохон контентуудыг албан ёсны эрхтэй гаргадаг, төлбөртэй цөөн сувгуудийн нэг. Харин танай телевизийг төлбөр өндөртэй хэрнээ нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх тал дээр юм хийдэггүй гэсэн шүүмжлэл байдаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

- Манай компани “Спортыг дэмжих сан” байгуулан SKYmedia-гийн хэрэглэгчдийн SPS-ийн төлбөрт сувгийг үзэх 3,000 төгрөгийн тодорхой хувийг тус санд төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү сангийн үйл ажиллагаа нь манай улсад спортын шинжлэх ухаан, мэдээлэл технологийн ололтууд, тамирчдын зөв хооллолт болон дасгалжуулалтын шинэлэг арга барил зэргийг судлан Монголын спортын баг тамирчдыг бэлтгэх, чадваржуулах тал дээр анхаарах юм. Одоо цагт спорт нь шинжлэх ухааны аргачлалаар явагддаг болсон. Энэ шинэчлэлийг өөрийн улсдаа нутагшуулах нь манай сангийн гол зорилго юм.

Мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд “ЭЕРЭГ СПС” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энд олон нийт рүү хандсан, нийгэмд эерэг уур амьсгал төрүүлэх олон шинэлэг үйл ажиллагаанууд багтсан байгаа.

- Бидэнд цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Сүүлийн мөрийг танд үлдээе.

- Та бүхэнд ч гэсэн баярлалаа. “Дэлхийн спортыг танай гэрт” уриагаа хэрэгжүүлэхийн тулд SPS телевиз цаашдаа ч гэсэн дэлхийн топ зэрэглэлийн спортын тэмцээнүүдийг Монголын спорт сонирхогчиддоо дүү, дүрсний өндөр чанартай, мэргэжлийн тайлбартайгаар хүргэхийг хичээн ажиллах болно. Бидэнтай хамтран ажилладаг, спортын медиа эрх зуучилж, борлуулдаг “MP&Silva”компаниас олон сонирхолтой, үзүүштэй, шилдэг контентуудын санал ирж байгаа.

Хэрэв бид санхүүгийн хувьд тогтвортой байвал одоо гаргаж буй контентын эрхээ цааш сунгаж бүр илүү олон төрөл нэмэхийг ч үгүйсгэхгүй.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.