Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эмээгийн хүсэл

Ц.Цэвээнхэрлэн, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 22
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

...Ум мани бадми хум, ум мани бадми ууу...гээд эмээ үгээ гүйцээж чадалгүй хий ханиалган бөгшүүллээ. Амьсгаагаа түгжиж буй бололтой, алгаа хавсран залбирангаа хэсэг чимээгүй зогсов.

Төд удалгүй “Ум мани бадми хум” хэмээн сонсогдох төдийхөн амандаа бувтнасаар шармал хэдэн бурхны өмнөх өргөлийн ширээнд тулж очлоо. Хөх торгон дээлийнх нь өнгө нэлээд ганджээ.

Эмээ, ус гүйсэн нүдээ арчингаа гялгар уутнаас жижиг шилтэй шар тос, хэдэн ааруул гаргаад өргөлийн ширээн дээр тавив. Дахиад энгэрээ ухаж харагдав. Давуунаас бараг ялгаагүй болтлоо элэгдэж үнгэгдсэн арьсан хэтэвчнээсээ 1,000 төгрөг сугалаад хандивын шилэн хоргонд хийж үзэгдлээ. Ийн шивнэн шившиж, өргөл барьц өргөн залбирахдаа эмээ чухам юу хүсээ бол. Бурхан нэртэй хөшөө, суварга нэртэй “балгас” улам олон болоосой хэмээн залбираагүй нь лав.

Засаг ноён тоо бодоод завгүй. Аймгийнхаа хойморт бараа сүртэй бурхан залахгүй бол ардуудынх нь амьдрал өөдлөхгүй байна гэнэ. Хойморт залрах бурхан сүрийг үзүүлэхүйц бараа ихтэй, овор сүртэй байх нь бас чухал аж. Үнэнч олон шавь нь түүнийг ганцааранг нь бас орхисонгүй.

Суварга хэмээх “төрөл саданг” нь дагуулна. Нэг дор хорь, гучийг цувруулан босговол бурхан сая нэг баярладаг юм байх. Харин тэр том хөшөөг босгоход доод тал нь хагас тэрбум төгрөг хэрэгтэй. Хандив тусламж авах их аяныг хэдэн жил сараар хөөцөлдөж, нутгийн гэх олны танилуудаа, нэртэй зүстэй яваа бизнесмэнүүдээ шавдуулж шаналгаж эхэлнэ. Дээр нь айл өрх бүрийг хандив өгөхийг уриална.

Иймэрхүү жимээр босож өндийсөн бурхны хөшөө Архангай аймгийн төвийн хоймор Булган уулын өвөрт хэдхэн жилийн өмнө сүндэрлэсэн. Хэдэн зуун сая төгрөгөөр бурхан босгох санаачилгыг Архангай аймгийн засаг захиргаа болон нутгийн зөвлөлөөс гаргаж байв. Уг санаачилгын ухуулга нь "Нутгийн ардын сайн сайхны төлөө” гэх энэ таван үгт үндсэндээ багтана. 

Тэрчлэн Говь-Алтай аймгийн төв Алтай хот хоймортоо бурхан шашны томоос том цогцолбор байгуулж амжсан. Чамгүй хөрөнгө зарцуулсан талаар нутгийн удирдлагууд ч онцолж байв. Гэтэл тус аймгийн төвийн тохижилт, хөгжлийг нь тольдоод нэг харвал ялгарч онцгойрсон юм тун ховор.

Угтаа бол энэ нь шашинд донтсон төрийн төлөөллүүд түмний хүслээр тохуурхан, шоглон шоолж буйгаас ялгаагүй юм.

 Буддын шашныг сүсэглэн залбирдаг монголчуудын тоон үзүүлэлт аажмаар уруудсаар байгааг судалгаанд дурджээ.

Цаашлаад Ээж хад, Ээж мод, Хамрын хийдийн Мөөм хад гээд овоо тахилгатай газрууд, төрийн тахилгатай хайрхан уулнууд өргөл барьц, идээ будаа, хадаг яндрын хог хаягдалд өмхийрч ялзран, илжирч байна. Монгол угсаатны буурал түүхийг өгүүлэн гэрчлэн соёлын хосгүй энэ өвүүдээ цэвэр тунгалаг, ариун дагшин хэвээр нь хайрлан хадгалахад л хамаг учир оршдог баймаар.

Ингэхэд хөшөө босгож, уул тахих хөрөнгөөр ажилгүйчүүдийн нэгээхэн хэсгийг хамруулж дөнгөх жижиг үйлдвэр барьж яагаад болохгүй гэж, сүсэгтнүүдийнхээ хандиваар. Насны хоолыг нь залгуулаад зогсохгүй Буддын шашны өгөөжийг жинхэнэ утгаар нь хүртээсэн үйлс болох биз ээ. 

Эсвэл, орон гэргүй олон арван айлд зориулсан нийтийн байр барьчихвал нэг өдрийнхөө талхны мөнгийг харамлалгүй хандивласан бурхны олон шавь нь баярлана. Гэвч ийм түүх байсангүй. Энэ ч утгаараа Буддын шашныг сүсэглэн залбирдаг монголчуудын тоон үзүүлэлт аажмаар уруудсаар байгааг судалгаанд дурджээ.

Гэхдээ хүсэл сэтгэлээ уудлан шивнэдэг итгэгсдийн хүрээ хумигдсангүй. Суварга босгох, овоо тахилгаа олшруулах, хайрхан уулаа тахих гээд түмэн ажил ундрах зуур гаднын шашны олон урсгал газар аван үржиж байна. Сүүлийн үеийн мэдээнээс харахад манайд христийн шашны католик, үнэн алдартан, лютеран, мормон гээд 10-аад урсгал нэвтрээд байна. Мөн бахайн, мүүн, ведийн зэрэг шашны явцуу бүлэглэл 185-д хүрчихэж. 

Тэгвэл Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд юу гэж заасныг харъя. “...насанд хүрээгүй хүүхдийг асран хамгаалах, харгалзах хүний зөвшөөрөлгүйгээр шашны үйл ажиллагаанд оролцуулахыг хориглоно” гэсэн заалт бий.

Гэтэл гаднын шашны байгууллагуудын идэвхтэй гишүүдийн дийлэнх нь 5-16 насныхан, орон гэргүй, ажилгүй, нийгмийн эмзэг бүлгийнхэн байна. Энэ судалгааны баримт бидэнд дохио өгөхгүй байна гэж үү.

Үнэндээ гаднын шашныг хоол унд, хувцсаар түмний тархийг угаалаа хэмээн чичлэн буруутгаж, хардан харамлах эрх нэг талаар алга. Өглөг барьц, хандив тусламжийг хамж залгихаас өөрийг бараг мэдэхгүй гэмээр буддын сүм хийдийг бодвол гаднынхан ядарсан голдуу монголчуудыг өөртөө татаж чадаж байна. 

Эд материалын тусламж үзүүлэхээс гадна залууст гадаад хэл заах, янз бүрийн сургалт явуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах зэрэг нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг, зарим нь. Зарим нь сургалтын төлбөрийг нь, түлээ нүүрсийг нь, оршуулгын зардлыг нь хүртэл дааж байна.

Ходоодоороо урхидуулсан сүсэглэл гэхээс илүү өнгө мөнгө, хэрэгцээ шаардлагын үнэр эндээс ханхалж байгаа биз. Жил гаруйхны өмнө л гэхэд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас олон улсад үйл ажиллагааг нь хориглосон, шашны хэт хуучинсаг үзэл номлолыг сурталчилдаг, бусад шашныг үгүйсгэдэг “Табли-ги жамагат” хөдөлгөөний гишүүн, Киргизийн дөрвөн иргэнийг албадан гаргасан. Тус хөдөлгөөнийхөн бизнесийн ашиг олох ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй. Зөвхөн шашны урсгалдаа иргэдийг элсүүлэх ажиллагаа явуулдаг болохыг тогтоожээ.

Олон улсын нэршлээр терроризм, салан тусгаарлах үзэл, шашны хэт туйлшрал гэдэг гурван ухагдахууныг тухайн улсын үндэсний аюулгүй байдлын “Гурван аюул занал” хэмээн тодорхойлсон байна.

Энэ ч утгаараа шашин шүтлэгээс улбаатай террорист халдлага дэлхийн олон орныг айдаст хэрхэн автуулж буйг бид харсан. Зэвсэгт мөргөлдөөн, дайн самуун, хүчирхийллээс үүдэлтэй дүрвэгсдийн асуудал гэхэд л бүхэл бүтэн тив улсаар нь хямрааж чадаж байна шүү дээ.
Ер нь шашин шүтлэгийн асуудал нийгмийн оюун санааны амьдралын хамгийн эмзэг бөгөөд нарийн түвэгтэй үзэгдлийг тусгаж байдаг.

Судлаачдын дүгнэснээр шашин зүй зохистой хэмжээндээ байвал нийгмийн харилцааг энэрэнгүйжүүлэх, өсвөр залуу үеийг хүмүүжүүлэх, сэтгэл зүйг төлөвшүүлэх зэрэгт сайнаар нөлөөлдөг гэж үздэг. 

Харин бүлэглэн хуваагдаж, сөргөлдөн тэмцэлдэж, үл ойлголцон хөндийрөх замаар зөрчил үүсвэл мөргөлдөөн, цаашлаад хямралд хүргэдэг аюултай хэмээн анхааруулдаг. 

Чухам эндээс бид дүгнэлт хийж шашны хэт олон урсгал, явцуу бүлэглэлийн тархалт Монголд хэрхэн нөлөөлөх эрсдэл байгааг төсөөлчхөж болох юм. Хамгийн гол нь энэ асуудалд төрийн хяналт, бодлого үгүйлэгдэж байна.

...Өргөлийн ширээний өмнө бөхөлзөн байж шивнэн шившиж, барьц өргөн залбирахдаа эмээ чухам юу хүсээ бол? Хүслийнх нь утга учир эцэстээ дутуу дундуураа гүйцээхийг, зовлон бэрхшээлээ арилган цэвэрлэхийг хүссэн залбирал байсан нь мэдээж.

Зураг