Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Японд 19 хүний амь хөнөөсөн этгээдийн захидал ил болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Токиогийн ойролцоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрах байранд нэвтэрч 19 хүний амийг хутгалж хөнөөсөн Сатоши Үемацу нь хэдхэн сарын өмнө Японы парламентын гишүүдэд захидал бичиж байсныг илрүүлжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард бичсэн захидалдаа Үемацу хөгжлийн бэрхшээлтэй 470 хүнийг “хорвоогоос тонилгох” тухайгаа бичсэн байсан гэнэ.

Түүний захидалд “Миний санаа этгээд хачин гэдгийг би сайн ойлгож байна. Гэхдээ энэ асрах газарт ажилладаг хамгаалагч нарын ядарсан царай, асрагч нарын шаналсан нүдийг хараад би биеэ барьж дийлэхгүй нь. Тиймээс би өнөөдөр Япон орны төлөө, дэлхий нийтийн төлөө нэг алхам хийхээр шийдлээ” гэжээ.

“Ингэснээр дэлхийн эдийн засаг сэргэж, магадгүй дэлхийн гуравдугаар дайн эхлэхээс сэргийлнэ” гэж цааш нь өгүүлсэн байна.

“Миний ажиллагаа түргэн, мэдээж ажилчдад нь хор хүргэхгүй явагдана. Асрах газрын 260 хүнийг тонилгосныхоо дараа би өөрийгөө барьж өгөх болно” гээд “Миний зорилго бол нийгэмд хэрэггүй болсон хүмүүсийг цэвэрлэх” гэжээ.

Лабораторийн шинжилгээгээр Үемацу нь хар тамхи хэрэглэдэг, сэтгэцийн асуудалтай болохыг тогтоосон байна. Хоёрдугаар сард ийм захидал илгээхэд нь түүнийг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн ба гуравдугаар сарын 2-нд сайжирсан гэж үзээд гаргажээ.

Үемацугийн хөршүүд түүнийг сайн залуу байсныг баталж байгаа гэнэ. Тэр 19 хүнийг хөнөөж 25 хүнийг шархдуулсныхаа дараа твиттер хуудсандаа “Дэлхий ертөнц энх амгалан байгаасай! Үзэсгэлэнт Япон орон минь!” гэж бичсэн байсан тухай зарим эх сурвалжууд мэдээлжээ.

Японд галт зэвсэг хатуу хяналттай байдаг тул ийм төрлийн аллага ховор гардаг юм. Гэвч өчигдөр гарсан энэ хэрэг тус улсын нийгмийг цочроогоод байна.

 

Эх сурвалж: Russia Today