Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын ҮЗХ энэ сарын 29-нд хуралдах уу?

Б.Төрбат
2016 оны 7 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Ардчилсан намын дараагийн дарга "Алтангадас"-аас бус "МоАН" фракцаас тодрох магадлал өндөр-

Ялагдлаа хүлээн зөвшөөрсөн ч "шок"-ноосоо гарч амжаагүй шахам яваа Ардчилсан намынхан өнгөрсөн долоон жилийн хугацаанд дотоод сонгуулиа нэг ч удаа явуулаагүй нь "Их ялагдал"-д хүргэх хамгийн том алхам болсон талаар тус намын зарим нөхөд ярьж байна. 

Тиймдээ ч эл намын батлахыг өвөртөлсөн хүн бүр цаг хугацаа өнгөрөх тусам намынхаа үзэл, баримтлалыг аажим, аажмаар бүдгэрч байгааг онцолж, өнөөгийн удирдлагуудынхаа эрх зүйн чадамжийн асуудлыг хөндөж байгаа аж.

Харамсалтай нь, УИХ-ын ээлжит сонгуульд ялагдал хүлээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нөхөд "шинэчлэл"-ээс зугтаж, дараагийн хүмүүстэй байраа тавьж өгөх сонирхолгүй байгаа дүр зураг ажиглагдаж эхэллээ.

Хэдийгээр тэд намынхаа Үндэсний зөвлөлдөх хороог хэзээ хуралдуулж, хэрхэн "хариуцлага" хүлээхээ олон нийтэд албан ёсоор зарлаагүй ч энэ сарын 29-нд хуралдуулж болзошгүй талаарх мэдээллийг эх сурвалж өглөө.

Гэхдээ тэд энэ удаагийнхаа Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлаар намынхаа даргыг бус түр орлон гүйцэтгэгчийг тодруулахаар зэхжээ.

Түүнчлэн намынхаа Их хурлын товыг эцсийн байдлаар тохирч, тэрхүү хурлаараа дараагийн намынхаа даргыг хэн байх талаарх асуудлыг хөндөж, нэгдсэн шийдэлд хүрч, сая нэг намаа албан ёсоор даргатай болгох юм байх.

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн дунд тус намын дараагийн дарга хэн байх вэ гэсэн асуултад УИХ-ын гишүүн Л.Болдоос авахуулаад Хотын дарга асан Э.Бат-Үүлийн нэр хүртэл яригдаж байна. Эл хоёроос гадна С.Эрдэнэ, Р.Амаржаргал, Г.Батхүү нарын нэр ч хүчтэй өрнөж байгаа сурагтай.

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хувьд намын дарга болох боломж бараг л байхгүй гэдгийг зарим нэг нь ярьж байна.

Учир нь, мань эр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын дарга асан, Ардчилсан намын дарга З.Энхболдын "хүн" байсан бөгөөд энэ удаагийн сонгуульд намаа ялагдал хүлээхэд тодорхой хэмжээнд гар, бие оролцсон гэх. Энэ мэтчилэн шалтгаанаас үүдэж Ардчилсан намын дараагийн дарга "Алтангадас"-аас бус "МоАН" фракцаас тодрох магадлал өндөр байгаа аж.

 

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.