Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

МАН дөрвөн сайдын томилгоогоор өмнөх алдаагаа залруулж чадах уу?

З.Боргилмаа
2016 оны 7 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

-Энэ удаад нэр татагдсан дөрвөн хүний оронд дараагийн томилгоог хийхдээ өмнөх алдаагаа залруулахын хамт Засгийн газрын нэр хүнд, имижийг аварч чадах чадварлаг залуусыг харьцангуй эрүүл саруул шалгуураар сонгох болов уу гэсэн хүлээлт нийгэмд хэдийнэ үүсээд байгаа юм-

Засгийн газар бүрдүүлэх асуудлыг албан тушаалын наймаа, мөнгөний хүчин зүйлд үндэслэн шийдвэрлэлээ гэсэн шүүмжлэлийг гишүүдээсээ болон олон нийтийн зүгээс хангалттай сонссон МАН-д алдаагаа залруулах боломж нэг удаад олдлоо.

АТГ-аас “албан бичиг” авч, сайдын албан тушаалд томилогдох нь эргэлзээтэй болсон дөрвөн хүнээ МАН-ын Удирдах зөвлөл яаралтай сэлгэх шаардлагатай болсноор дараагийн нэр дэвшигчдийн чимээ сонсогдож эхэлсэн юм. 

Харин энэхүү дараагийн алхмыг хэр зөв хийхээс шалтгаалж, МАН-ын шинэ Засгийн газрын нэр хүнд хамаарна гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй биз ээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад өмнө нь Удирдах зөвлөлөөс “Сод Монгол”-ын Ц.Анандбазарыг нэр дэвшүүлсэн ч түүний бизнесийн түүх улс төрийн карьерыг нь хааж орхисон.

Юуны өмнө энэ томилгоог сэлгэхдээ МАН-ын удирдлагын түвшинд хэд хэдэн хүний нэрийг ярилцаж байгаа аж. Тухайлбал, хотын фракцийн төлөөлөл болох, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, МАН-ын Нарийн бичгийн дарга Т.Гантулга нар магадлалтайд тооцогдож байна.

Хэрэв өмнөх алдаагаа залруулах эрмэлзэл тус намын удирдлагад байгаа бол энэ удаад Т.Гантулга сайдад нэр дэвших магадлал илүүтэй. Учир нь МАН-аас “давхар дээл”-гүй бөгөөд “мэргэжлийн Засгийн газар”-ыг хүлээж, шаардаж байгаа ийм цаг үед намын дарга М.Энхболд өөрийн фракцидаа давхар дээл нэмж, УИХ-ын гишүүнд сайдын суудал давхцуулахыг төвдөхгүй л болов уу. 

Парламент дахь гурван аваргын нэг Д.Сумъяабазар УИХ-д улс төрийн карьер гэхээс илүү хувь хүний имижээр орж ирсэн, мөн хоёр дахиа намаас нэр дэвших эрх авсан. Түүнээс илүүтэй улс төрд бэлтгэгдсэн, төрийн албаны туршлагатай үе үеийн боловсон хүчин МАН-д хэдэн арваараа байгаа нь ч үнэн. Тэдний нэгд МАН-ын Нарийн бичгийн дарга Т.Гантулга зүй ёсоор багтах биз.

Тус намыг сөрөг хүчин байх үед ч, төрийн эрх барьж байх үед ч “гал тогоо”-ны ажлыг үүрэлцэж байсан “хуучин” хүн. Тэрчлэн үзэл баримтлал, удирдлагын арга барилын хувьд МАН мухардалд ороод байх үед нь ч дуу хоолойгоо гаргаж байсан шинэ үеийн төлөөлөл гэгддэг.

Улс төр судлал, тэр дундаа улс төрийн намын асуудлаар мэргэшсэн эрдэмтдийн нэг тэрбээр сүүлийн жилүүдэд МАН-ын орон нутаг, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж, энэ удаагийн сонгуулийн амжилтыг авчрилцсэн гэдгээрээ түүнд албан тушаалын төлөө өрсөлдөх ёс суртахууны эрх ч бий.

МАН-ыг улс төрийн байгууллагын хувьд шинэчлэгдэх ёстойг сануулж, үүнийг хэрэгжүүлэх концепцийг боловсруулж байсан нь түүнийг албан тушаалын төлөө улайрагчдаас ялгаатай харагдуулсаар ирсэн.

Харин энэ удаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг “мэргэжлийн” бөгөөд шинэлэг баг болгон тодруулахад түүнийг хувь нэмэр оруулж чадна гэж намынх нь дэмжигчид үзэж байгаа аж. Мөн олон улсын төслүүд, тэр дундаа “Оюутолгой”-н төсөлд ажиллаж байсан түүнийг гадаадын хөрөнгө оруулагчидтай учраа ололцох чадвартай гэж тооцоолж буй.

Харин төрийн албаны туршлагын хувьд өмнө Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан намтартай. Энэ ч утгаар нь түүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад намаас нь нэр дэвшүүлэхээр ярьж буй аж. Намын даргын хувиар М.Энхболдын байгуулж буй Ж.Эрдэнэбатын Засгийн газарт татаасны, мөнгөний, шагналын, нэр хүндийн гээд улс төрд байж болох бүхий шалгуураар сайд нарыг томилсон.

Харин энэ удаад нэр татагдсан дөрвөн хүний оронд дараагийн томилгоог хийхдээ өмнөх алдаагаа залруулахын хамт Засгийн газрын нэр хүнд, имижийг аварч чадах чадварлаг залуусыг харьцангуй эрүүл саруул шалгуураар сонгох болов уу гэсэн хүлээлт нийгэмд хэдийнэ үүсээд байна.

Зураг