Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Улс төрийн олимпд нэрээ гаргаж чадсан Монголчууд Риогийн олимпоос ганзага хоосон ирэх учиргүй

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Улс төрийн олимп хэмээн нэрлэгддэг Ази Европын дээд түвшний уулзалтыг манай улс амжилттай зохион байгуулж чадлаа. 

Улс орнуудын эв нэгдэл, энх тайвныг билэгддэг Олимпийн наадамтай АСЕМ-ын уулзалтыг ийнхүү адилтгасан нь энэхүү дээд түвшний уулзалтын цар хүрээг илтгэсэн хэрэг биз ээ. 

Харин өчигдөр эх орныхоо нэрийг Риогийн тэнгэрт дуурсгах тамирчдаа Монгол Улсын Ерөнхийлөгч үдэн гаргалаа. 

Бразилийн Рио де Жанейро хотноо болох Олимпийн наадамд Монгол Улсаас есөн төрөлд 42 тамирчин оролцох бөгөөд паралимпийн наадамд таван төрлөөр найман тамирчин оролцохоор болсон юм. 

Энэ удаагийн Олимпоос Монголчууд их зүйлийг хүлээж буй нь дамжиггүй. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчдад хандан “Та бүхэнд ялагдах эрх байхгүй. Өмнөх олимпиудаас бараг 2 дахин олон тамирчин явж байгаа.

Монголын ард түмэн, Монголын төр 2 дахин илүү амжилтыг та бүхнээс хүсэн хүлээж байгаа. Түүнээс бага амжилттай ирэх эрх байхгүй. Үүнийг та бүхэнд би ард түмнээ төлөөлж, та бүхний төлөө сүү өргөж, та бүхнийг харж энд хүрэлцэн ирсэн Монголын ард түмнээ төлөөлж хэлж байна. Та бүхэн өндөр амжилттай ирэх ёстой” гэсэн юм. 

 

Цахим ертөнцөд шуугиан тариад буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж паралимпийн наадамд оролцох тамирчныг үнсэж буй фото зургийг хүргэж байна. Ерөнхийлөгчөөс ерөөл сонсож, духаа үнэрлүүлсэн залуу бол Бразилийн паралимпийн анхны эрхийг авчирсан, пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин З.Ганбаатар юм.