Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск мөрөөдлөө танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 21
IKON.MN
Зураг зураг

Tesla компанийн ирээдүйн мастер төлөвлөгөө нууцлагдаад байдаггүй. Анх 2006 онд тэд өөрийн төлөвлөгөөгөө танилцуулахдаа цахилгаан хөдөлгүүртэй спорт машин эхэлж бүтээгээд түүнийхээ ашгаар энгийн, өдөр тутмын зориулалттай автомашин үйлдвэрлэнэ, дараа нь дахин илүү энгийн загвар гаргана, тэднийг цэнэглэх цахилгаан үүсгүүр нь байгаль орчинд хоргүй байна хэмээн зарлаж байв.

Тэгвэл Tesla эдгээр дөрвөн зорилтынхоо гурвыг арван жилийн хугацаанд биелүүлээд байна. Тухайлбал Roadster, Model S, Model X цахилгаан машинууд гаргаж, цэнэглэх станцуудыг олноор бий болгон, Solar City нарны эрчим хүч үүсгүүрийн компанийг худалдаж авахаар болоод байгаа.

Үлдэж буй дөрөв дэх зорилт нь энгийн Model III загварыг масс зах зээлд хүргэх болж байна. Энэ төлөвлөгөө нь ирэх онд хэрэгжихээр байгаа.

Тэгвэл өчигдөр Илон Маск дараачийн арван жилийн төлөвлөгөөгөө зарлалаа.

Шинэ дөрвөн зорилт нь ерөнхийдөө Tesla-г люкс ангиллын машины аз туршсан, жижиг үйлдвэрлэгчээс дэлхийд тэргүүлэх цахилгаан автомашины үйлдвэрлэгч болгож, олон сая өрх айл, бизнесийн байгууллагуудын эрчим хүчний нийлүүлэгч болгох гэнэ.

 

Нарны эрчим хүчийг бүгдэд

Tesla-гийн нарны эрчим хүчний үүсгүүр, хадгалах баттерей, цахилгаан автомашин нь цэвэр эрчим хүчний хэрэглээг массд хүргэнэ. Технологийг улам бүр сайжруулан, хямдруулснаар АНУ-ын айл өрхүүдийн дөнгөж 1 хувь хүрэхгүй байгаа нарны эрчим хүчний хэрэглээг эрс нэмэгдүүлнэ.

 

Бүх хэрэгцээний цахилгаан машин үйлдвэрлэнэ

Өнөөдөр Tesla зөвхөн седан, SUV ангиллын машин гаргаж байгаа бол ирээдүйд хамгийн энгийнээс эхлээд ачааны машин, автобус хүртэл үйлдвэрлэх зорилт тавьж байна.

 

Бүх машиныг жолоочгүй явдаг болгоно

Одоогийн машинд нэвтрүүлсэн Autopilot горим буюу жолоочгүй явах горимыг улам хөгжүүлж эцэстээ бүх машиныг бүрэн компьютерийн удирдлагаар явдаг болгоно.

Маскын үзэж байгаагаар Tesla-гийн авто жолоодлогын горим нь АНУ дахь жолооч нарын гаргадаг осол эндэгдлээс ойролцоогоор 10 дахин бага эрсдэлтэй гэнэ. Одоогоор Tesla машинууд туршилтаар нийт 3 сая миль авто жолоодлого хийгээд байгаа ба энэ зай 6 сая мильд хүрэх үед эрх баригчид жолоочгүй машиныг албан ёсоор зөвшөөрнө гэсэн итгэлтэй байгаа аж.

 

Түрээсийн машины бааз бий болгоно

Маскын сүүлийн мөрөөдөл бол Tesla-гийн машин хуваалцдаг (car sharing) үйлчилгээ бий болгох. Өөрөөр хэлбэл Tesla машин эзэмшигчид ашиглаагүй үедээ бусдад түрээслэх боломж. Судалгаагаар ихэнх машинууд өдрийн 10 хувьд нь л идэвхитэй байж бусад үед нь сул зогсдог байна. Тиймээс машинаа сул үед нь түрээслэдэг болсноор хэн дуртай нь Tesla-г унадаг болж гудамжны хөдөлгөөний ачаалал ч багасах гэнэ.

 

Эх сурвалж: Quartz