Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Үндсэн чиглэлийн яамыг нэмнэ гэдэг нь "Давхар дээл"-ийг нэмэгдүүлж байгаа хэрэг”

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайдаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр санал хүргүүлсэн билээ. Харин Ерөнхийлөгч уг зөвшилцөх саналд татгалзсан хариу өгсөн юм. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдаас 2016 оны долоодугаар сарын 19-ний өдөр буюу өчигдөр 81 хуудас бүхий Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг зөвшилцөх тухай санал ирсэн. Бид тэр материалыг маш шахуу судалж үзээд үндсэндээ гурван чиглэлийн хариу өгсөн. 

Нэгдүгээрт, ирүүлсэн саналд үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмсэн байсан. Үүний цаана ямар санаа нэмэгдэж байна вэ гэвэл давхар дээлийн асуудал байгаа. Эндээс УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашдаг явдал үргэлжлэх нь гэдэг ойлголт төрж байна.  

УИХ-д олонх болсон нам ард түмэнд юу гэж амласан бэ гэхээр давхар дээл шиг муухай юм байхгүй. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, хууль тогтоох эрх мэдлийн байгууллагатай заагтай, ялгаатай, харилцан хяналттай байх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр энэ оруулж ирсэн санал Монголын ард түмэнд өгсөн амлалттай нийцэхгүй байна. Нийцэхгүйгээс гадна төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмын дагуу өмнөх Их хурлын үед хэлэлцэж байсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн заалт, үзэл санаатай нийцэхгүй байгаа учраас үүнийг дэмжихгүй байна гэдгээ хэлсэн. 

Энэ олон яамдуудын нэрийг өөрчилж байгаа нь буруу юм.

Хоёрдугаарт, хожуу ч гэсэн байгуулагдаад үйл ажиллагаа нь жигдрээд явж байсан Аж Үйлдвэрийн Яамыг татан буулгаж, эрх үүргийг нь өөр яамдууд руу шилжүүлж байгааг Ерөнхийлөгч зөвшөөрөхгүй байгаа

Аж Үйлдвэрийн яам яагаад чухал вэ гэвэл нэгдүгээрт, үндэсний үйлдвэрлэгчдийн талархал, дэмжлэгийг хүлээж байгаа. Монгол Улс эдийн засгийн бие даасан байдлаа хангая, түүхий эд нийлүүлэгч биш экспортлогч орон болъё, бусдаас хараат байдлаа багасгая гэх юм бол үйлдвэрлэгч орон болох ёстой гэж үзээд өмнөх Их хуралд намуудын төлөөлөл сууж байгаа байгуулсан Аж Үйлдвэрийн Яамыг үгүй хийж байгаа нь буруу гэж үзэж байгаа

Гуравдугаарт, төр засгийн байгууллагын нэр, хаяг, боловсон хүчин тогтвор суурьшилтай байж байж үр өгөөжөө өгдөг. Гэтэл оруулж ирсэн саналаар ямар нэгэн тооцоо, судалгаа байхгүйгээр, тодорхойгүй шалтгаанаар яам, агентлагуудын нэрийг өөрчилсөн байна. 
Тухайлбал, Гадаад Хэргийн Яамыг Гадаад Харилцааны Яам болгоно гэх юм. Үүний цаана ямар үндэслэлээр яагаад ингэж байгаа тухай асуугаад байвал олон зүйл байна. 

Хамгийн гол нь оруулж ирсэн 81 хуудас материалд ямар нэгэн тоо байхгүй. Хэдэн хүн ажлаас халагдаж, хэдэн хүн ажлын байртай болох гэх мэт эдийн засгийн үр ашигтай холбоотой тооцоо судалгаагүй санал орж ирсэн. Тиймээс энэхүү саналыг төр засгийн бодлогыг тогтворгүй болгох, төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор нь халах, сэлгэх, хамгийн хортой нь Монгол төрийн ой санамжийг дордуулдаг үр дагавартай учраас аль болох Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтыг мэргэшсэн, тогтвортой, төр засгийн бодлогын залгамж, шинжийг хадгалсан байдалтай бодлогоор боловсруулаад дахин танилцуул гэсэн санал хэлсэн юм. 

Хэдэн хүн ажлаас халагдаж, хэдэн хүн ажлын байртай болох гэх мэт эдийн засгийн үр ашигтай холбоотой тооцоо судалгаагүй санал орж ирсэн.

Энгийн жишээ хэлэхэд, дэлхий дээр 200 айл байна гэж үзье. Нэг айл нь хүүхэд эсвэл өрхийн тэргүүнийхээ нэрийг солих, хаягаа солиход нэг нэгнээ танихаа больчихдог. Монгол Улс Засгийн газрын яамдуудын нэр, хаягийг солих нь буруу юм гэж Монголын ард түмэн шүүмжилж ирсэн. 

Гэтэл энэ олон яамдуудын нэрийг өөрчилж байгаа нь буруу юм. Зөвхөн нэрэндээ ч биш, цаана нь ямар зорилго, нийгэмд ямар үр ашигтай зэрэг үндэслэл нь харагдахгүй байгаа. Тиймээс мэргэшсэн боловсон хүчин, төрийн тогтвортой үйл ажиллагааны залгамж шинж чанарыг хадгалсан бүтэц, бодлогыг танилцуулаач гэсэн санал өгсөн юм. Ерөнхийлөгчийн өгсөн хариуны талаар нэмэлт тайлбар өгөхөд ийм байна.

"Ерөнхийлөгч тогтвортой, өөрчлөгдөөгүй яам, агентлагийг дэмжиж байгаа"

Тэрбээр дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.   

-Ерөнхийлөгч Засгийн газрын бүтцийн саналыг хүлээн авахгүй гэсэн хариу өгсөн. Гэтэл Засгийн газар нь УИХ-д өргөн барьчихлаа. Хуулийн хувьд ингэх боломжтой юу? 

- Тэр талаар өргөн барьсан хүмүүсээс асуух хэрэгтэй байх. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол Улсын төрийн тэргүүн, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг хангах, улс орны хөгжил дэвшлийг эрх ашгийн үүднээс хуулиар олгогдсон эрхийн дагуу саналаа илэрхийлэх үүрэгтэй. Энэ саналыг хүлээж авах эсэх нь тухайн улс төрийн хүчин, эрх мэдэлтэй хүний асуудал байх гэж хариулмаар байна. 

Гэхдээ ард түмний ой санамж их сайн байдаг. Хэн хэзээ юу хийж байсныг сайн мэднэ. Ялангуяа хэвлэл мэдээллийнхэн. Өчигдөр юу хийж, өнөөдөр юу хийж байгааг надаар хэлүүлэлгүй дүгнэж, цэгнэж үзэх байх гэж бодож байна. 

-Тахарын алба байхгүй байх магадлалтай гэж харагдаж байсан?

-Хохирогч, гэрч, шинжээчдийн эрх ашгийг хамгаалахад Тахарын алба чухам хэрэгтэй гэж ярьж байгаад Тахарын алба байгуулж, олны талархал хүлээж байсан. Орж ирсэн саналаар бол Тахарын албыг татан буулгахаар байгаа. Энэ олон агентлагуудыг татан буулгах, нэгтгэх гэж байна. Тэдний нэг нь Тахарын алба юм. Мөн өнгөрсөн жил татан буулгасан Өмчийн хорооны нэрийг өөрчилж, энэ жил Ерөнхий сайдын дэргэд төрийн өмчийг хариуцсан байгууллага  болгож байх жишээтэй.

Ингэхээр Монгол Улс хөгжиж дэвшихийн хэрээр бусад олон улсын адил стандартад нийцсэн тогтвортой бүтэцтэй байх нь маш олон талын ач холбогдолтой. Би судалгаа хийж үзэж байсан. Бусад оронд 130, 150, 200 жилийн настай яамдууд байгаа. Манайх шиг яамдынхаа нэрийг өөрчилдөг улс дэлхий дээр хаана ч байхгүй. Иймээс буруу жишгээ цэглэх хэрэгтэй байна. Төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж шинж, мэргэшсэн албан хаагчдаа хадгалж байх нь зүйтэй гэсэн байр сууринаас энэ хариуг өгсөн байна.

-Үндсэн чиг үүргийн яамыг таваар нэмсэн байгаа нь "Давхар дээлтэй" байх боломжийг олгож байгаа гэсэн үг үү? 

-Үндсэн чиглэлийн яамыг нэмнэ гэдэг бол "Давхар дээл"-тэй байх боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Магадгүй үндсэн чиглэлийн яам гэчихээд дан дээлтэй хүн орж ирэх магадлалтай. Харж л байя. Сэтгүүлч та бүхэн гярхай байгаарай.

-Ерөнхийлөгч ямар ямар бүтцийг нь дэмжиж байгаа вэ? 

-Тогтвортой өөрчлөгдөөгүй яам, агентлагийг дэмжиж байгаа. 27 агентлагаас 14 нь өөрчлөгдөөгүй байгаа. Яамдын нэлээд нь өөрчлөгдөөгүй байгаа. Тэр бол сайн. Төр засаг маань хуулийн дагуу үндэсний эрх ашгийн үүднээс олон улсын стандартад нийцсэн үүднээс бүрдэх ёстой. Төр засгийн бүтэц тогтворгүй байна гэдэг нь олон юмыг тогтворгүй байдалд хүргэдэг.