Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюу толгой”-н борлуулсан баяжмалын хэмжээ ӨСЧЭЭ

ikon.mn
2016 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

“Оюу толгой” компани 2016 оны 2 дугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Хоёрдугаар улиралд манай хамт олон ажлын үзүүлэлтээ өндөр түвшинд хадгалсаныг харахад нэн таатай байна. Тэр дундаа, манай аюулгүй ажиллагааны үзүүлэлт тун сайн байж, Рио Тинто групп, уул уурхайн салбарт шилдгүүдийн нэгт тооцогдож байна.

Бид үйлдвэрлэлийн зардлаа бууруулахад анхааран ажилласан хэвээр байгаа бөгөөд уурхайн үйл ажиллагааны бүтээмжийг улам бүр дээшлүүллээ. 

Ил уурхайн олборлолт алтны агуулга багатай бүсэд шилжиж буй энэ үед дээрх арга хэмжээ нь бидний хамгийн гол зорилт юм. Компанийн өнөөдрийн хүрсэн амжилт, гүний уурхайн бүтээн байгуулалтаар үргэлжилж, манай цаашдын өсөлтийн бэлтгэлийг хангана” хэмээн тэмдэглэв. 


2016 оны 2 дугаар улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ улирлын дүнгээр өдөрт дунджаар 105,000 орчим тонн байсан нь өмнөх улирлын дүнтэй дүйцэж байв. Тооцоолж байсанчлан, баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан нь ил уурхайн хоёрдугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга тус тус буурч, 6 дугаар үе шатны олборлолтын металл авалт доогуур байсантай холбоотой.

Баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувь буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх алтны агуулга буурснаас мөн шалтгаалав. Энэ улиралд борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 6.7 хувиар өссөн дүнтэй байлаа. 

“Туркойз хилл” компани “Оюу толгой”-гоос 175,000 – 195,000 тонн баяжмал дахь зэс, 255,000 – 285,000 унци баяжмал дахь алт энэ онд үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалж байна.