Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Энэ жилийн наадам өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан болж байна

President.mn
2016 оны 7 сарын 11
President.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуут сумаар харвасныхаа дараа ард олонтойгоо наадмын сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Тэрээр хэлэхдээ “Хотол олноороо сайхан наадаж байна уу. Монгол түмнийхээ амар амгаланг айлтгая аа. Дөнгөж сая сурын зурхайд дуут сум тавилаа. Дуут сумыг аливаа баяр наадам, их үйл хэргийг нээхэд тавьдаг учиртай юм. Энэ жилийн наадам маш сайхан эхэлж байна. Олон ой давхацсан наадам болж байна.

Их Монгол Улс байгуулагдсаны ойн 10 жил тутамд нэг удаа 1,024 бөх барилддаг. Энэ жил 1,024 бөх барилдана.  АСЕМ-ын дараа аймаг сумдын наадам болно.  

Тэгэхээр хөдөө орон нутгаас маш олон алдар цуутай бөхчүүд, хурдан хөлгүүд, эрхий мэргэн харваачид ирсэн байна. Энэ жилийн наадам их өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан наадам болно гэдгийг хэлье.  

Наадмынхаа нээлтээр Есөн хөлт их цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, нийт ард түмнээ баясгаж, бөхчүүдээ хүндэтгэж Есөн хөлт цагаан тугаа дэвж тойрлоо.

Би наадмыг найм дахь удаагаа нээлээ. Хувьдаа их бэлгэшээж байгаа.  Би найман хүүтэй аав, ээжийн хүү байгаа юм. Ийм сайхан бэлгэшээлээр наадмаа нээсэндээ баяртай байна.

Монгол түмнийхээ буян заяа, аз хийморьт үргэлж залбирч явах болно. Та бүхий маань буян заяа, аз хийморь үргэлж өөдөө байг. Ард түмэн минь сайхан наадаарай. Баярлалаа” гэлээ.