Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэт ба Монголын ирээдүй

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 7 сарын 11
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Аймгуудын өрсөлдөх чадварыг жил бүр үнэлж, хоорондынх нь хөгжлийн ялгааг гаргадаг болсон. Энэ үзүүлэлтээр тухайн орон нутгийн давуу болон сул талыг тодорхойлдог шинэ жишиг тогтсон.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг судалсаар дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Орхон аймаг ямагт тэргүүлж явна.

Нийт 180 орчим шалгуур үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадварыг эрэмбэлж, өрсөлдөх чадвар хамгийн сайныг нь шалгаруулдаг билээ.
Уг судалгааны үр дүнгээс харвал эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үзүүлэлтээр Орхон аймаг Монголыг түүчээлсэн хэвээр байна.

Орхоны хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дээрх амжилтаа тогтвортой хадгалж байгаа цорын ганц аймаг. Энэ утгаараа хөгжлийн үзүүлэлт, иргэдийнх нь амьжиргааны түвшин өндөр байдаг.

Эрдэнэт хот үйлдвэр дагасан хот болохоор түүний хөгжлийг “Эрдэнэт үйлдвэр”-гүйгээр төсөөлөх аргагүй. 

Өнөөгийн түвшинд хүрэхэд зургаан мянган ажилтантай, үндэсний манлай үйлдвэр “Эрдэнэт”-ийн нөлөө асар их.

Түүхэн бүтээн байгуулалтын гэрч, зуун дамжсан үйлдвэрийг дагаад өдгөө 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хот бий болсон. Үйлдвэр дагасан хотын амьдрал өрнүүн. Үйлдвэр дагасан салбар үйлдвэрлэл энэ хотод эрчимтэй хөгжиж буй. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн байдал нь сайжирч байна.

Эрдэнэт хот үйлдвэр дагасан хот болохоор түүний хөгжлийг “Эрдэнэт үйлдвэр”-гүйгээр төсөөлөх аргагүй. Орхон аймгийн төсвийн 85-90 хувийг “Эрдэнэт үйлдвэр” дангаар бүрдүүлж байна. Тус үйлдвэр өдгөө 38 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ хугацаанд нийт дөрвөн сая гаруй тонн цэвэр зэс үйлдвэрлэж, экспортод гаргажээ. Улсын төсөвт таван их наяд төгрөг оруулж, 1.3 тэрбум ам.долларын ашигтай ажилласан бахдам тоо бий.

Уурхайд хөтлүүлж хөгжсөн Эрдэнэт хот “Эрдэнэт үйлдвэр”-ээс хэт хамааралтай хэвээр байгаа нь үнэн. Уурхайн нөөцийг одоогоор 30-40 жил гэж тодорхойлж буй. Энэ нөөц барагдвал хотын ирээдүй хаашаа эргэх нь тодорхой бус. 

Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд уурхайн тогтвортой хөгжил, хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрлэлийн бааз суурийг ашиглан бие даасан шинэ бизнесүүд хөгжүүлэх, Орхоны эдийн засаг “Эрдэнэт үйлдвэр”-ээс хамаарч байдаг шууд нөлөөллийг бууруулахаар зорьж байгаа аж.

Уурхайн насжилтыг нэмэгдүүлэх, шинээр бусад томоохон төслүүдийг санхүүжүүлэх тогтвортой хөгжлийн сан байгуулах зэрэг цөөнгүй санаачилга бодит ажил болон тус хотод хэрэгжиж эхэлж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд өртөг зардлаа бууруулж, хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа.

Зэсийн үнэ 2011 онтой харьцуулахад хоёр дахин буурсан нь зардлаа хумихад хүргэсэн. Гэхдээ ажлын байр хумигдсангүй. Харин үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулахад бодлого чиглэж байна.

Өнөөдөр нэг тонн зэсийн үнэ жил бүр унасаар 4,817 болжээ. 

Нэг тонн зэсийн үнийн оргил үе таван жилийн өмнө 9,800 ам.доллар байсан. Өнөөдөр нэг тонн зэсийн үнэ жил бүр унасаар 4,817 болжээ. 2011 онд тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийж байсан бол өнгөрсөн жил 500 сая ам.доллар борлуулалтаас олжээ. Дунд хугацаанд зэсийн үнэ өсөхөөргүй байгаа тухай таамаг, судалгаа хөвөрсөөр. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр”, уурхай дагасан хотын амьдралд тийм ч таатай мэдээ биш юм. Зөвхөн Орхон гэлтгүй Монгол Улсын хувьд сөрөг нөлөө ихтэй.

Тонн зэс 4,500-4,900 ам.долларын хооронд байвал үйлдвэр амьдраад байх чадвартай гэж зарим эдийн засагч үздэг. Үүнээс буувал нөхцөл байдал хүндрэхээр байгаа юм. Тиймээс үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх, технологийн шинэчлэх хийх шаардлагатай зүй ёсоор тулгарах болсон. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд шинэ менежмент, бизнесийн зарчмаар илүү үр ашигтай ажиллах байдлаар үнийн уналтыг сааруулах, сөрөг нөлөөллийг багасгахад сүүлийн жилүүдэд идэвхтэй анхаарч эхэлсэн.

“Эрдэнэт” бол зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр төдийгүй, уул уурхайн бааз, боловсон хүчний уурхай юм. Энд ирээдүйд шинэ, шинэ үйлдвэрүүдийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх суурь бааз нэгэнт бүрдсэн. Үйлдвэрийн хаялга орон нутаг маш их байгаа.

Орхон аймагт өдөрт 500 гаруй иргэнд үйлчлэх хүчин чадалтай “Эрдэнэт медикал” эмнэлэг ашиглалтад ороод удаагүй байгаа. Тус эмнэлгийг “Эрдэнэт үйлдвэр” 50 орчим тэрбум төгрөгөөр байгуулсан. Мөн Технологийн сургууль нь “Эрдэнэт” их сургууль болон өргөжиж, томоохон сургуулиудын салбарууд судалгаа эрдэм шинжилгээний том төв болохоор зорьж байна. Өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадамжтай хот болох суурь нөхцөл аажмаар цогцолж байгааг дуулгая. 


ЭШЛЭЛ

“ЭРДЭНЭТ” Монголынхоо тогоонд, Монголдоо хүрээд ирсэн

Ц.Элбэгдорж /Монгол Улсын Ерөнхийлөгч/

-Сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой маргаан гарч байгаа. Энэ УИХ, Засгийн газар уг асуудлыг нээлттэй авч хэлэлцэж, ярилцах байх гэж би үзэж байгаа. Юу ч гэсэн Монголынхоо тогоонд, Монголдоо хүрээд ирсэн. Одоо үйл явц нь юу болсон юм. Цаашдаа яаж явах ёстой юм. Яаж авч явах вэ гэдгийг улсын эрх ашигт нийцүүлээд нээлттэй байдлаар, хуульд нийцүүлж ярилцаж шийдэж байх гэж бодож байна.

Тэнд ажиллаж байгаа нэг ч хүний эрх ашиг хохирох ёсгүй. Үүгээр дамжуулж янз бүрийн улс төр хийгээд, түүнийг өөртөө наах гэсэн хүмүүс гүйлдээд байна. Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа цаашаа ч үргэлжлэх ёстой гэдгийг хэлэх нь зөв.

ХУВИЙН КОМПАНИ ЭЗЭМШИХ НЬ ИЛҮҮ ҮР АШИГТАЙ

Ч.Хашчулуун /МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, эдийн засагч/ 

-“Эрдэнэт” үйлдвэр бол нөөц нь дуусаж, үр ашиг нь буурч буй ордуудын нэг. Ийм ордын зарим хувийг дотоодын аж ахуйн нэгж эзэмших нь зарчмын хувьд байдаг л зүйл. Ер нь хувийн компани эзэмших нь илүү үр ашигтай гэж үзэж байна. Учир нь төрийн мэдлийн компанид улс төрийн нөлөө хүчтэй байдаг.

Үүний тод жишээ нь “Эрдэнэт Монгол”. Энэ компанийн байдал ямар байгааг бид мэднэ. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компани авснаар хяналт сайжирч, зардал нь багасаж, үр ашигтай ажиллах боломжтой. Нөгөө талаас хойд хөршийн эдийн засаг одоо хүнд байгаа. Төсвийн алдагдал нь асар өндөр болсон. Тиймээс ОХУ хилийн чанад дахь хөрөнгөө валют болгох нь тус улсад ашигтай. 

ҮЙЛДВЭРИЙН АШИГ БҮРЭН УТГААРАА МОНГОЛ УЛСАД ҮЛДЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

Н.Алгаа /Монголын Уул уурхайн үндэстний ассоциацийн  ерөнхийлөгч/ 

-ОХУ-ын “Ростех” төрийн өмчит корпораци Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд, Монгол Улсад бүртгэлтэй хувийн хэвшилд шилжүүллээ.

Энэ хэлцэл бол түүхэн үйл явдал гэж харж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ашиг бүрэн утгаараа Монгол Улсад үлдэх нөхцөл үүгээр бүрдлээ.

Хувийн хэвшил орж ирснээр компанийн засаглал сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

Хувийн хэвшил орж ирснээр компанийн засаглал сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн цаашдын хөгжилд чухал түлхэц болох нь дамжиггүй. Худалдан авалттай холбоотой өмнө нь гардаг байсан зөрчилтэй асуудал одоо цэгцрэх байх. Үйлдвэрийн боловсон хүчний бодлого илүү тодорхой, оновчтой болно гэж үзэж байна.

БҮХ АСУУДАЛ МОНГОЛЫН ТАЛД ШИЙДЭГДЭХЭЭР БОЛЖ БАЙНА

Ж.Дэлгэрсайхан /Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх, эдийн засагч/

 -“Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын тэргүүний татвар төлөгч. Монголын талд уг хэлцэл шийдэгдэж байгааг эдийн засгийн талаас нь эерэг байдлаар хүлээн авч байна. Ногдол ашиг, худалдан авалттай холбоотой мөнгөн урсгал, бусдаас хараат байдлаар гаргадаг байсан шийдвэр гаргалт бидний хувьд бие даасан шийдвэр гаргалт болон хувирч байгаа.

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой бүх асуудал Монголын талд шийдэгдэхээр болж байна. Эдийн засгийн ач холбогдол талаасаа чухал алхам. Олон улсын бизнесийн гэрээ, хэлцлийн дагуу энэ асуудал явагдсан гэж бодож байна. Бизнесийн хэлцэл ийм л зарчмаар явагддаг. Энэ бол түгээмэл байдаг үйл явц. Хэлцлийг олон улсын жишгээр хийсэн харагдаж байна.

Зураг