Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нартай, хуртай миний Монголын наадам

Засгийн газрын мэдээ
2016 оны 7 сарын 11
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхий дэлэгнүүлж, дэнж хотойлгох Монгол наадам боллоо. Хүчит бөхчүүд бэлтгэл юугаа жигдрүүлж, алдарт уяачид хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж, эрхий мэргэн харваачид алтан шар зурхайгаасаа адис авч буй энэ өдрүүд Монгол хүн бүрийн сэтгэлд нэг л дотно.

Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ой тохиож буй. Тиймээс наадмаар 1,024 бөх барилдаж, сур харвах мэргэчүүдийн тoo эрс нэмэгджээ. Эх орны өнцөг булан бүрээс шилдэг аргамаг хүлэг наадамчин олноо баясгах нь.

Тэр хэрээр наадам сонирхолтой болно гэсэн хүлээлт олны дунд хэдийн бий болжээ.

Байгаль дэлхий ч ивээлээ харамгүй хайрлаж, улс орон даяар сайхан зун болж байна. 

Байгаль дэлхий ч ивээлээ харамгүй хайрлаж, улс орон даяар сайхан зун болж байна.

Энэ жилийн наадам урьд өмнөхөөс юугаараа онцлог байх бол? Бөхийн барилдаанд хэн түрүүлж, хэний хүлэг түрүү магнаг болж, сурын харваанд хэн өнгөлөх вэ? Энэ мэт олон асуултад бага ч атугай хариулт өгөх үүднээс дараах материалыг бэлтгэлээ.

НААДМААС НААДМЫН ХООРОНД

Өнгөрсөн жилийн наадмаас энэ наадам хүртэлх нэг жилийн хугацаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан 21 удаа зохиогджээ. Эдгээр барилдаанд бөхчүүдийн гаргасан амжилтыг харвал улсын арслан П.Бүрэнтөгс, харцага Ц.Содномдорж нар бусдыгаа өнгөлж байна.

Со харцагын хувьд таван барилдааны түрүү авсан нь хамгийн шилдэг үзүүлэлт. Харин Бүрэнтөгс түрүүний тоогоор түүнээс нэгээр дутуу ч таван удаа үзүүрлэжээ. Түүнчлэн залуу арслан Э.Оюунболд гурав түрүүлж, хоёр үзүүрлэн, нэг удаа их шөвөгт шалгарсан амжилтаар эхний гуравт жагслаа.

Ер нь заал, танхимын барилдаанд тогтмол дээгүүр барилдсан бөх наадмаар үүнийгээ баталж, цолоо ахиулах нь түгээмэл. Нэг ёсондоо ир бяр нь тэгширч, бэлтгэл сургуулилт нь таараад байна гэсэн үг. Дээр нэр дурдсан гурван бөх түрүүлэх магадлал хамгийн өндөр гэж үнэлэгдэж байгаа нь үүнтэй холбоотой.

Аварга цолтнуудын тухайд С.Мөнхбат нэг барилдаанд түрүүлжээ. Гэхдээ тэрбээр бэртэл гэмтлээс шалтгаалаад тун цөөхөн барилдаанд зодоглосон юм.

Г.Эрхэмбаяр аваргын хувьд түрүүлж чадаагүй ч гурав үзүүрлэж, хоёр удаа их шөвөгт үлдсэн байна. Ялангуяа тавдугаар cap гарснаас хойш хоёр удаа үзүүрт үлдэж, нэг удаа шөвгийн дөрөвт багтсан. Наадам дөхөх тусам аваргын бяр жигдэрч, "форм"-ндоо орж буйг эндээс харж болно.

ШИНЭ ЦОЛТОН ОЛОН ТӨРНӨ

Таван жил тутам 1,024 бөх барилдах уламжлал 2001 оноос хойш тогтоод буй. Энэ жил тэрхүү мөчлөг нь таарч байна. 1,024 бөх барилдахад олон бөх цолоо ахиулах сайн талтай ч өнөөх начны найраа гээч зүйл хэрээс хэтэрчих гээд байдаг. Үүний хамгийн тод жишээ нь 2001 оны наадам.

Тэр жил шөвгөрсөн 32 бөхийн 17 нь шинэ цолтон байв. Том цолтнууд аймгийн арслангуудыг амлаж аваад л их амархан өвдөг шороодох дүр зургийг бид олонтаа харсан. Харин 2006 онд байдал арай цэгцэрч, бөхчүүд харьцангуй шударга барилдсан.

Нийт 15 бөх улсын цолны болзол хангаж байлаа.

Үр дүнд нь найман бөх улсын цолтны эгнээнд хөл тавьж байв. Гэтэл 2011 онд эргээд дордож, бас л олон начин төрсөн. Нийт 15 бөх улсын цолны болзол хангаж байлаа. Энэ жилийн хувьд бөхчүүд үнэн шударгаар барилдаж, найраа багатай наадам болоосой гэж хэн бүхэн хүснэ.

Түүнчлэн олон бөх барилдахад хоёр, дөрвийн давааны оноолт нэлээд сонирхолтой гарах болов уу. Хоёрын давааны төгсгөлд аймгийн арслангууд уламжлал ёсоор хоорондоо таарах байх. Мөн шижигнэсэн сумын заанууд гарьд, заануудтай барилдах магадлалтай. Сүүлийн үед сумын заануудын дунд барилдаан тогтмол зохиогдож, бэлтгэл их хийдэг болсон.

Тиймээс хэн нэг танихгүй нөхөр улсын том цолтныг унагаж ч мэднэ. Харин дөрвийн даваанд улсын цол руу зүтгэж буй аймгийн арслангууд улсын начингуудтай  таарч, зарим нь өөр хоорондоо оноолтоор барилдах дүр зураг байна. Ер нь дөрвийн давааг оноолтоор барилдуулдаг болсноос хойш том цолтнуудад тун халгаатай болсон. Тиймээс дөрвийн давааны барилдаан хэрхэн өрнөхөөс их зүйл хамаарах болов уу.

МОРЬДЫН УРАЛДАХ ЗАЙ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

Өнөө жилийн хурдан морины уралдаанд урьд урьдынхаас олон хүлэг уралдах төлөвтэй. АСЕМ-ийн чуулган болох гэж буйтай холбогдуулан Засгийн газар тогтоол гаргаж, аймаг, сумдын наадмыг долоодугаар сарын 15-наас хойш хийхээр болсон нь үүний шалтгаан. Нэгэнт өөр наадам зохиогдохгүй тул уяач бүр улсад морио сойхоор нийслэлд ирж таарна.

Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах үүнтэй санал нэг байна. Тэрбээр “Өмнө нь нас насанд 250-300 морь уралддаг байлаа. Дээд тал нь 500 хүрч байсан тохиолдол бий. Гэхдээ их цөөхөн.

Энэ жил аймаг, сумдын наадам хойшилсон. Улсын хэмжээнд бороо хур элбэг, зуншлага сайхан байна. Нөгөө талаар уяачид унааны гачигдалгүй болсон. Хаанаас л бол хаанаас морио ачаад ирэх боломжтой.

Тиймээс наадамд уралдах морьдын тоо өмнөхөөс нэмэгдэнэ. Нас насанд 300 нэлээд гарч, 400 хүрэх болов уу гэж тооцон бэлтгэл ажлаа хангаж байна” хэмээн ярилаа.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд морьдын уралдах зайг тогтоож өгсөн байдаг. 

Үндэсний их баяр наадмын тухай хуульд морьдын уралдах зайг тогтоож өгсөн байдаг.

Тодруулбал, их нас 25-26, азарга, соёолон 23, хязаалан 18, шүдлэн 15, даага 11 км-т уралддаг. Харин өнгөрсөн жил нийт нутгаар гандуу, морьд тарга тэвээргээ гүйцэд авч чадаагүй байсан тул уяачдын хүсэлтээр уралдах зайг хоёр км-ээр багасгасан юм. Тэгвэл энэ жил морьд хуучин зайдаа уралдана гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Сонирхуулахад, нас, насанд түрүүлсэн морьдыг таван сая төгрөгөөр шагнадаг. Энэхүү шагналын 20 хувь унаач хүүхдэд очдог юм. Айрагдсан морьдын шагнал шат шатаар багасна. Өмнө нь шагналын мөнгийг нас, насанд ялгаатай олгодог байжээ.

СУР ХАРВАА ЦАГТАА АМЖИХАД БЭРХ

Аймаг, сумдын наадам хойшилсон нь наадмын бусад төрөлд ч шууд нөлөөлж байна. Сурын харваанд гэхэд олон харваач оролцохоор бүртгүүлж, зохион байгуулагчдыг сандаргаад байна. Өнгөрсөн жил урианхай, буриад болон үндэсний сур гэсэн гурван төрөлд нийт 700 гаруй харваач цэц мэргээ сорьсон. Тэгвэл энэ жил дээрх тоо хэдийн мянгын босго давжээ.

Тухайлбал, урианхай сурд 170 гаруй, буриад сурд 220, үндэсний сурд 660 харваач бүртгүүлээд байна. Үүн дээр хүүхдийн харваанд оролцох 200 шахам өсвөр тамирчныг нэмбэл бүр ч их тоо гарах нь тодорхой.

“Бид залуучуудын УАШТ-д босго тогтоож, сайн харвасан хүмүүсийг улсын наадамд харвах эрх өгсөн.

Гэтэл хөдөө орон нутгаас наадамдаа харвах хүсэлтэй хүмүүс их ирсэн тул бүгдийг нь бүртгэж авлаа. Холоос зорьж ирсэн хүмүүсийг оруулахгүй байж болохгүй шүү дээ. 

Хэдийгээр олон харваач орж байгаа ч бид тэмцээнээ цаг хугацаанд нь багтаан дуусгах ёстой. Ингэхийн тулд янз бүрийн л арга хэмжээ авч байна. Өмнө нь наадмын хана харвааны 20 суманд найм оносон нь хасаа харваанд оролцох эрхтэй болдог байв. Тэгвэл энэ босгыг 10 болгон өндөрсгөлөө. Ингэснээр дараагийн шатанд өрсөлдөх харваачдын тоо багасаж, хугацаа хэмнэнэ.

Манай үндэсний сурын зурхай 550 харваач хүлээн авах хүчин чадалтай. Гэтэл одоогоор үндэсний сурд 660 харваач бүртгүүлсэн. Яаж ийгээд амжуулахаас өөр аргагүй” хэмээн Урианхай сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Энхсайхан хэлсэн юм.

Наадмаар хэн гэдэг эрхий мэргэн тодрон гарч, түрүү байр эзлэх бол гэдгийг хүн бүр сонирхож байгаа. Үүний хариуг олохын тулд хоёр долоо хоногийн өмнө зохиогдсон үндэсний сурын УАШТ-ий дүн мэдээтэй танилцах нь зүйтэй болов уу. Ер нь энэ тэмцээнээс мэргэчүүдийн өнгө харагддаг хэмээн харваачид ярьдаг.

УАШТ-д дээгүүр харвасан хүмүүс баяр наадамд өнгөлөх тохиолдол олон гардаг болохоор ингэж дүгнэхээс аргагүй. Энэ жилийн тэмцээнд гоц мэргэн Л.Отгонбаяр, улсын мэргэн Б.Баярсайхан, спортын мастер Н. Алтантулга, Э.Ганчулуун, Ж.Мягмар, Б.Мөнхтөр, О.Сүхбаатар зэрэг харваач өндөр оноотой байв. Бэлтгэл ханаж, оноо нь жигдэрсэн, дээгүүр өрсөлдөх магадлалтай гэсэн үг. Гэхдээ архаг мэргэчүүд ч зайгаа амар тавьж өгөхгүй нь тодорхой.

Зураг