Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Хар алт” дагасан сорилт

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 7 сарын 4
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

БНХАУ дэлхийд хамгийн том нүүрсний хэрэглэгч бөгөөд коксжих нүүрсний тэргүүлэгч импортлогч орон хэвээр байна.

Тус улсын нүүрсний импорт анх удаа 2014 онд буурч 291.2 сая тонн болсон. Харин өнгөрсөн онд урьд жилээс дахин 30 хувиар буурч 203 сая тоннд хүрсэн. Тэгвэл энэ онд дахиад буурах магадлал нэмэгдэж байна. Нүүрсний хэрэглээ эрс буурах болсон нь өдгөө импорт агших шалтгаан болсоор.

Үндсэндээ нүүрсний зах зээлийг үнийн уналт руу чиглүүлж орхих нь. Өнгөрсөн онд 23 хувиар буурсан өмнөд хөршийн коксжих нүүрсний импорт энэ оны тавдугаар сард 19.03 сая тонн болж 4.78 сая тонн буюу 33.54 хувиар нэмэгдсэн юм. 

Олборлолт явуулж буй нүүрсний уурхайнуудын хувьд өртөг зардлаа нөхөх сорилттой тулгарч байна.

Энэ нь он гарсаар ажиглагдсан хамгийн өөдрөг үзүүлэлтийн нэг. Гэвч зах зээлийн төлөв байдал тийм ч таатай бус байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг мохоож эхлэв.

Олборлолт явуулж буй нүүрсний уурхайнуудын хувьд өртөг зардлаа нөхөх сорилттой тулгарч байна.

Хятадын коксжих нүүрсний импорт дөрөвд үгээр сараас 1.03 сая тонноор буюу 5.72 хувиар өссөн. Импорт нэмэгдсэн шалтгаан нь Хятадын Засгийн газраас нүүрсний уурхайнуудын ажиллах өдрийг жилийн 276 хоног болгон цөөрүүлсэн явдал.

Мөн дотоодын нүүрсний олборлолт буурсантай холбоотой хэмээн Ашиг малтмалын газраас мэдээлсэн юм. Хятадын нүүрсний импортын үнийн дүнгийн хэмжээ тавдугаар сард 881.89 сая ам.долларт хүрээд буй. Энэ нь дөрөвдүгээр сарын үзүүлэлттэй харьцуулахад 4.6 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Коксжих нүүрсний зах зээлийн нийлүүлэлт хангалттай. Иймд үнэ цаашид ч буурах төлөв өндөр байгаа юм. Импортын коксжих нүүрсний нэг бүрийн үнэ нь 46.34 ам.доллар болж, дөрөвдүгээр сараас нэг тонн нь 2.66 ам.доллараар буурсан. Нэг сарын хугацаанд импортын коксжих нүүрсний зах зээл төдийлөн эрс сэргэсэнгүй.

Өмнөд хөршийн импортын хэмжээ 1-5 сард өнгөрсөн жилийн мөн үеэс 22.7 хувиар буурсан дүр зурагтай гарч буй. Харин экспортын хэмжээ хэмжээ 16.39 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь өмнөх саруудтай харьцуулахад өссөн үзүүлэлт.

Манай улсын хувьд өнгөрсөн онд 24.1 сая тонн нүүрс олборлож, БНХАУ руу нийт 14.5 сая тонн нүүрс экспортолсон.

Энэ оны тавдугаар сарын байдлаар чулуун нүүрсний экспортын хилийн үнэ 31 ам.долларт хүрч, дөрөвдүгээр сараас таван хувиар буурсан. 

Монголын нийт нүүрсний экспорт өнгөрсөн онд 25 хувиар буурсан. 

Монголын нийт нүүрсний экспорт өнгөрсөн онд 25 хувиар буурсан. Тэгвэл энэ онд үүнээс илүү буурах эрсдэл өндөр байгааг дуулгая.

Дэлхийн зах зээл дээрх чулуун нүүрсний үнэ үргэлжлэн уруудсаар байгаа. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт оны хоёрдугаар хагаст бага зэрэг сэргэх хүлээлттэй байна.

Коксжих нүүрсний зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүссэн тул нүүрсний үнэ 2016 онд буурах төлөвтэй. БНХАУ болон Японы гангийн үйлдвэрлэл буурах тул гангийн хэрэглээ дагаж буурах таамаг зарим судалгааны байгууллага дэвшүүлжээ.

Хятадын орон сууцны барилгын салбар 2016 онд өсөх шинжгүй бөгөөд дотоодын нүүрсээ ашиглах хандлага хэвээр байгаа аж. Энэ нь коксжих нүүрсний импорт зургаан хувиар буурахад хүргэж байна. Манай улсын дээрх байдал нь сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Нүүрсний зах зээлд томоохон тоглогчдын нэг нь Энэтхэг. Тус улсын нүүрсний хэрэглээ ойрын жилүүдэд тасралтгүй, их хэмжээгээр өсөх төлөв бий. Өнгөрсөн онд жилийн импортын хэмжээ нь Хятадынхыг давсан. Энэтхэгийн дотоодын нүүрсний олборлолт нэмэгдэж байгаа бөгөөд энэ жилээс импортын нүүрсний хэмжээгээ бууруулахаар болсон байна.

Түүнчлэн онд дэлхийн гангийн хэрэглээ 0.9 хувиар өсөх бол Хятадын гангийн хэрэглээ нэг хувиар буурах төлөвтэй байгааг дуулгая. Харин Энэтхэгийн гангийн хэрэглээ зургаа, АНУ-ын хэрэглээ 1.2, Европын холбооных 1.2 хувиар өсөх аж. Ерөнхий дүнгээр гангийн үйлдвэрлэл тогтвортой байх хүлээлттэй байна.

Манай улсын хувьд 2016 онд 20 орчим сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлсэн. Одоогийн байдлаар үүний гуравны нэгийг олборлоод байна. Тус салбарт 30 орчим уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар уулын ажлын төлөвлөгөөгөө Ашигт малтмалын газарт ирүүлсэн ч 4-5 компани л экспорт хийж байна.

Экспортын зах зээлийг горилж буй дотоодын компаниудын хувьд нөхцөл байдал хүндхэн байгааг дээр өгүүлсэн. “Хар алт” хэмээн онцлох нүүрсний зах зээлийн төлөв туйлын эмзэг байгаа нь компаниудад сорилт дагуулж байна.

Зураг