Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдэд халтай нянгийн нүүдэл

Б.Бямбасүрэн, Засгийн газрын мэдээ
2016 оны 6 сарын 29
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас жил бүрийн хавар, намар Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 76 цэгт хөрсний нян судлалын шинжилгээ хийдэг байна. Хөрсний бохирдлын нянг хэмжээнээс нь хамаарч бага, дунд, их гэж ангилдаг. 

Өнгөрсөн тавдугаар сард хийсэн шинжилгээгээр нийслэлийн дөрвөн дүүргийн 11 цэгийн бохирдлын хэмжээ “их” гэсэн ангилалд орсон байна. Энэ нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, нарийн ширхэгт үнс, шороо, тоосонцор, ахуйн хог хаягдал, бохир ус, гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэлтэй.

Өөрөөр хэлбэл, хүний буруутай үйл ажиллагаанаас болж хөрс ихээр бохирдож байгааг мэргэжлийн байгууллагаас тогтоосон гэсэн үг.

Нүүрснээс ялгарах нарийн ширхэглэгт үнсийг ил задгай хаяснаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. 

Стандартад зааснаар хөрсөн дэх хар тугалгын хэмжээ 100 микрограмм байх ёстой.

Гэтэл жилийн жилд нийслэлийн хөрсөн дэх хар тугалгын хэмжээ дөрвөн мкгр-аар нэмэгдэж байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н.Наранзул хэллээ. Тэрбээр “Хэдий стандартад заасан хэмжээг даваагүй ч хөрсөнд хар тугалга болон бусад төрлийн нянгууд байх ёсгүй. Хэрэв байвал энэ нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд хүрдэг” гэв.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногийн 80-86 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй аж. Тэрчлэн гэр хорооллын айлууд өвлийн улиралд нүүрс түлж байгаа нь хөрсийг бохирдуулж, нян, хар тугалгын хэмжээг нэмэгдүүлэх эх үүсвэр болдог.

Нүүрснээс ялгарах нарийн ширхэглэгт үнсийг ил задгай хаяснаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Учир нь нүүрсийг шатаахад гарсан үнсний 70 хувьд цахиурын исэл агуулагддаг байна. Цахиурын исэл амьсгалын замаар хүний уушгинд нөлөөлж, улмаар уушгины үрэвсэл, хавдар үүсгэдэг аж.

Тэрчлэн Улаанбаатар хотод хөнгөн болон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл төвлөрсөн, бага оврын болон ердийн галлагаат зуух, автомашины тоо эрс нэмэгдэж байгаа зэрэг нь хотын хөрсний бохирдлын гол эх үүсвэр болов. Нийслэлийн хэмжээнд химийн хорт бодис ялгаруулдаг 700 гаруй үйлдвэр байдаг гэх тоо байгаа бол тээврийн хэрэгслийн утаанаас үүдэлтэй бохирдол хотын хэмжээнд 43.7 мкг байна.

Энэ нь “Судалт” төв, “Да хүрээ” зах, Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэг орчимд 3-4 дахин их гарчээ.

Улаанбаатар хотын хөрсний бохирдлын түвшин Улаанчулуут, Дарь-Эхийн хогийн цэг, цэвэрлэх байгууламж, Нарантуул зах, Шархадны автомашины зах, ТЭЦ III, IV, Дэнжийн 1000, Хайлаастын ам, Шарга морьтын зуслангийн адаг, 100 айл орчимд онцгой их буюу дундаж агууламжаас 10-16 дахин их байгаа нь аюултай хэмжээнд хүрсэн гэсэн үг.

Түүнчлэн сүүлийн үед иргэд, албан байгууллагууд хогоо шатаах болсон. Шатсан хогноос хавдар үүсгэгч хорт хий агаарт дэгдэж, эргээд хөрсөнд бууснаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болдог аж. Өвлийн улиралд амьжиргааны түвшнээс доогуур айлууд хуванцар сав, автомашины дугуйг түлш болгож хэрэглэдэг. Ингэснээр агаарт хортой нэгдлүүд ялгарч, хөхний гэх мэт хорт хавдар үүсгэх төдийгүй хүний генд хүртэл нөлөөлдөг тухай мэргэжилтнүүд анхааруулав.

Хэрэв тухайн орчин хүрэх зэрэглэлээс хамааран бохирдолтой гэж тогтоогдсон л бол тэнд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, малаас хүнд халдварлах боом, шимэгч хорхой гэх зэрэг нянгууд амьдарч байдаг аж. Зарим нян хоёр cap амьдардаг бол өөр хэсэг нь 20-30 жил тэсч оршдог.

Нийслэлийн бүс дэх түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох лицензийн талбайн бараг 98 хувь нь Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт ногддог тул үүнээс шалтгаалан хот орчмын нутаг дэвсгэр бараг бүхэлдээ газрын элэгдэл, талхагдалд орсон.

Ялангуяа, хотын барилгажсан бүс дэх түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтыг даган хог хаягдлын албан бус цэг олширч, иргэдийн суурьшлын талбай нөхөн сэргээгдэхгүй болтлоо эвдэрч сүйтгэгдэх, хотын барилгажилтын нөөц талбай хорогдох зэрэг олон сөрөг нөлөөлөл байгааг албаны хүмүүс хэлж байна.

Хими, биологи, нано, уур зэрэг янз бүрийн аргаар хөрсийг цэвэршүүлэх боломжтой болжээ.

Нян болон металлын бохирдол тухайн хөрсөнд шингэсэн бол цэвэршүүлэх хэрэгтэй аж.

Ингэхгүй бол хөрсний өнгөн давхарга үржил шимгүй болохын дээр экологийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэл үүсдэг. Нэгэнт бохирдсон хөрс эргэж нөхөн сэргэхийн тулд 7,000 жил шаардлагатай байдаг. 

Гэхдээ сүүлийн үед хөрс цэвэршүүлэх дэвшилтэт технологи гарсан. Хими, биологи, нано, уур зэрэг янз бүрийн аргаар хөрсийг цэвэршүүлэх боломжтой болжээ. Энэ технологийг хөгжингүй орнууд өргөнөөр хэрэглэдэг байна. Хэрэв бохирдсон хөрсөө цэвэршүүлэхгүй бол бохирдолт нь газрын гүн рүү улам нэвчин орж, ойр орчмын эрүүл хөрс рүү тэлэх аюултай. Ингэснээр газрын гүний ус бохирдох эрсдэл тулгарах юм байна.

Хөрсний бохирдлыг нэмэгдүүлдэг бас нэгэн хүчин зүйл гэвэл аюултай хог хаягдал. Хөрсний бохирдол үүсгэх гол эх үүсвэр нь хот суурин газар дахь хүн амын өсөлт, төвлөрөлттэй холбоотой бөгөөд улмаар хотын хог хаягдлын менежмент муу, зориулалтын хог хаягдал зайлуулах, боловсруулах байгууламжгүйгээс дээрх асуудал үүсэх нөхцөл болж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ.

Арьс ширний үйлдвэр орчим хром зонхилсон хар тугалга, кадми, цайрын бохирдолт багагүй талбайг хамарч байна. Мөн хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт өндөр гарчээ.

Тухайлбал, Нарантуул захын арын хаалганы орчмоос авсан хөрсний дээжинд аммони агууламж хамгийн их 21.07мг/ кг гарсан ба бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байна.

Улаанбаатар болон бусад хоёр том хотын хөрсний бохирдол хүн амын эрүүл мэндэд нөлөөлөхүйц хэмжээнд хүрч, хүн амын дунд халдварт өвчин тархах нөхцөл болжээ. Хөрсний нянгийн бохирдлыг харьцуулахад гэдэсний савханцраар хотын хөрс хамгийн их бохирдсоныг Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаагаар тогтоосон байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гаргасан статистик мэдээгээр хөрсний бохирдолтой холбоотойгоор үүсдэг халдварт өвчний гаралтыг авч үзэхэд гэдэсний хижиг буюу балнад өвчнөөр нийслэлд 2014 онд дөрөв, 2015 онд нэг тохиолдол бүртгэгджээ. Тэгвэл 2014 онд цусан суулга өвчнөөр 1,921, 2015 онд 2,336 хүн өвчилсөн байна. Шар өвчин буюу А гепатитаар 2014 онд 101 хүн өвчилсөн бол 2015 онд зургаан хүн өвчилжээ.

Нийслэл хотын 470 мянга гаруй га талбайн 1,000 га талбайг зөвхөн оршуулгын газар эзэлдэг. Ялангуяа хүн ам ихээр суурьшсан газруудтай томоохонд тооцогдох Далан давхар, Нарангийн энгэрийн ойр орчим дахь хүхэрлэг хий болон азотын хийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч гүний усанд байх ёстой эрдсийг устгасан гэх судалгаа ч гарсан байдаг.

Хөрсний бохирдолтой тэмцэх арга олон байдгийг хөрш орнуудын жишээ харуулна. Хятадын Жүжоу хошууны ил жорлонтой айлуудад хөрсөнд шууд нэвчихээргүй жорлонг үнэгүй тарааснаар хөрсний бохирдлын асуудлыг бага ч гэсэн шийджээ. Бид сүүлийн 20 гаруй жилийн турш агаарын бохирдлын тухай ярьж олон ч төсөл хэрэгжүүлж, 100-гаар тоологдох тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэтэл энэ аюултай зэрэгцэн хөрсний бохирдол ч хэдийн аюулын харанга дэлдэж эхэлжээ.


Хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их байна

Хөрсний бохирдол хүний биед ямар хор нөлөөтэй болох талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн химийн ухааны доктор Ш.Батдэлгэрээс тодрууллаа.

-Нийслэлийн хөрсний бохирдлын судалгааг хийсэн үү. Ямар үр дүн гарсан бэ?

- Нийслэлийн есөн дүүргийн 56 цэгээс 2012 онд дээж авч, хөрсний бохирдлын түвшин тогтооход нийт хөрсний дээжийн 49 хувь нь их, 48 хувь нь дунд, дөнгөж хоёр хувь нь бага бохирдолтой гарсан.

Тодруулбал, судалгаанд дээж авсан хөрсний 98 хувь нь бохирдолтой. Мөн 2013, 2014 онд Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн ойролцоох хөрснөөс дээж авч нянгийн бохирдлын түвшин тогтоох шинжилгээ хийхэд бүх дээжинд нян илэрсэн.

Хөрсөнд агуулагдах хортой элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ харилцан адилгүй байдаг. 

Халдварт өвчин үүсгэгч нянгаар бохирдсон хөрсөн дээр тоглож буй хүүхдүүд нь халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлтэй. Бохирдсон гар, арьс, амьсгалаар дамжин халдварт өвчин тархана. Үйлдвэрийн болон ахуйн бохир усыг цэвэршүүлэхгүйгээр байгальд хаясны улмаас хөрсний хүнд металл болон нянгийн бохирдол ихэсдэг.

-Хөрсний агуулах элементүүдийн стандартыг хэд гэж тогтоосон байдаг вэ. Үүнийг зөрчсөнөөр ямар аюул тулгарах вэ?

-Хөрсөнд агуулагдах хортой элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, хар тугалгын зөвшөөрөгдөх дээд агууламж 100 микрограмм байна гэж стандартад заадаг. Харин 2000 оны үед хөрсөнд агуулагдах хар тугалгын хэмжээг 20 микрограмм гэж авч үздэг байсан.

Гэтэл энэ тоог 2008 оны стандартад 100 микрограмм болгосон байдаг. Хөрсний бохирдол нэмэгдэхийн хэрээр хөрсөнд агуулагдах бохирдуулагчийн зөвшөөрөгдөх хэмжээг нэмэх биш харин стандартыг илүү нарийн болгох шаардлагатай гэж бодож байна. ДЭМБ-аас хүүхдийн цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ таван микрограмм байхад хүүхдийн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлнө гэж үздэг.

Бидний өмнө хийсэн судалгаагаар Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хөрсөнд хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс 6-8 дахин, харин хүүхдийн цусанд агуулагдах хар тугалгын агууламж 19 микрограмм буюу ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс ойролцоогоор дөрөв дахин их байсан.

Зураг