Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Далдын хорлол

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 6 сарын 27
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Орчин үед зарим хүнсний бүтээгдэхүүн хүний биед шим тэжээл өгөхөөс илүү хор болох нь элбэг тохиолдож байна. 1897 онд химийн аргаар устөрөгчжүүлсэн тос гаргаж авсан нь өнөө цагийн эрүүл мэндийн дайсан болов. Олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар дэлхий дахинд транс тосны хэрэглээ хүчээ авсны уршгаар 30 мянган хүн амиа алджээ. 

Түүнчлэн зүрх судас, шигдээс, эрхтэн системийн өвчлөл, цусны даралт ихсэх эмгэг үүсгэдгийг судлаачид тогтоолоо. Эх орны дайны үед ургамлын тосыг хатуу хэлбэрт оруулж, устөрөгчжүүлэн хэрэглэх хэрэглээг үлэмж нэмэгдүүлсэн байна.

Ийн өргөн хэрэглээнд транс тос нэвтрүүлэхдээ эмч нар хүний эрүүл мэндэд хамгийн аюулгүй хэмээн сурталчлахын зэрэгцээ цөцгийн тосноос давуу чанартай хэмээн тайлбарлаж байв. Ингээд ч зогсохгүй амьтны гаралтай өөх тос хортой гэсэн сөрөг ойлголтыг төрүүлж, транс тосыг ихээр хэрэглэхийг санал болгож байсныг судлаачид хэлж байгаа.

Цөцгийн тосонд агуулагдах ханасан тосноос хэд дахин илүү эрүүл мэндэд хохирол учруулж буйг эмч нар тэр үед таамагласангүй. Гэвч хэдэн жилийн дараагаас транс тос аюултай болохыг эрдэмтэд нотолсон байна.

Эрдэмтдийн энэ нотолгоо дэлхий дахиныг цочоов. Энэ үеэс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааралдаа авч сэрэмжлүүлэг, зөвлөгөө гаргах болсон. Тус байгууллага 2020 гэхэд дэлхийн улс орнуудын транс тосны хэрэглээг бүрмөсөн хориглохоор төлөвлөжээ.

Хүн хоногт нэгээс илүүгүй хувийн транс тос хэрэглэвэл зохистой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг. Энэ нь ойролцоогоор 2.5-3.0 грамм тос юм.

Транс тосны хэрэглээг хязгаарлах, хориглох эрс арга хэмжээг Европ тивд Скандинавын орнууд анх хэрэгжүүлж эхэлжээ.

Транс тосны хэрэглээг хязгаарлах, хориглох эрс арга хэмжээг Европ тивд Скандинавын орнууд анх хэрэгжүүлж эхэлжээ.

Данид 2003 онд баталсан хуулиар тус улсад хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний тосны агуулгад транс тосны хэмжээ хоёр хувиас хэтрэх ёсгүй гэсэн стандарт тогтоосон байна.

Эрчимтэй арга хэмжээ авсны үр дүнд Финлянд, Норвегид 2009 онд хүний өдрийн хэрэглээний илчлэг дэх транс тосны хэмжээг 0.5-0.8 хувь хүртэл бууруулж чаджээ. Эдүгээ Исландад транс тосны хэрэглээг бүрмөсөн хориглоод байна.

Австралид маргарин, цөцгийн тосон дахь транс тосны хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулаад хэдийнэ арван жил болов. Тус улсад транс тосыг зүрхний ишеми үүсгэдэг хэмээн үзсэнтэй холбогдуулан 1990-ээд оны үеэс цөцгийн тос бэлтгэх технологид өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн, Нидерландад транс тосны хэрэглээг хориглох ажлыг төрийн оролцоогүйгээр шийдсэн байна. Тус улсын үйлдвэрлэгчид хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны агууламжийг сайн дурын санаачилгаар бууруулсан юм.

Канадад хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны хэмжээг хуулиар хязгаарлан тогтоосон. Эдүгээ тус улсад борлуулах хүнсний бүтээгдэхүүний савалгаанд транс тосны агуулгыг заавал зааж өгөхийг шаарддаг байна.

АНУ-д Нью-Йоркын бүх ресторан, хоолны газарт хоолны орцон дахь ийм тосны хэмжээ 0.5 граммаас хэтрүүлэх ёсгүй гэсэн шаардлагыг тус улсын Эрүүл мэндийн яам 2006 оноос эхлэн тавьсаар иржээ. Мөн хүнсний бүтээгдэхүүний савалгаанд транс өөхний хэмжээг заавал дурдах шаардлага тавьдаг аж.

Харин манай хойд хөрш ОХУ-ын стандартаар (ГОСТ 52100-2003) сүү, сүүн бүтээгдэхүүн дэх транс тосны хэмжээг найман хуваарь хязгаарласан.

Тус улсад 2014 оны нэгдүгээр сараас эхлэн тухайн бүтээгдэхүүнд орж буй транс тосны хэмжээ хоёр хувиас илүү байвал тэмдэглэгээ тавихыг шаарддаг.

Тодруулбал, шошгон дээр нь хор хөнөөлийг сурталчилсан сурталчилгааг баглаа боодлынх нь 10 хувьтай тэнцэх зайд хэвлэсэн анхааруулгатай үйлдвэрлэж байхаар журамласан.

Хүүхдийн хоол тэжээлд транс тос хэрэглэхийг ч бүрмөсөн хоригложээ.

ОХУ-ын Гаалийн алба 2018 оны нэгдүгээр сараас эхлэн тус улсад импортолж байгаа маргарин, спред (spread) буюу талхан дээр түрхдэг тосон дахь транс тосны агууламжийг ДЭМБ-аас санаачилсан хоёр хувьд бариулах Европ стандарт мөрдөж эхэлнэ.

Эдүгээ ОХУ-д транс тосны агуулга спредэд найман хувь, маргаринд 20 хувиас хэтрэхгүй байх шаардлага тавьж байгаа юм. Хүүхдийн хоол тэжээлд транс тос хэрэглэхийг ч бүрмөсөн хоригложээ.

Улс орнууд ийм арга хэмжээ авч байна. Ингэж олон улсын зах зээлээс шахагдсан транс тос буурай хөгжилтэй орнууд руу зөөвөрлөгдөж эхэлжээ. Тэгэхээр манай улс ч гэсэн хэрэглээ, хил гаалиар оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүндээ анхаарал хандуулах цаг нь болсон гэсэн үг.

Гаалийн ерөнхий газрын импортын мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн жил маргарины агууламжтай тос 2,749.6 тонныг оруулж иржээ. Маргарин агууламжтай тос импортлох эрхийг дөрвөн компанид олгосон байна. Түүнчлэн Малайз, Сингапур, Тайландаас транс тосны агууламж өндөртэй бүтээгдэхүүн оруулж ирдэг талаар МХЕГ-ын мэргэжилтнүүд хэлж байв.

Гаалиар оруулж ирж буй маргарины агууламжтай тосноос таван хувийн татвар авдаг юм билээ. Үүнийг гурав дахин нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа Хүнс, хөдөө аж ахуйн яамны холбогдох мэргэжилтэн хэллээ.

Гэтэл манай улсад хууль эрх зүйн орчин нь бүрдээгүйн дээр транс тосны хэрэглээнд зохицуулалт хийх боломж алга. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхны хийсэн судалгаагаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нарийн боовны үйлдвэрүүдээс 117 нь транс тос ихээр хэрэглэдэг нь тогтоогджээ. 

Эдгээр үйлдвэр түүхий эдээ ихэвчлэн ОХУ-аас оруулж ирдэг аж. Гэхдээ бодит судалгаа хийлгүйгээр үйлдвэрлэгчдэд транс тос хэрэглэхийг хориглох талаар хэлээд нэмэргүй хэмээн мэргэжилтнүүд зөвлөв.

Хүнс хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг 2015 оны арванхоёрдугаар сард баталсан. Энэхүү бодлогод хүний эрүүл мэндэд хохирол учруулах, бусад улс орны хүнсний хэрэглээнээс хасагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр оруулж ирэхийг хориглох тухай тусгасан аж. Гэвч энэ заалтыг хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардлагатай.

Энэхүү тосны талаар эрдэмтдийн гаргасан судалгааг харахад 1994-1995 онд Голландын судлаач Амстердамын их сургуулийн доктор Мартина Б.Катанан транс тосны хэрэглээ нь цусанд агуулагдах "муу" холестерины хэмжээг нэмэгдүүлж, "сайн" холестерины хэмжээг бууруулдгийг нотолж, улмаар атеросклероз үүсэхэд нөлөөлдөг болохыг баталжээ. Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн доктор Дариуш Мозаффариан транс тос нь зүрхний өвчлөлийг улам хүндрүүлдгийг судалж тогтоожээ. 

Судлаачдын үзэж буйгаар нэг жилд 228 мянган хүн зүрхний шигдээс өвчнөөр өвчилдөг бөгөөд тэдний 72 мянга нь транс тосны хэрэглээтэй холбоотой гэсэн байна. Түүнчлэн ОХУ-ын зүрхний тэргүүлэх эмч нар транс тос хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлж буйг судалжээ.

Энэ үеэр 5-14 насны хүүхдүүдийн 90 хувийнх нь зүрхний ховдолд өөхөн товруу үүссэн байсныг илрүүлсэн аж. Ийм байдлаар хүн төрөлхтөн өөрсдөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ далдуур хорлогдсоор байна. 

Э.Эрдэнэцогт: Транс тосыг ялгахад хэцүү

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвийн шинжилгээний тэргүүлэх ажилтан Э.Эрдэнэцогтоос транс тосны талаар тодрууллаа.

-Транс тосны бүтэц найрлагын талаар та тайлбарлаж өгч болох уу?

-Транс тос бол байгальд байдаггүй зүйл. Энэ нь харийн шинж чанартай бөгөөд хүний биед үүнийг дахин боловсруулах фермент байхгүй гэдгийг эмч нар мэдээгүй байсан. Ургамлын тосыг хатуу хэлбэрт оруулах аргыг нээгээд үйлдвэрлэж эхэлсэн.

Эх орны дайны үед хүмүүсийг яаж тэжээх вэ гэдэг асуудал үүсээд транс тосны үйлдвэрлэл эрчимтэй өссөн.

Транс тос бол байгальд байдаггүй зүйл.

Маргарин бол транс тос. Идэхэд нэлээд зөөлөн эвтэйхэн учраас хүмүүс дуртай байдаг.

Транс тосыг хэрэглэж эхэлснээс хойш зүрх судасны өвчлөл эрс нэмэгдсэн. Дэлхий нийт энэ тосны хор хөнөөлийг аль эрт судлаад тогтоочихсон. Зарим улс орон бүтээгдэхүүнийхээ хаяг шошгон дээр тусгай тэмдэг тавих, мөн бичихийг журамласан байдаг.

-Энэ тосыг хэрхэн таних вэ. Сав, баглаа, боодол дээрээ тусгай тэмдэглэгээ байдаг уу?

-Транс тосыг хүн амтлаад мэдэхгүй. Органик болон транс тостой масло зэрэгцүүлээд тавьчихсан байхад хэн ч ялгах аргагүй.

Маргарин, цөцгийн тос хоёрыг хольсон байвал ганцхан лабораторийн аргаар л ялгана. Худалдаж авахаас өмнө ялгаж чадахгүй. Гэхдээ гэртээ авч очоод хайлуулаад ялгах боломж бий. Нэгэнт худалдаад авчихсан учраас буцаах аргагүй. Хамгийн гол нь тухайн бүтээгдэхүүний шошгыг маш сайн унших хэрэгтэй. Хаяг, шошгын стандартыг батлах гэж байна. Энэ стандартад тодорхой зааж байгаа.

Бид гаднаас орж ирж буй бүтээгдэхүүний шошгон дээр трансфат гэсэн бичиг байна уу, үгүй юу гэдгийг анзаарах нь чухал.

Трансфатын агууламжийг заавал бичсэн байдаг. Зарим орны бүтээгдэхүүн дээр маш жижгээр бичсэн харагддаг. Энэ бичиглэлийг хүний нүдэнд өртөхөөргүй маш жижиг шриптээр биччихдэг. Тиймээс хүмүүс анзаарч харахгүй байна.

Өөр арга байхгүй. Монголчууд бол зөвхөн хугацааг нь хардаг. Ер нь дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хаяг, шошгыг нь маш сайн уншвал олон мэдээлэл авах боломжтой. Манайд цөцгийн тос элбэг ч үнэ өндөр болохоор үйлдвэрлэгчдэд ашиггүй. Тиймээс хүнс үйлдвэрлэгчид транс тос хэрэглээд байна.

-Үйлдвэрлэгчдийн транс тосны хэрэглээг бууруулахын тулд ямар зохицуулалт хийх вэ?

-Манай зах зээлд транс тосны хэрэглээ элбэг байна. Гэвч нэг өдөр хууль гаргаад, шууд хориглочхож болохгүй. Тэгвэл хүнсний ихэнх үйлдвэр дампуурна. ОХУ 2018 он гэхэд транс тосыг нэг хувь хүртэл бууруулна гэж үзээд байгаа. Тэгэхээр аажмаар бууруулах зохицуулалт хэрэгтэй байна. Бид бэлчээрийн мал аж ахуйн цөцгийн тос хэрэглэдэг ард түмэн. Бид олон сая малынхаа буянаар органик цөцгийн тос хэрэглэх бүрэн боломжтой шүү дээ.

Зураг