Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хар цагаандаа биш хатуу чангадаа асуудал байв

Өглөөний сонин
2016 оны 6 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

Гажуудсан эрүүгийн эрх зүйн тогтолцоог голдрилд нь оруулав

Нэгэн жишээ. Иргэн А нь иргэн Б-ээс 30 сая төгрөгийг зээлэх нэрийдлээр залилан мэхэлж авсан гэмт хэрэг гарчээ гэж бодъё. Хуучин болон шинэ Эрүүгийн хуулийн дагуу энэ хэрэг хэрхэн өрнөхийг танилцуулъя. 

Хуучин хууль: Яллагдагч А-д холбогдох хэрэг нь хохирол ихтэй учир онц хүнд гэмт хэрэгт тооцогдож, 10-аас дээш жилийн хорих ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэнэ. А нэгэнт арван жилээс дээш хорих ял шийтгэгдэх нь гарцаагүй учир хохирлоо нөхөн төлөхгүйгээр хорих ялыг биеэр эдэлнэ.

Харин хохирогч Б нь хохирлоосоо нэг ч төгрөгийг нөхөн төлүүлж чадахгүйгээр хуулийн тогтолцоонд гомдолтой үлдэнэ. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхрийг арайчүү барьтал хөөн хэлэлцэх хугацаа дуусч, тавиад явуулчих тохиолдол цөөнгүй

Шинэчилсэн хууль: Яллагдагч А нь гэмт хэргийн улмаас учруулсан 30 сая төгрөгийн хохирлоо нөхөн төлбөл, хорих ял оногдуулахгүйгээр шүүхээс тодорхой үүрэг хүлээлгэнэ.

Хохирогч Б ч хохирлоо нөхөн төлүүлснээр шударга ёс хэрэгжих нөхцөл бодитойгоор бүрдэнэ. 
Үндсэндээ хохирол нөхөн төлсөн ч, эс төлсөн ч хүнд гэмт хэрэгт заавал хорих ял шийтгүүлдэг учраас нэг нь хохироод нөгөө нь шоронд яваад үлддэг систем үр дүнгүй нь илт.

Ийм л байх ёстой мэт үзсээр ирсэн нь бидний сэтгэлгээнээс гадна эрүүгийн эрх зүйн тогтолцоо гажуудсаныг тодорхой харуулж байна. Хар цагаандаа биш хатуу, чангадаа асуудал байна гэж үзээд хохирогчийн эрхийг хамгаалах, хохирол нөхөн төлөх үр нөлөөтэй механизм бүрдүүлэхэд энэ шинэчлэлийн гол үзэл санаа чиглэсэн юм.

Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа байхгүй болов. Гэмт хэрэг үйлдсэн нөхрийг арайчүү барьтал хөөн хэлэлцэх хугацаа дуусч, тавиад явуулчих тохиолдол цөөнгүй. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар ахин ийм явдал гарахгүй болов. Хэрэг илэрснээр л хугацаа дуусна, хаа хаанаа шударга.

Агаараас шүүрч аваад гэмт хэргийн тухай бичээгүй 

Санаанаасаа зохиогоод Эрүүгийн хуулийг хийчихдэг гэвэл энэн шиг эндүүрэл үгүй. Нийгэмд аюултай 400 орчим гэмт үйлдлийн тухай ярьж байгааг ч хэлэх үү.

Нийгэмд үүссэн хүлээлт, олон жилийн судалгааны ажил, ажлын хэсгийн урт удаан хугацааны хөдөлмөрийг ярих нь зүйтэй.  Наад зах нь найман жил судлагдсан хуулийн төсөл.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, манай улсын бүхий л судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болон эрдэмтэн, судлаачдын Эрүүгийн хуулийн эерэг болон сөрөг үр нөлөө, хэрэгжилтийн талаар хийсэн 10 гаруй судалгаа, 200 гаруй байгууллага, иргэдийн 3,000 гаруй саналд үндэслэн боловсруулж, УИХ баталсан билээ.

Шударга ёсны тогтолцоогоо эргэн харав

Эрүүгийн хуультай хамт яригддаг нэг зүйл бол Өршөөл үзүүлэх тухай хуулийн асуудал юм. Хэрэвзээ бид асуудлаа томоор хараад Эрүүгийн хуулиа шинэчилж, хорихоос өөр олон төрлийн ялтай болж чадвал өршөөл үзүүлэх тухай байнга ярихгүй байх бүрэн боломжтой юм. 
Шорон дүүрэхээр таван жил тутамд өршөөл үзүүлдэг.

Тэр нь эерэг гэхээсээ сөрөг үзэгдэл дагуулж хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд шууд нөлөөлж, зарим хэргийг шалгах, шийдвэрлэх сонирхлыг бууруулж, урмыг хугалдаг сөрөг талтай. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хууль ойр ойрхон гарч буй нь Эрүүгийн хууль, ялангуяа ялын бодлого болохгүй байна, түүнийгээ хууль тогтоогчид хүлээн зөвшөөрч байна аа л гэсэн үг.

Иймээс хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарч зорчих эрхийг хязгаарлах, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага, өсвөр насны хүнд оногдуулах ял, хуулийн этгээдэд оногдуулах ял зэргээр ялын төрөл хэлбэрийг олон, үр дүнтэй болгов.

Энэ шинэчлэл бодитоор хэрэгжиж эхэлбэл хорих ял биечлэн эдлэх явдал наад зах нь 20-30 хүртэл хувиар буурна гэж тооцсон төдийгүй ялын үр нөлөө дээшилж, хохирол барагдуулах тогтолцоо бүрдэнэ. Арван мянган төгрөг хулгайлаад арван жилийн ял авдаг, зуун сая төгрөг завшаад тэнсэн авдаг ийм гажуудсан тогтолцоог Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар шийдвэрлэж чадсан юм. 

Албан тушаалтны үзэмж дагасан авлигыг хазаарлалаа 

Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөө болон бусад ардчилсан нийгмийн харилцааны үнэт зүйлийг хуулиар хамгаалахын тулд Зөрчлийн тухай хуулийг батлан гаргасан юм.

Байдал ийм байв

Одоо үйлчилж буй Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан танхайрах зөрчлийг үйлдсэн бол 15,000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулдаг.

Энэхүү шийтгэлийг оноох эрхтэй гурван албан тушаалтан хэдэн төгрөгөөр торгох, хэд хоногоор баривчлахаа үндсэндээ үзэмжээрээ шийддэг байв.

Монгол Улсад нийт 578 хууль үйлчилж байна. 

Үүнээс шалтгаалж иргэд танил талаараа гуйлгах, авлига, шан харамж өгөх зэргээр аль болох бага хэмжээгээр торгуулах арга саам хайж эхэлнэ. Замын цагдаагийн илрүүлсэн согтуу жолоочийн зөрчилд гэхэд л хамгийн бага хэмжээгээр эрх хасч өгөөч гэсэн гуйлга тасрахгүй жишээтэй.

Байдал ийм болов

Энэ оны есдүгээр сарын 01-нээс хэрэгжих Зөрчлийн тухай хуульд хариуцлагын хэмжээ, төрлийг шууд, тодорхой зааж өгөв. Хуульд 40 мянган төгрөгөөр торгоно гэж заасан бол тэр хэмжээгээр л торгоно. Үүнээс дээш, доош хэмжээ байхгүй гэсэн үг.

Бүх зөрчил нэг хуульд багцлагдлаа

“Танхайрах” гэмт хэрэг, “танхайрах” захиргааны зөрчил гэсэн хоёр ижил нэртэй, шинж бүрэлдэхүүнээрээ төстэй үйлдлийг хууль тогтоогч Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулиудад ялгаагүй хуульчилснаас энэ үйлдлийг хэрхэн шийдэх нь аанай л хууль сахиулагчийн үзэмжээс хамаарч байв.

Зарим ноцтой үйлдлийг “жижиг танхай” гэж үзсэн атлаа үнэхээр ялимгүй шинжтэй үйлдлийг “танхайрах гэмт хэрэг” гэж үзээд таваас дээш жил хорих ял шийтгэж байсан тохиолдол нэлээд хэд бий. Энэ мэтээр хуулийн зөрчил, хийдэл, давхардал их байсан бөгөөд үүнийг арилгах талаар цөөнгүй ажил хийгдсэн ч Зөрчлийн тухай хууль шиг хүчин төгөлдөр үйлчилж буй бүх хуулийг хамарсан кодификаци буюу төрөлжүүлэлт хийгдэж байгаагүй юм.

Монгол Улсад нийт 578 хууль үйлчилж байна. Иргэн эдгээр бүх хуулийг уншиж, судлах боломжгүй. Харин одоо иргэнд зөвхөн Зөрчлийн тухай хуультай танилцсанаар зөрчил үйлдэхгүй байх, өөрийгөө хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, бусдын хууль бус үйлдлийг таньж мэдэн гомдол гаргах зэрэг өргөн боломжууд нээгдэж байгаа юм. 

Өгүүллийг: Хуульч Б.Оюунболд
Зураг