Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Ганц худаг"-ийн энгэрийнхэн буюу Монголын "цагаачид"

Б.Төгөлдөр
2016 оны 6 сарын 20
MorninigNews.mn
Зураг зураг

Монголчууд маань өр нимгэн болохоор гадаадын цагаачдыг ихэд өрөвддөг. Тэгвэл бидний дунд, нийслэлд маань “Монгол цагаач” амьдарч байна. Тэднийг өрөвдөх байтугай, тоож анхаарах төр, захиргааны байгууллага ч алга.

Тэдгээр иргэд ердөө л сонгох эрхээ эдэлж, саналаа өгсний төлөө мартагдчихаад байгаа бөгөөд энэ үед ч мөн л хэнд ч итгэхээ мэдэхгүй байна хэмээж байна. Өөрсдийгөө цагаач иргэдээс ч дор амьдарч байна гэсэн юм. Цагаач гээд байгаа хүмүүс бол Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны зарим өрхийн гишүүд. Тэд хэн нэгэн нь сонгуулийн сурталчилгаагаа хийхээр очиход “амла" гэдэг болжээ.

Учир нь хүмүүсийн хэлж заншсанаар “Ганц худаг”-ийн орчимд орших өрхүүд XXI зуунд цахилгаангүй, худаг усгүй, сургууль, цэцэрлэг, эмнэлгээс алслагдмал, засмал байтугай сайжруулсан ч замгүйгээр амьдарч байна. “Тогтой ч болоосой, хүүхэлдэй үзэх юмсан.

Хичээл амарчихсан болохоор харанхуйтай уралдах хэрэггүй боллоо, ойрхон худагтай бол усаа зөөгөөд л байна” гэхчлэн ярьж буй жаалууд бидний л ирээдүй.

Сонгууль дөхлөө гэсэн ч бүтэх эсэх нь мэдэгдэхгүй баахан амлалтаар тэдний эцэг, эхийн саналыг “худалдаж” авсаар өдгөө тэндхийн иргэд ёстой л залхжээ. Хашаа, хороогүй шахам, хур хогтой хаяа нийлэн, цахилгаангүй, худаг уснаас хол амьдардаг гэхээр эгээ л хэдэн арван жилийн өмнөх шиг дүр зураг сэтгэлд буухаар.

Харамсалтай нь яг ийм амьдралтай энэ иргэд өөрсдийгөө “аль улсын иргэн бэ гэдэгт эргэлзэж" байна хэмээн бухимдаж байлаа. Гэвч тэд нэр хичээгээд эргэн тойрныхон, найз нөхдөөсөө нуух авч, төр засгийнханд бол хэлэх үгээ хэлчихдэг, өргөдөл хүсэлтээ маш олон удаа өгсөн аж.

Гэрээ шатаад дуусахыг хараад зогсож байжээ

“Ганц худаг” орчимд 600 гаруй өрх амьдардаг. Тэдний ихэнх нь Баянзүрх дүүргийн хоёр, 21,27 дугаар хороодод бүртгэлтэй. Гэвч нэн шаардлагатай үед бол ёстой л харьяалалгүй иргэд болж хувирдаг гэнэ.

Оройд ажлаа тараад очиход гэр нь байхгүй, өглөө сэрэхэд хөршийнх нь “нүүчихсэн” тохиолдол олон гарчээ. Үнэн хэрэгтээ нүүх бус хулгайч нар нүүлгээд аваад явчихсан байдаг гэнэ.

“Ганц худаг” орчимд 600 гаруй өрх амьдардаг.

Цагдаагийн байгууллагад хий бүртгүүлээд л өнгөрдөг аж. Гал гарлаа гэхэд Онцгой байдлын албанд дуудлага өгнө. Хаягаа тодорхой хэл, зааж өг гэсээр байтал гэр нь эздийнх нь нүдэн дээр шатаад дуусч байсан гэх.

Төрөх дөхөөд дуудлага өгөхөд ойртож, тодорхой хаяганд оч гэх зөвлөгөө өгдөг гэнэ. Энэ бол “Баянзүрхийн 21 дүгээр хороо, Задгай” гэж хэлэхэд л үүсдэг асуудал. Учир нь тэднийг 2012 онд нүүгээд оччихвол сонгуулийн дараа газарт нь зөвшөөрөл олгож, эзэмшүүлнэ гэж хэлчихээд өнөөг хүртэл таг мартсаны гор. Иргэдийн хувьд онцгой, цагдаа, эмнэлгийнхэнд буруу тохож чаддаггүй гэнэ.

Тэд ч мөн л ажлаа хийж байгаа учраас бухимдлаа гээд ч яах вэ, төр засгийнхан л биднийг үл тоон, орхигдуулж байна гэх гомдлыг тээж байлаа. Тухайн хэсгийг тохижуулж, засмал замтай холбоно гэдэг асуудлыг их л эртнээс ярьсан аж. Харамсалтай нь энэ нь иргэдийн мөрөөдлөөс хэтэрсэнгүй. Бахь л байдаг шороон дундуураа өглөө, орой, өдөр, шөнөгүй алхсаар л, бүдэчсээр л.

Хүүхдүүдийн тухайд бүр ярилтгүй. Гэр бүлээрээ амьдрах таатай нөхцөл гээчийг мэдрээгүй хүүхдүүд сурч, боловсрох эрхээ эдлэхийн тулд заримдаа ч ёстой л “ялтай” мэт асуудал үүсгэдэг ажээ. Дөнгөж 4-5 настай бяцхан жаалыг цэцэрлэгт нь хүргэхийн тулд өглөө 5-6 цагт уйлаан, хэрүүл, аргадалд, аашилж загнах гээд зүсэн зүйлийн авир гаргаж байж сэрээн цэцэрлэгийн зүг явдаг.

Ингэж явахдаа багадаа 1.5 км алхдаг гэж байгаа. Сурагчид бол харьцангуй биеэ даасан гэж байгаа ч хөөрхийс хувь тавилантайгаа эвлэрч буй мэт хол, ойрыг үл анхааран, харанхуйгаас урьтаж хичээлээ хийхийг л илүүд үздэг болжээ.

Ус, цахилгаангүй амьдарч байгаа нь төрийн буруу

Ингээд тус хэсгийн иргэдтэй олон жил холбоотой байж ирсэн Дэлхийн зөн ТББ-ын ажилтан асан Цэрэнпилтэй ярилцлаа. Түүний хувьд байгууллагаа төлөөлж Баянзүрх дүүргийн 2, 9, 21, 27 дугаар хороог хариуцан өрх бүртэй холбоотой ажиллаж иржээ.

-Энэ хэсэг дүүргийнхээ яг хэддүгээр хорооны нутаг дэвсгэрт багтдаг юм бэ. Яагаад ийм хэцүү нөхцөлд амьдарч байгаа юм бол. Энэ байгаа нь суурьшлын бүс мөн юм уу?

-Манай энэ хэсэг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооноос хуваагдаад 21 дүгээр хороо гэж байгуулагдсан. Дээрх хоёр хорооноосоо дахин таслаад 27 дугаар хороо гэж байгуулсан юм. 2012 оны сонгуулийн үеэр энэ орчимд газар олгоно гэсэн учраас иргэд энд суурьшихаар бууцгаасан.

-Тэгээд зүгээр л сонгуулийн үеэр амлалт өгөхөөр нь нүүж ирээд буучихсан гэсэн үг үү?

-Үгүй ээ. Тухайн үед би Нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж байсан хүнд "Та яг юуг нь бүтээж өгөх юм бэ. ИТХ-д дэвшиж, ялалт байгуулсан хүн амлаад байгаа бүхнээ биелүүлнэ гэдэг хэцүү. Та яг бодитой зүйл амлаач" гэж хэлж байсан. Гэтэл тантай жичдээ уулзаж, ярина гэдэг асуудлыг хэлээд өнгөрсөн.

Яах вэ, олны өмнөөс дуугарчихдаг болохоор л намайг тухайн үед тэгж дуугүй болгож байгаа юм л даа. Би өөрөө энэ хэдэн хороогоор 2004 оноос хойш нийгмийн ажил хийж явсан. Анх “Дэлхийн зөн" байгууллагын шугамаар явдаг байлаа.

Тэдний хэрэгжүүлж буй төслүүдийг иргэдэд хүргэхийн тулд хүүхдийн тэжээл зэргийг алхаж, гүйж явж л тараадаг байсан. Дараа нь байгууллагынхаа нийгмийн ажилтан болсон учраас иргэдтэй илүү ойр, дотно байдаг болсон. Тулгамдаж  буй асуудлуудыг нь шийдвэрлэхийн  төлөө гүйж, чадахгүй зүйлийнхээ талаар бол ядаж чиглэл өгдөг байсан. Тийм болохоор манай энэ хавийн / Дарь эх орчмын/ хүмүүс намайг сайн таньдаг болсон.

-Энэ хэсэгт яг хэд орчим айл байна вэ?    

-Ерөнхийдөө 300 гаруй айл бий. Энэ хүмүүс маань өмнө нь, хуучин хоёрдугаар хороонд амьдардаг байснаа энэ орчимд газрын зөвшөөрөл олгоно гэхээр нь нүүгээд ирчихсэн хэрэг. Түүнээс хойш 4-5 жил орчим цахилгаангүй амьдарч байгаа. Та нар анзаарсан бол зарим айл нь хашаагүй. Зөвхөн хашааны шон нь үлдсэн байгаа.    

-Тийм байна лээ.    

-Шон байна гэдэг чинь хашаатай байсны илрэл. Өнгөрсөн өвлийн хүйтэнд эдгээр айлын хүүхдүүд даарсан. Тэгээд гараад мод, нүүрс авна гэхээр замаасаа хол. Хүүхдүүдээ дааруулаад хэн нэгэн нь замаас ирэхийг хүлээгээд байлтай биш гээд хашааны модоо ховхолж авч түлсээр ийм байдалд орсон хэрэг.

-Гэхдээ л хөндлөнгийн хүмүүс харахад арчаагүй юм бэ л гэх байх даа?

-Хэрвээ энэ айлууд үнэхээр арчаагүй байсан бол гэр бариад өөрийн гэсэн өмчтэй болох гэж зөвшөөрөл олгоно гэсэн газар руу нүүхгүй биз дээ.

Цэцэрлэг бол хамгийн ойрхон нь бараг км орчимд бий.

Өмчтэй болчих юмсан, өөрийн гэсэн газар дээрээ гэр, байшингаа бариад, ая тухтай амьдарчих юмсан гэж л ирсэн хэрэг. Би хувьдаа эдгээр айлуудыг харин ч амьдрахын төлөө зүтгэж, өөрсдийн хүчээр яваа гэж хэлнэ. Тиймдээ ч цэцэрлэг, сургууль руу хол гэхгүй явсаар байгаа.

-Ойр хавьдаа цэцэрлэг байтугай сургууль, 6vp худаг ч байхгүй юм аа?

-Цэцэрлэг бол хамгийн ойрхон нь бараг км орчимд бий. Харин 102 дугаар сургууль руу доошоо буюу урагшаа автобусны нэг буудал явж хүрдэг. Худаг ч ялгаагүй. Багадаа 700 метр явж байж усны бараа харна. Энд, тэндээс хог шороо маш их авч ирж хаяна. Тэгээд л энэ хэдэн айлыг байгаа чинээ бодохгүй хогоо асгачихаад арилж одно. Хогны машин байтугай эндхийн хүмүүсийг цагдаа, онцгой байдал, түргэн тусламж ч тоож ирэх нь ховор байдаг юм шүү дээ.

-Үндсэн хаяггүй учраас уу?

-Аль нэгт нь дуудлага өгөхдөө "21-ийн задгай” гэж хэлдэг. Тэгэхээр үнэндээ олж ирж чадахгүй, яг тодорхой хаяг хэл гэдэг шаардлага тавьдаг. Энэ мэтээр хугацаа алдсаар байгаад бүтэн гэр шатаад дуусч л байсан.

Мэдээж ажлаа хийж байгаа, дуудлага хүлээж авч буй хүмүүсийн буруу гэж юу байх вэ. Хүүхдүүдийг нь ч цэцэрлэгт авахгүй, бүртгэхгүй болохоор их хэцүү. Надтай таарахаар, таньж мэддэг болчихсон хүмүүс чинь яах вэ гэдэг асуудал тавьдаг. Сүүлийн өдрүүдэд нэр дэвшигчид ирж уулзаж байгаа. Гэтэл 2012 онд амлалт өгч буух зөвшөөрөл олгочихоод газрыг нь өмчлүүлэх байтугай бүр мартчихсан нь үнэхээр харамсалтай.

-Таны хувьд төрийн бус байгууллагын төлөөлөл болж олон жил ажилласан хүн. Өнгөрсөн хугацаанд энэ орчмын айлуудын амьдрал, ахуй өөдөлсөн үү?

-За өнөөдөр чинь 2004 оноос хойших байтугай, ердөө л 2015 оны зүйл үгүй болчихоод байна шүү. Ус, цахилгаангүй, хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт суралцах боломж нь хязгаарлагдмал байна гэдэг чинь иргэдийн амьдрал уруудаж байна л гэсэн үг. Эдгээр өрхийн иргэд дор бүрнээ ажил, хөдөлмөр эрхлээд өөрийн гэсэн өмч, хөрөнгөтэй болохын тулд төрөөс царай алдахгүй амьдрах гээд байгаа юм.

Гэтэл ядаж наад захын энгийн хэрэглээний цахилгаан болон ус, төрийн анхан шатны үйлчилгээ авах боломжийг нь хангаж өгөхгүй болохоор урам зориг нь мохож байна. Эд нар маань телевиз үзэхгүй байна шүү дээ. Ойр тойрныхоо хүмүүсийн амнаас л мэдээлэл авч байна. Энэ чинь нөгөө талаараа оюуны болоод мэдээллийн хоосролд орж буйн эхлэл.

Монгол Улсдаа харьяалагдаж амьдармаар байна

“Задгай" гэх тодорхойгүй хаягаас болоод эндхийн хүмүүс аль улсын иргэн билээ гэдэгтээ ч эргэлздэг болсон аж. Б.Сувд-Эрдэнэ гэх бүсгүй л гэхэд хүүхдээ хамгийн ойрын цэцэрлэгт өгөхийг хүсчээ. Гэвч цэцэрлэгт нь очиход харьяалалгүй хүүхэд авахгүй. Надад ямар хамаатай юм бэ гээд буцаасан байна.

Тэрбээр “Би хэнд хандах юм бэ. Би Монгол Улсын иргэн хүн шүү дээ” хэмээн бухимдалтай байлаа.

Хүүхдүүдийг нь ч цэцэрлэгт авахгүй, бүртгэхгүй болохоор их хэцүү. 

Тэр байтугай хятад иргэд бол тухайн хэсгээс хойхно нь газар эзэмшээд тоосгоны үйлдвэр ажиллуулаад болоод байдаг аж. Гэсэн хэрнээ монголчуудын хувьд бол тун хэцүү.

Хааяа хогны машин хог ачиж явдаг ч хаяггүй гэдэг шалтгаанаар дээрх өрхүүд болон тэр орчмынхыг үлдээгээд явдаг. Энэ талаар иргэд олон удаа хороо, дүүрэг, нийслэлд хандсан ч тусыг эс олжээ. Б.Сувд-Эрдэнэтэй адил “Би Монгол Улсын иргэн хүн шүү дээ. Заримдаа аль улс, хаанахын иргэн бэ гэдгээ ч мартах шахах юм.

Эх орондоо адлагдаж байхад энд хятадууд тоосгоны үйлдвэр ажиллуулаад амьдарч, бүр ашиг олж байна шүү дээ” гэх хүмүүс зөндөө байна билээ.

Яг энэ цаг үед УИХ-ын сонгуулийн сурталчилгааны өдрүүд үргэлжилж байна. Гэтэл хаяггүй гэдэг шалтгаанаар нэг хорооноос хасалт хийлгээд нөгөөд бүртгэлгүй гэх байдлаар сонгуульд саналаа өгч чадахааргүй болсон иргэд ч энд олон. Сонгох эрхээ ч эдэлж чадахааргүй болчихоод байгаа иргэд төрийн анхан шатны үйлчилгээ авч үзэхсэн хэмээн санааширч байна.

Гадны иргэдэд тусламж үзүүлж, гайхуулж, гийгүүлээд явдаг албан тушаалтнууд ядаж хуучин “Ганц худаг”-ийн ард байгаа хэдэн иргэнээ анхаараад нэг үзээч.

Тэнд монголчууд ядарч, хятадууд задарч амьдарч байна. Эх нутагтаа элэгтэй нь гуйланчилж, энд, тэндээс ашиг хайж ирсэн нь гуядаж амьдарч байхын оронд хэдхэн гэр бүлийнхэндээ газраа өмчлөх эрхтэй болгоод өгчихвөл тэд амьдрах аргаа өөрсдөө олно гэж байна шүү дээ.

Зураг