Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Алтны салбарын шинэ үе

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 6 сарын 17
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Монголын эдийн засагт алтны салбар томоохон үүрэг гүйцэтгэдэг. Тэр тусмаа сүүлийн хоёр жилийн хугацаанд алтны эзлэх “жин” улам нэмэгдэв. Энэ хэрээр нөлөө нь тэлсээр байна. 

Нүүрс, зэсийн үнэ хямдарч байгаа энэ үед ханш нь дэлхийн зах зээлд өсөж байгаа эрэлттэй металлын нэг бол алт. Төсөвт бүрдүүлэх орлого ч өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс нэмэгдсэн. Экспортыг тэргүүлж байсан дийлэнх эрдэс түүхий эдийн үнэ тогтвортой бус байгаа бол алт өөдрөг төлөвөө хадгалсан хэвээр.

“Алт” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас алтны олборлолт өсөж, Монголбанканд тушаасан уг металлын хэмжээ 15 тонныг давж байлаа. Улмаар 2006 оноос алт, зэсэнд 68 хувийн татвар ногдуулж эхэлснээс хойш тушаалт эрс багассан түүх бий. Зарим бүтэгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль тухайн үед хэрэгжих болсноор алтны албан ёсны тушаалт алга болж, далд хэлбэрт шилжсэн гэдэг.

 Энэ үеэс тус салбар дахь хариуцлагагүй уул уурхай газар авч, алт дагасан үймээн идэвхэжсэн гэж үздэг.

Нүүрс, зэсийн үнэ хямдарч байгаа энэ үед ханш нь дэлхийн зах зээлд өсөж байгаа эрэлттэй металлын нэг бол алт. 

Манай улсын хувьд алт валютын нөөцөө бүрдүүлэх гол хэрэгсэл болж ирсэн. Тус салбар экспортын орлогын 9.1, үндэсний валютын нөөцийн 40 хувийг одоогоор бүрдүүлж байна.

Дэлхийн зах зээлийн үнэ өндөр байхад буюу 2007 онд манай улсын алтны олборлолт жилд 17.5 тонн хүрч байсан. Үүнээс хойш буурсаар 2011 онд 5.7 тонн болтлоо уруудсан дүнтэй. Эрх зүйн орчны зохицуулалт өөрчлөгдсөн нь улмаар алтны олборлолт гурав дахин буурахад хүргэсэн юм. Тодорхой хэлбэл, 68 хувийн татвар авдаг болсон үе.

Харин 2012 оноос эхлэн алтны үйлдвэрлэл сэргэж эхэлсэн. Учир нь УИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр Монголбанканд аж ахуйн нэгж, иргэдийн тушааж буй алтны хэмжээ нэмэгдэх болсон. Төв банкны тухайд өнгөрсөн онд дотоодын аж ахуйн нэгж болон иргэдийн гар дээрээс 15.1 тонныг худалдан авсан статистик үзүүлэлт бий. Энэ нь 2010 оны худалдан авалтын дүнтэй харьцуулахад долоо дахин өндөр үзүүлэлт аж.

Монголбанк өнгөрсөн онд 13 тонн алт гадагшаа экспортолж, шууд мөнгөн дүнгээр 420 сая орчим ам.доллараар валютын нөөцийг зузаалав. Энэ жилийн хувьд алт тушаалтын дүн 10 жилийн өмнөх үеийг эвдэх хандлага өндөр байна. Төв банкны гадаад валютын албан нөөц тайлант улирлын эцсийн байдлаар 1.5 тэрбум ам.доллар буюу сүүлийн гурван сарын дунджаар тооцсон импортын долоон сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа юм. Валютын нөөцөө нэмэгдүүлэхэд хуулийн өөрчлөлт чухал үүрэг гүйцэтгэсэн гэж салбарын яамнаас мэдэгдэж буй.

Эрдэс баялгийн эдийн засагч, судлаач Д.Галсандорж дээрх нөхцөл байдлыг дүгнэн “Дотоодын алтны салбарын шинэ үе эхэлж байна” хэмээн тэмдэглэв. Монголбанк 10 жилийн өмнө 15 тонн алт худалдан авч байсныг дээр дурдсан. Тэгвэл энэ онд 20 тонныг худалдан авах урьдчилсан таамаг гаргажээ. Энэ таамаг нь өнөөгийн нөхцөлд бүрэн боломжтой хэмээн тус банкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатар батлав.

Нүүрс, зэс, төмрийн хүдрийн олборлолт удааширч, экспорт саарч байгаа энэ үед алтны олборлолт нэмэгдэж, алт тушаалт даруй сэргээд байгаа нь энэ. Тиймээс тус салбарынхан хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа нь нууц биш ээ. Төв банканд хандаж алт тушаах иргэд, аж ахуйн нэгжийн тоо давхардсан тоогоор нийтдээ 4,000 руу хэдийн дөхсөн. Тэр тусмаа иргэдийн алт тушаалт давхардсан тоогоор хоёр дахин өсөөд байгаа.

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, судлаач Г.Баттулга “Урт нэртэй хууль хэрэгжихгүй удааширч байгаагаас алтны аж ахуйн нэгжүүд хууль бусаар олборлолт явуулж, бичил уурхайчдын үйл ажиллагаа улам идэвхжих байдал давамгайлж байна” гэв.

Улсын хэмжээнд одоогоор 80 гаруй компани, аж ахуйн нэгж алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олборлолт оны хоёрдугаар хагасаас эрчимжсэн аж.

Эдийн засгийн харилцааны гол баталгаа болсон шаргал металл үнэ цэнэтэй хэвээр байгаа юм. 

Эдийн засгийн харилцааны гол баталгаа болсон шаргал металл үнэ цэнэтэй хэвээр байгаа юм. Чөлөөтэй хөрвөх чадвартай валют учраас алтны экспорт манай улсын хувьд одоогийн байдлаар гадаад валютын нөөц бүрдүүлэх нэг чухал эх үүсвэр болдог. 

Олон улсад алтны үнийн талаар судалгаа хийдэг дэлхийн тэргүүлэх 10 банк, санхүүгийн байгууллагын судалгаа, тайланд суурилан 2015-2025 оны алтны үнийн төсөөллийг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Д.Төгөлдөр, Г.Баттулга нар хийжээ.

Эндээс харахад, дэлхийн зах зээл дээрх алтны үнэ 2017 оноос эхлэн тогтвортой өсөх хандлагатай.

Тодруулбал, ирэх 10 жилийн хугацаанд унци алт 1,191-1,350 ам.доллар байх төлөв ажиглагдаж байгааг судлаачид онцолжээ. Манай улсын хувьд алтны тушаалтын хэмжээ 15.5-30 тонны хооронд байх нь. Тэгэхээр одоогийн хэмжээ хоёр дахин өсөхөөр байгаа биз.

Алт олборлолт, тушаалтын хэмжээ болон дэлхийн зах зээлийн үнийн тогтвортой өсөлтийн үр дүнд орлого 2018 онд 789.2 сая ам.доллар байх төлөв гарчээ.

Өнгөрсөн онтой харьцуулахад алтны тушаалтын орлого 2018 онд 35.9, 2020 онд 46.8 хувиар өсөх төсөөлөл хийгджээ. Харин манай улс экспортолсон алтны дийлэнхийг Канад болон Их Британи эзэлж байгаа юм.

Ирэх 10 жилийн хугацаанд алтны экспортын хэмжээ 15.8-40 тонны хооронд хэлбэлзэх төлөвтэй. Өөрөөр хэлбэл, олборлолт эрчимжиж, экспорт нэмэгдэх нь. Экспортын хэмжээ 2017-2018, 2021-2022 онд буурахаар байгаа нь “Оюутолгой” компанийн алтны олборлолт багасахтай холбоотой аж. “Оюутолгой”-н алтны экспорт нь нийт экспортын 19-55 хувийг эзэлдэг юм байна.

Монголын алтны салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 6.5 хувийг бүрдүүлдэг. Төв, Сэлэнгэ болон Өмнөговь аймагт алтны томоохон орд газар, уурхайнууд голдуу байрлаж байна. Мөн олборлолтын дийлэнхийг Сэлэнгэ болон Төв, Өвөрхангай, Булган болон Баянхонгор зэрэг зургаан аймгийн нутгаас олборлож байгаа аж. Ерөнхийдөө Монголын алтны салбарт гарч буй дүр зураг тун өөдрөг хүлээлттэй байна.

Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн бирж” байгуулахаар төлөвлөсөн ч өнөөг хүртэл уг ажиллаж эхлээгүй л байна. Уг нь энэ ажил алтны бирж байгуулах хууль эрх зүйн орчин бүрдэх эхлэл хэмээн салбарынхан үзэж байна. 

Биржийн дэд бүтцэд лаборатори, агуулах, арилжааны төв, тээвэр, брокер, хэрэглэгч, бичил уурхайчин гэсэн оролцоонд түшиглэх аж. Гол зорилго нь үнийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх давуу талтай. Гэхдээ одоогоор төслийн хэмжээнд яваа бөгөөд ажил хэрэг болгох үлдээд байна. Алтны тушаалт цаашид нэмэгдэх хүлээлттэй байгаа нь дотоодын валютын нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Энэ хэрээр ам.долларын ханш нам түвшинд тогтвортой байх боломж бүрдэх эерэг төсөөлөл үүнээс харагдаж байна.

Зураг